Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Мягмардорж: Монгол Улс олон тулгуурт, энхийг сахисан нээлттэй гадаад бодлогын зарчмаа алдаж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 52 секунд

БНАЛУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн Монгол Улсад хийж буй төрийн дээд түвшиний айлчлалын талаар Олон улс судлаач П.Мягмардоржтой ярилцлаа.

МОНГОЛ, ЛАОС ХОЁР УЛС ОЛОН УЛСЫН ТАВЦАНД НЭГДМЭЛ ЭРХ АШГАА ХАМГААЛЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАХ НЬ ОНЦГОЙ ЧУХАЛАЧ ХОЛБОГДОЛТОЙ

-БНАЛУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит манай улсад айлчиллаа. Төрийн тэргүүний түвшинд Лоас улсын талаас дөрөв дэх удаагийн айлчлал 17 жилийн дараа хийгдэж байгаагаараа онцлог аж. Бид энэхүү төрийн дээд хэмжээний айлчлалаас юуг чухалчилж анхаарах ёстой гэж судлаачийн хувьд та хэлэх вэ?

-Монгол Улсын хувьд гадаад бодлогодоо баримтладаг үндсэн зарчмууд гэж бий. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал 2011 онд шинэчлэгдэн батлагдсанаас хойш тухайн концепцийн дагуу манай улсын гадаад бодлого хэрэгжиж ирсэн. Гадаад бодлогын үндсэн зарчмууд бол олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлого явуулна гээд заачихсан байгаа юм.

Харин гадаад бодлогынхоо үндсэн зорилгыг улс төрийн дипломатын аргаар хэрэгжүүлдэг. Та бүхэн анзаарч байгаа бол 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш манай улсын гадаад бодлого нээлттэй, олон тулгуурт байдлаар маш шуурхай явж ирсэн.

Ялангуяа 2022 онд болсон Орос- Украины мөргөлдөөний дараагаас Олон улсын харилцааны дэг жаяг нэлээд төвөгтэй болж эхэлсэн л дээ. Энэ үед бага, буурай орнуудын хувьд улс орнуудтай харилцах бодлогоо саармагжуулж, нөгөө талд зарим улс орнууд бүр идэвхжүүлэх шаардлагатай болсон. Монгол Улсын хувьд Орос-Украины дайны хүнд үед тэр тусмаа хоёр том хөрш орны дунд байгаа нөхцөлд гадаад бодлогоо саармагжуулах уу, аль эсвэл идэвхтэй явуулах уу гэдэг сонголттой нүүр тулсан. Тиймээс бид зарчмын хувьд олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн нээлттэй гадаад бодлого явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байна.

Энэ зарчмын дагуу өнгөрсөн онд Ерөнхийлөгч Зүүн өмнөд Азийн орон болох Вьетнам болон БНАЛУ-д айлчилсны хариу болгож энэ удаагийн БНАЛУ-ын төрийн тэргүүн манай улсад айлчилж байна. Төрийн тэргүүний түвшинд 17 жилийн дараа хийгдэж байгаа дээд түвшиний айлчлал гэдгээрээ онлцог..

-БНАЛУ-тай Монгол улс анх 1962 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Худалдаа, эдийн засаг, зээл тусламж, болосврол, нийгмийн салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн түүхтэй аж. Цаашид хоёр орны харилцаа аль чиглэлд илүү сайжрах шаардлагатай гэж хардаг вэ?

- Лаос улстай дипломат харилцаа тогтоосноос хойш нэг жаран өнгөрсөн байна. Яагаад бид энэ улстай хамтын ажиллагааны харрилцаа тогтоох нь чухал вэ гэдгийг хэд хэдэн өнцгөөс тайлбарлъя. Нэгт, төрийн тэргүүнүүдийн дээд түвшиний уулзалт, яриа хэлэлцээ маш чухал. Энэ нь эргээд гадаад бодлогын шийдвэрт чухал үр дүнгээ өгч байдаг. Энэ ч агуулгаараа өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛУ-д айлчлахдаа төрийн тэргүүнд нь урилга өгсний дагуу энэ удаагийн Лаосын төрийн тэргүүний айлчлал хийгдэж байгаа.

Бид 1961 онд НҮБ-т элссэн. Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдөх зарчмын дагуу олон улсын харилцааны бодлогоо бид өргөжүүлж ирсэн. Тухайн үед Лаос улс Монгол улсыг НҮБ-т элсэхэд маш ихээр дэмжиж, хоёр тал олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжсэн. Тиймээс цаашид ч худалдаа, эдийн засаг болоод бусад салбарын харилцаагаа өндөр түвшинд хадгалаад явах ёстой.

Тус улсад хамгийн анх П.Очирбат ерөнхийлөгч айлчилснаас хойш хоёр тал төрийн тэргүүнүүдийн түвшинд дөрөв дэх удаагаа дээд хэмжээний уулзалт хийж буй нь энэ юм. Онцлогийн хувьд хоёулаа том гүрнүүдээр хүрээлэгдсэн жижиг улс. Энэ нөхцөлд олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биеэ дэмжих шаардлага байдаг. Хоёрт, манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр хөрш оронтойгоо харилцах, мөн гуравдагч хөршийн харилцаагаа хөгжүүлж, өргөжүүлэх явдал юм.

Ялангуяа Азийн улс орнуудтай, Зүүн өмнөд Азийн улс оронтой олон талт дипломат харилцаанд оролцох бодлогыг явуулдаг. Лаос бол АСЕАН-ы гишүүн улс. Бид зүүн өмнөд Азийн улс орнууд буюу АСЕАН-тай тогтоох олон талт дипломат ажиллагааг Лаос улсаар дамжуулж хийх, эсвэл Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харилцахад Лаос улсаас дэмжлэг авах замаар хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжтой тул нэг том гарц гэж хэлж болно.

