Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Сонгогчийн санал хамгийн бага гээгддэг холимог тогтолцоогоор “Сонгууль надаар дутахгүй“ төлөвтнүүдийг багасгах боломжтой“

Ангилал
Улс төр Сурвалжлага
Огноо
Унших
15 минут 39 секунд

Сонгуулийн сурталчилгаа улс орон даяар эхэлж, иргэд сонгогчдод уйдаах зав өгөхгүйгээр "хөгжөөж" байгаа сурагтай. Харин үүний дараагаар бид зөвхөн өөрийн гэсэн сонголтоо хийх цаг мөчтэйгээ нүүр тулна. Харин нэр дэвшигчдийг сурталчилгааны өдөр хоногтой зэрэгцэн бидний хамгийн чухал сэдэв мартагдаж орхидог. Тэдгээрийн нэг нь сонгууль дахь иргэдийн оролцоо. Ахмад настнуудын дунд сонгуулийн өглөө эртлэн босож, дээл хувцсаа өмсөж сонгуулиа өгөхөөр идэвхийлдэг дүр зураг түгээмэл. Сүүлийн жилүүдэд энэ дүр зураг залуучуудын дунд ч нэмэгдэх болсон нь олны сайшаалыг хүртэх болсон. Гэвч үүний эсрэг талд сонгуульд саналаа өгөхийг төдийлөн ойшоож үздэггүй хэсэг ч бий.

Иргэд сонгогчид бүр өөрийн тойрогт нэр дэвшиж буй хүмүүст өөр өөрсдийн шалгуур, шаардлагыг тавьдаг. Энэ нь ч эргээд сонгуулийн ирц, оролцоонд чухал нөлөө үзүүлдэг гэж хэлж болно. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн тогтолцоо иргэдийн ирц, оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байх боломжтой юу гэдэгт хариулт эрлээ. Учир нь урьд жилүүдэд сонгуульд ирц чухал байсан бол энэ удаагийн сонгуульд ирцээс илүүтэйгээр иргэн таны санал чухал тооцогдох юм. Тэгвэл энэ асуудлыг эх сурвалжууд ямар өнцгөөр тайлбарласныг сонирхъё.

-Энэ сонгуульд санал өгөх 2.2 сая сонгогчийн 50 хувь нь 18-39 насны залуучууд-

2024 онд нийт хүн амын 64 хувь нь саналаа өгнө. Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.239.565 сонгогчдын 50 хувь нь 18-39 насны сонгогчид байна. Харин эдгээр залуус маань өнгөрөгч жилүүдэд хэдэн өндөр ирцтэй оролцож ирсэн талаарх тоон мэдээлллийг сонирхъё.

2012 оноос хойшх сонгуулийн ирцийн мэдээллээс ажиглахад, 18-25 насны залуучуудын хамгийн өндөр хувьтай оролцсон сонгууль нь 2020 оны УИХ-ын сонгуул байгаа юм. Харин бусад цаг үед ихэнхдээ 30-50 хувь хооронд байж иржээ.

Тэгвэл залуусын дунд сонгуульд саналаа өгөх нь тэдний эрх басхүү үүрэг гэх хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг албаныхан ч хэлж буй юм. Ингэхдээ энэ нь зүгээр нэг нийтээрээ нэг өдөр амарч, сонгуулийн байр руу очихын нэр биш гэдгийг онцолж байлаа.

-Сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг нь зүгээр л нэг санал өгөх байр руу очих хэрэг биш. Ирээдүй ямар байх вэ гэдгээ сонгож буй хэрэг-

"Сонгогчдын боловсрол төв"-ийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа дараах байр суурийг илэрхийлж байлаа.

Тэрбээр "Манай улсад сонгуульд саналаа өгөх эсэх нь сонгогчийн эрх байдаг. Харин зарим улс орнуудад сонгуульд очиж саналаа өгөх нь иргэдийн заавал биелүүлэх ёстой үүргүүдийнх нь нэг. Өөрөөр хэлбэл, саналаа өгөөгүй тохиолдолд тодорхой хэмжээний торгууль төлөх, төрийн үйлчилгээ авахыг нь заасан хугацаанд хязгаарлах эсхүл төрийн байгууллагуудад гаргах өргөдөл, гомдол гаргах эрхээ сонгуулийн хугацаанд алдах гэх мэт хариуцлагын асуудлууд яригддаг.

Сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг бол ирээдүй ямар байх вэ гэдгээ сонгож буй хэрэг. Зүгээр л нэг санал өгөх байр руу очих хэрэг биш. Зургаадугаар сарын 28-нд хууль тогтоох байгууллагад илгээх төлөөллөө бид сонгоно. Ямар ч шийдвэр гаргасан тэр сонголт таных л байх ёстой

Хариуцлагагүй төр засаг, муу улстөрчид саналаа өгөөгүй сонгогчдын ачаар төрж гардаг гэдэг. Тиймээс таны санал өөрөө үнэ цэнтэй. Таны саналаа өгөх итгэл үнэмшилд хэн нэгэн хүн халдах ёсгүй. Ямар ч сонголт хийсэн тэр сонголт таных л байх ёстой гэдгийг дахин хэлмээр байна" гэсэн юм.

-БАЙР СУУРЬ: “Ажил, хичээл ихтэй, санал өгөх зав байхгүй“

Тэгвэл сонгогчид тэр дундаа залуу сонгогчид сонгуулиа өгөх талаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

ИРГЭН /Нас 21/: Сонгуульд ач холбогдол өгдөггүй. Өгөхийг ч хүсдэггүй. Учир нь бүгд худалч. Худал амлалт өгч сонгогдчихоод амлалтаа мартчихдаг ийм байхад хэн ч цаг заваа гарздаж сонгууль өгөхийг хүсэхгүй шүү дээ.

Иргэн /Нас 20/: Хичээл ихтэй болохоор одоохондоо сонгуулийн талаар бодох ч сөхөө алга. Саналаа бол өгнө. Харж байгаад залуучуудынхаа төлөөллөөс сонголтоо хийх байх.

Иргэн /20/: Сонгуульд идэвхтэй оролцохыг хичээдэг. Энэ жил саналаа өгнө. Одоохондоо ямар хүмүүс нэр дэвшиж байгааг нь сайн мэдэхгүй байна. Олонхоо л дагах байх. Аав, ээж хэнийг сонгоно. Тэрийг нь л сонгоно доо.

Иргэн /22/: Залуучуудын идэвх бага байдаг нь үнэн. Би ч адилхан. Сонгууль гэдэг залуус бидэнд нэг их хамаагүй, мэддэг ойлгодог хүмүүс нь л тэр улс төрөө хөөгөөд, өөрийгөө л хичээгээд сурах ёстой зүйлээ тултал сураад явахад болно гэж боддог байлаа. Сүүлийн жилүүдэд энэ бодол өөрчлөгдсөн. Хичээж сураад, хичээнгүйлэн ажиллаад байгаа хэрнээ бидний амьдралын чанарт ахиц гарахгүй байна. Энэ бол улс төрөөс шууд хамааралтай юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тиймээс энэ жилээс сонгуульдаа идэвхтэй оролцоно гэж бодож байгаа.

Иргэн /35-аас дээш/: Сонгуульд маш их ач холбогдол өгч саналаа өгдөг. Улс орон оршин тогтноход сонгууль шиг хэрэгтэй зүйл байхгүй. Харин муу хүмүүс гараад ирэхээр л дараа нь гутраад байдаг юм. 2020 онд ээ дээ мөн ядарсан юмнууд гараад ядраад дуусгалаа даа. Өнхөрч унаж, бүдэрсээр байгаад сонгуулийн хугацаа нь маргааш нөгөөдөр дуусах юм шиг байна. Дараагийнх нь ямар хүмүүс гардаг юм бол доо. Залбирч л суухаас даа.

Иргэн /35-аас дээш/ Өнөөгийн монголын нийгэмд учраад байгаа бүх асуудал бидний сонголтоос шалтгаална. Бид сонголтоо зөв хийж чадахгүй байгаагийнхаа горыг өнгөрсөн жилүүдэд хангалттай амссан. Тухайн үеийн мөнгө төгрөг, эд материал, сайхан амлалт, уран цэцэн үгэнд итгэж сонголтоо хийчихдэг. Үүнийгээ л больчих хэрэгтэй. Энэ хүн ямар асуудал дэвшүүлж байна. Түүндээ хүрэхийн тулд юу хийж чадах вэ. Хувь хүн хүмүүжил нь ямар вэ. Мэдлэг боловсрол нь хэр вэ гээд асар их судалгаа хийж, эцсийн сонголтоо хийх хэрэгтэй. Улс төрийн хүчнүүдэд уриалахад монголчууд цөөхөн. 3-хан сая хүн амыг тэжээж чадахгүй, ажилтай байлгаж чадахгүй байгаа нь улс төрчдийн буруу гэж ойлгож байна.

