Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж “Go Mongolia” үндэсний шинэ брэндээр дамжуулан Соёлын яам холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр олон талт ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ хүрээнд “Go Mongolia” үндэсний брэнд - Их Британийн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Манай улсад өчигдөр хүрэлцэн ирсэн “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцертай албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлэх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Хэвлэлийн хуралд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд болон хүндэт зочин Марк Шварцерийг дагалдан ирсэн сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид байлцлаа. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн хамгийн олон үзэгчтэй Премьер лигийн “Фүлхэм” клуб лигийн 2024-2025 оны улирлын турш “Go Mongolia” үндэсний брэндийг албан ёсны түншээрээ зарлаж, бэлтгэлийн албан ёсны хувцас, хэрэгсэл дээрээ “Go Mongolia” үндэсний брэндийн логог байршуулж, энэхүү хамтын ажиллагаа албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээний сувгуудаараа сурталчилж, өөрийн талбайдаа хийх бүх тоглолтынхоо үеэр “Go Mongolia” үндэсний брэндээр дамжуулан Монгол Улсыг дэлхий даяар сурталчлах болсонд туйлын их баяртай байна” гэлээ.
Харин хүндэт зочин Марк Шварцер “Монголд ирэх үнэхээр сайхан байна. Танай улсын Соёлын яамтай хамтран ажиллах болсондоо талархалтай байна. Бидний хамтын ажиллагааны хүрээнд бид 2024 оны шинэ улиралд бид бүхэн танай улсын үндэсний брэндинг “Go Mongolia”-тай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Цаашлаад бид мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчдыг Монголоос бэлдэх бөгөөд Фүлхэм клубийн албан ёсны клубийг Монгол Улсад нээх болсныг дуулгахад таатай байна“ гэлээ.