ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Баттулга "Цагдаагийн ерөнхий газрийн даргийн тушаалаар Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэх ажлын хэсгүүд шуурхай байх үүднээс 24 цагаар ажиллана. Өнөөдөр улсын хэмжээнд сонгуультай холбогдолтой гэмт хэрэг, зөрчил 162 гомдол бүртгэгдсэнээс нийслэлд 123, орон нутагт 39 бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 56, зөрчлийн шинжтэй 106 байгаагаас нийт 104-ийг нь шийдвэрлээд 58-т нь мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хуулийн 14.8-д заасан Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх гомдол хамгийн түгээмэл ирж байна. “Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт МАН-ын үүрийн байрнаас мөнгө тарааж байна” гэсэн гомдлыг шалгаж үзэхэд бэлэн мөнгө гарч ирээгүй. Харин 224 ширхэг санал өгөх хуудас гарч ирснийг “Сургалтын байдлаар ашигласан” гэсэн тайлбар өгсөн тул бид илүү нарийвчлан шалгаж байна" гэлээ.
Б.Мөнхзаяа