-Холимог тогтолцоонд сонгогчийн санал хамгийн бага гээгддэг. Саналаа өгсөн ч миний дэмжсэн нам, улс төрч сонгогдоогүй гэдэг шалтгаанаар сонгуульд оролцохгүй болчихдог иргэдэд энэ давуу талыг ойлгуулж сурталчилах хэрэгтэй-

9 дэх удаагийн УИХ-ын сонгуульд бид сонгуулийн холимог тогтолцоог ашиглаж, тойрог болон жагсаалтаас өөрсдийн дараагийн 4 жилд парламентад илгээх төлөөллөө сонгох учиртай. Тэгвэл сонгуулийн тогтолцооны онцлогоос хамаарч иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар улс төр судлаач Б.Цолмонбаяр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Манай улсын хүн намын 40 гаруй хувийг бүрдүүлдэг залуучуудын сонгуульд саналаа өгөх ирц тун бага байгаад анхаарах ёстой. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 18-35 насны залуучуудын ирц 50.1 хувьтай үүн дотор 20-24 насны бүлгийнхэн хамгийн бага ирцтэй байсан байна. Хоёр залуу тутмын нэг нь л саналаа өгдөг гэсэн үг.

Холимог тогтолцооны давуу тал нь санал гээгдэхийг багасгадаг. Саналаа өгсөн ч миний дэмжсэн нам, улс төрч сонгогдоогүй гэдэг шалтгаанаар сонгуульд оролцохгүй болчихдог иргэдэд энэ давуу талыг ойлгуулж сурталчилах хэрэгтэй.

Залуучуудыг сонгуульд оролцуулдаг болохын тулд тэднийг сонсох хэрэгтэй. Сонгогчид сонгуульд саналаа өгөхгүй байгаа нь тогтолцооны, сонгогчийн боловсрол харилцан адилгүй зэрэг бусад хувийн олон шалгаантай холбоотой.

Оролцохгүй байх шалтгааныг судалж байж олон арга хэмжээ авах ёстой. Юун түрүүнд иргэд сонгогчдынхоо улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд улс төрийн намууд манлайлж ажиллах ёстой. Улс төрийн нам бол төрд хүний нөөцийг бэлтгэж нийлүүлдэг гол институт. Тиймээс гишүүд дэмжигчид, иргэдэд сонгууль гэж юу болох, яагаад оролцох ёстой юм, оролцохгүй бол ямар үр дагавартай талаар сургалт зөвлөгөө өгч ажиллах хэрэгтэй. Залуучуудын дунд хийсэн фокус бүлгийн ярилцлагын явцад дийлэнх оролцогчид улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага, нам клубээс ийм төрлийн зар, мэдээлэл авч байгаагүй гэж хариулж байсан нь өнөөдөр манай улсын улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагаа дулимаг байгааг харуулж байна. Мөн бусад улс орнууда саналаа өгөхөд процесс нь сонгогчдод чирэгдэлгүй, технологи ашигласан хэлбэрээр зохион байгуулж байгааг анхаарч, манай улс ч үүнийг нэвтрүүлж ажиллах шаардлагатай байна" гэв.

-Залуучууд намыг үзэн ядах биш, илүү сайжруулж чанартай институт байлгахын тулд хянаж, шаардах хэрэгтэй-

Харин сонгуулийн тогтолцоотой уялдуулан залуусын дунд сонгогчийн боловсрол болоод оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, судлаач М.Энхбадралаас тодрууллаа.

-Нийт сонгогчдын 50 хувь нь 18-39 насны залуучууд байна. Энэ удаагийн сонгуулийн тогтолцооны өөрчлөлт болон түүний давуу тал ач холбогдлыг залуучуудын идэвх оролцоотой хэрхэн уяж өгөх боломжтой вэ?