Гуравт, манай хоёр улс далайд гарцгүй гэдгээрээ онцлог. Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв Улаанбаатар хотод ажилладаг. Уг төвөөрөө дамжуулж бид далайд гарцгүй орнуудын олон улсын харилцаа дахь эрх ашгийг хамгаалах талд хоёр тал бие биесээ дэмжин ажиллах ёстой.

Дөрөвт, хоёр тал худалдаа, эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргах нь чухал. Учир нь Лаос улс 8 сая хүрэхгүй хүн амтай. Далайд гарцгүй улс гэдээрээ онцлог хэр нь зүүн өмнө Азийн улс орнуудтай худалдааны эргэлт сайн хөгжсөн байдаг. Манай улсын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Тиймээс Монгол улс БНАЛУ-тай харилцах цаашдын харилцаа гүнзгийрэх тусам хоёр талд ашигтай. Хэдийгээр жижиг улсууд ч гэсэн олон улсын тавцанд нэгдмэл эрх ашгаа хамгаалж, бие биесээ дэмжээд харилцан ашигтай гадаад бодлого хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж хэлмээр байна.

МОНГОЛ УЛС ОЛОН ТУЛГУУРТ, ЭНХИЙГ САХИСАН, НЭЭЛТТЭЙ ЗАРЧМААСАА УХАРЧ БОЛОХГҮЙ

- Саяхан Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко манай улсад айлчиллаа. Төрийн айлчлал хийхээс хэд хоногийн өмнө тус улс ШХАБ-т нэгдэж орохоо илэрхийлээд байсан нь энэ удаагийн айлчлалд багагүй шүүмжлэл дагуулах шиг болсон. Ялангуяа манай улсын хувьд ШХАБ-т нэгдэх, эс нэгдэх асуудал өөрө их эмзэг сэдэв байдаг шүү дээ. Тэгэхээр тухайн айлчлалын уур амьсгал, үйл явдлуудыг та юу гэж дүгнэсэн вэ?

-Бид Ардчилсан улс гэдэг утгаар нийгэм, эдийн засгийн хувьд шүүмжлэх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ Монголчууд бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Газар зүйн хувьд маш эмзэг байршилтай. Дээр нь эдийн засаг, худалдааны хувьд хоёр хөршөөс хамааралтай учраас гадаад бодлогын шийдвэрүүдийг нэлээд ул суурьтай судалж, шинжлэх ухаанч сууринаас хандаж явуулдаг.

Угаас жижиг улс орнуудын нэг том зовлон нь сонголт заавал хийх, тулгалтад өртөх эрсдэл үүсдэг. Монгол улс ардчилсан орны хувьд нээлттэй, олон тулгуурт зарчим үндэслэж байгаа улсын хувьд гадаад улс орнуудыг ямар нэгэн байдлаар ангилах нь зохимжгүй. Ялангуяа жижиг улсын хувьд гадаад бодлого дээрээ сонголт хийх, том гүрнүүдээс хэн нэгний талд оруулах гэсэн тулгалтууд орж ирдэг хортой. Тиймээс энэ үед бид Монгол улсынхаа ашиг сонирхлыг дээдэлсэн үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалсан, улс төр, эдийн засгийн хараат бус байдлын зарчмуудыг баримтлах нь чухал.

Ардчилсан орон гэдгээрээ иргэд нь ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, сонгууль дөхсөн учраас сөрөг хүчин ч байр сууриа илэрхийлээд гадаад бодлогоос гаргасан шийдвэрүүдийг хэт улстөржүүлээд явж байгаа тал ч бий.

Гагцхүү гадаад бодлогыг хэн нэг нь дураараа шүүмжлэх, шийдвэр гаргалтад оролцоно гэдэг бол эргээд манай улсын олон улсын харилцаан дахь нэр хүнд, хөрш зэргэлдээ болоод гуравдагч хөршийн гадаад бодлого явуулж байгаа улсын хувьд янз бүрийн байдлаар сөрөг дүгнэлтүүд гарах эрсдэлтэй. Тиймээс гадаад бодлогын асуудалд бид нэгдмэл байр суурьтай байх ёстой.

Өмнө нь явуулж байсан бодлогын шийвэрүүдийнхээ залгамж халааг хэвийн үргэлжлүүлэх нь чухал юм. Энэ ч утгаараа өнөөдөр манай улсын гадаад бодлого зохистой хэмжээнд л явж байгаа гэж хардаг.

Гадаад бодлогын зарчим маань өөрөө бусдын нөлөө, ятгалга, саналаар элдэв эвсэл, холбоонд нэгдэхгүй байх юм. Зөвхөн өөрсдийнхөө бодлогоор гадаад улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх л явдал. Тиймээс нэг талаас тодорхой шүүмжлэлүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүмжлэл хэрээс хэтэрвэл улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаанд халтай гэдгийг олон улс орны түүхэн жишээнүүд нотлон харуулдаг.

Олон улсын харилцааны системийг томоохон их гүрнүүд тодорхойлдог. Иймд геополитикийн байдлаа заавал тооцож байж манайх шиг жижиг улсууд гадаад бодлогын шийдвэрүүдээ гаргах ёстой гэдгийг эцэст нь хэлье.

Ярилцсан танд баярлалаа.

НАМУУДЫН “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ: 31 жил ярьсан ядуурлыг бууруулах ЛООЗОН
НАМУУДЫН “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ: 31 жил ярьсан ядуурлыг бууруулах ЛООЗОН
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.