Дэлхийн хөнгөнатлетикийн холбооноос ( World Athletics) өнөөдөр буюу 2024 оны зургадугаар сарын таванд "Парис-2024" Зуны олимпийн наадмын хөнгөнатлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрсийг эцэслэн зарлалаа.
Б.СЭР-ОДЫН ДОМОГ ҮРГЭЛЖИЛСЭЭР
Өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 5-нд "Парис-2024" Зуны олимпийн ХХХIII наадмын марафон гүйлтийн эрх олгох тэмцээнүүд өндөрлөж, наймдугаар сарын 10( эрэгтэй), 11(эмэгтэй) Францын нийслэлд хурд, тэсвэр тэвчээрээ сорих марафончдын нэрс үндсэндээ тодорлоо.
Дэлхийн хөнгөнатлетикийн холбоо( World athletics) , ОУОХ-ноос "Парис-2024" олимпод эрэгтэй , эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин ( гэхдээ нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурваас илүүгүй) оролцох журам гаргасан. Эрэгтэйчүүд 2 цаг 08 мин 10 сек дотор, эмэгтэйчүүд 2:26:50 дотор амжилт үзүүлсэн байх entry standart-тай.
Хэрэв оролцох стандарт буюу болзол биелүүлсэн тамирчдын тоо 80 -аас цөөн байвал Дэлхийн чансааны онооны дарааллаар олимпод оролцох марафончдын квотыг олгох журамтай.
Эрэгтэйчүүдээс entry standart-ийг биелүүлсэн тамирчдаас нэг улсааас гурваас илүүгүй ( эрэгтэй марафонд Кени-ээс 77, Этиофоос 62, Японоос 27 тамирчин оролцох стандарт биелүүлсэн ) тамирчин оролцох журмын дагуу 70 марафонч дээр Дэлхийн чансааны оноогоор 10 тамирчин олимпийн эрхээ авсны дотор Монголын тамирчин Бат-Очирын СЭР-ОД ( дасгалжуулагч О.Оюунтуяа) 1169 оноогоор 80-д багтаж Олимпийн наадамд зургаа дахь удаагаа оролцох эрхээ авлаа.
Б.Сэр-Од Хофү марафон ( 2:10:11), Осака (2:10:10) гүйж, өндөр оноо авч , 74-д бичигдэж байсан нь эцсийн дүнд ихээхэн нөлөөллөө.
Марафон гүйлтээр (42.195 км) Олимпийн наадамд зургаан удаа оролцсон түүх дэлхийд байхгүй. Тэгвэл энэ түүхийг Монголын тамирчин, монгол хүн 42 настай ( 10 сард 43 нас хүрнэ) Б.Сэр-Од маань бичих цаг айсуй.
Спортын хамгийн хүнд төрлийн нэг тооцогддог, тамирчин хүний тэсвэр тэвчээр, зориг, уйгагүй хөдөлмөрийг дээд зэргээр сорьдог марафоноор 22 жилийн турш олимп, дэлхийн хэмжээнд гүйж буй Сэр-Од маань өнгөрсөн жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцсон манай гарагийн анхны марафонч болсон домогт тамирчин. Түүний домог одоо олимпод үргэлжилнэ.
Гайхалтай, гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв. Парисын олимпод Б.Сэр-Одоос гадна манай хоёр марафонч бүсгүй олимпийн стандартыг биелүүлсэн.
2024 оны гуравдугаар сарын 3-нд болсон Токио марафонд Галбадрахын ХИШИГСАЙХАН ( дасгалжуулагч О.Оюунтуяа) 2:26:32 амжилтаар, гуравдугаар сарын 17-нд Баярцогтын МӨНХЗАЯА Сөүл марафонд 2:24:45 амжилтаар олимпийн эрхээ өвөртлөөд байсан билээ.
Сонирхуулахад эмэгтэй марафонд Этиофийн 112, Кенийн 78, Японы 28 тамирчин олимпийн стандарт биелүүлсэн ч мөн л улс бүрээс гурав гурван л марафонч улсаа төлөөлөн Францыг зорих юм.
Эх сурвалж: Таван цагариг сонин. Сэтгүүлч Ц.Энхтүвшин