-Залуу сонгогчдын ирц, оролцоо өмнөх сонгуулиудаас өсөж байгаа. Үүнийг онцлох нь зүйтэй. Хэдийгээр бусад насны бүлгүүдтэй харьцуулахад оролцоо доогуур байгаа ч залуучуудын сонгуульд үзүүлэх нөлөө хамгийн өндөр байдаг. 2016, 2020 оны сонгуульд саналаа өгсөн сонгогчдын хүрээнд авч үзвэл хамгийн жин дардаг нь залуучууд. Залуучуудын тал нь саналаа өгөхөд л нийт саналаа өгч буй ахмадуудаас олон байдаг гэсэн үг. Тиймээс залуучууд оролцдоггүй, нөлөөлдөггүй гэх нь өрөөсгөл ойлголт. Нөгөөтээгүүр насны бүлгээр ангилж талцуулах нь зохисгүй.

Сонгуульд ялахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон улс төрчдийн элдэв сурталчилгаа, тархи угаалт нь эцэстээ нийгмийг маш их талцуулж, задалж байна. Намын гишүүнчлэлээр, хот хөдөөгөөр, хүйсээр, хөгшин залуугаар нь ангилж талцуулж, хагалж болох бүх хэсгээр нь нийгмийг задалдаг. Эцэст нь нийгэм илүү их талцаж задарсан, үл эвлэрэх хэсгүүдэд хуваагддаг. Улс төрчдийн чанарыг тэд нийгмийг хагаралдуулж байна уу, эсвэл нэгтгэж байна уу гэдгээр нь хэмжиж болно.

Мөн тоглоомын дүрэмд томоохон өөрчлөлт орсон. Энэ удаагийн сонгуульд сонгогч нь нэр дэвшигч болон намд тус бүр саналаа өгнө. Тойрогт 78, жагсаалтаас 48 хүнийг сонгоно. Иймд хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцооны үр дүнд парламентад олон намын төлөөлөл орох, сөрөг хүчний байр суурь нэмэгдэх төлөвтэй байна.

126 гишүүнтэй болохтой холбогдуулах УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр УИХ дахь намын бүлгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Тиймээс ирэх парламентын чанар их хуралд суудалтай намуудын бодлого, чадавх, дотоод засаглалаас шууд хамаарна.

Цаашилбал намуудыг илүү хариуцлагатай, бодлогын нам болгож төлөвшүүлэх, ил тод, ардчилсан байхыг шаардах нь бидний засаглалын ирээдүйг тодорхойлно. Иймд залуучуудад намыг үзэн ядах биш, илүү сайжруулж чанартай институт байлгахын тулд хянаж, шаардах хэрэгтэй.

-Залуусын улс төрийн боловсролыг нэмэгдүүлж, саналаа өгч оролцоотой байх соёлд хэрхэн дадаж, хэвшүүлэх вэ?

-Сонголт хийхдээ цаг гаргаж, хариуцлагатай хандах нь чухал. Чухам юу хийдэг, бас юу хийдэггүй хүнийг сонгож байгаагаа мэдэх хэрэгтэй. Жишээ нь УИХ-ын гишүүнд иргэдийг ажилд оруулах, зам засах, сургууль барих шууд үүрэг байхгүй. Харин хууль батлахад иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөх, хуулийн хэрэгжилт болоод гүйцэтгэх засаглалд хяналт тавих ажлыг таныг төлөөлөн гүйцэтгэх нь тэдний үүрэг.

Тэд бидний саналыг авч ажилд ордог. Өөрөөр хэлбэл бид тэдний ажил олгогч нь. Тиймээс иргэд бид зөвхөн сонгуулиар хариуцлага тооцох бус өдөр бүр тэдний ажлыг хянаж, биднийг төлөөлөн хариуцлагатай ажиллахыг шаардах зүй ёсны эрхтэй.

Сонгуулийн үеийн сурталчилгааг харахаас илүү өнгөрсөн 4 жилийн улс орны бодит байдал, өөрсдийн амьдралыг дүгнээрэй. Товчхондоо эрх баригчдын ажлыг дүгнээд сайн бол үргэлжлүүлж, муу бол солих нь л ардчилсан сонгуулийн мөн чанар гэдгийг санаарай.

Тавдугаар сард хулгайлах гэмт хэрэг буурч, мансуурсан үедээ машин жолоодсон хэрэг өсжээ
Тавдугаар сард хулгайлах гэмт хэрэг буурч, мансуурсан үедээ машин жолоодсон хэрэг өсжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.