Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “цагаан сонголт“ аль ч нам, улстөрчдийн “олз“ болох ЧАДАМЖГҮЙ болсон

Ангилал
Улс төр Сурвалжлага
Огноо
Унших
13 минут 33 секунд

20 гаруйхан хоногийн дараа бид дараагийн 126 гишүүнтэй парламентад илгээх төлөөллөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуульд бид холимог тогтолцоог ашиглахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж баталсан. Харин сонгууль дөхсөн эл өдрүүдэд олон нийтийн сонголтод нөлөөлөх гэсэн улс төр, суртал ухуулгууд газар авдаг нь нууц биш. Үүний нэг хэлбэр нь, "цагаан сонголт" буюу хоосон саналын хуудас уншуулахыг уриалах явдал. Начир дээрээ "цагаан сонголт" хийх эрх сонгогчид бий. Гэхдээ түүнийг өөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшилдээ суурилан хийх эрхтэй. Нэг ёсондоо, сонголт сонгогчдын гарт. Тэгвэл бидний мэдэх "цагаан сонголт" гээч нь ямар ЧАДАМЖТАЙ болохыг сурвалжилж, иргэдийн байр суурийг ч сонслоо.

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүхэндээ хамгийн их буюу 71 мянган иргэн "цагаан сонголт" хийжээ-

Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ЦАГААН СОНГОЛТ өгсөн байдал

Азийн сангаас хийсэн "Монгол Улсын сонгууль 1992-2021" эмхэтгэлд "УИХ-ын сонгуультай адил Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох сонгогчдын ирц багасаж буй нь хэвийн үзэгдэл болоод байна. Мөн 2013 оноос эхлэн сонгогчид санал тэмдэглэлгүй саналын хуудсаа уншуулах буюу цагаан сонголт хийх нь ихэссэн. Дээрх хоёр хандлага нэгдэн Ерөнхийлөгчийн эрх мэдэл, нэмэгдсэн хэдий ч олон нийтээс авах дэмжлэг нь багасаж байгааг илэрхийлнэ" хэмээн дурджээ. Ингэхдээ үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад, "цагаан сонголт" хийх иргэдийн тоо нэмэгдсээр иржээ. Хамгийн өндөр байсан нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон 2021 оны сонгууль байгаа юм. Тухайн үед АН-аас тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ, "Зөв Хүн Электорат Эвсэл"-ээс Д.Энхбат, МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшиж байв. Хамгийн сонирхолтой нь сонгуулийн дүнгээр гуравдугаарт жагссан С.Эрдэнийн авсан саналын тоо "цагаан сонголт" хийсэн иргэдийн дүнгээс бага байж олны анхаарлыг татаж байсан.

-ЦАГААН СОНГОЛТ = 2374-

Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар нийт санал өгсөн сонгогчдын 0.16 хувь буюу 2374 иргэн "цагаан сонголт" буюу хоосон саналын хуудас өгчээ. Иргэдийн хувьд эл сонголтыг ихэнхдээ эсэргүүцлийн шинжтэй үйлдэл хэмээх агуулгаар харж хийх нь элбэг.

-ИРГЭД: "Цагаан сонголт"-оос илүү бодит хийсэн сонголт нь бидэнд ач тустай-

Тэгвэл иргэд "цагаан сонголт"-д ямар байр сууринаас ханддаг талаар сонирхлоо. Тэдний дийлэнх нь нэр дэвшигчдийг маш сайн судалсны үндсэн дээр тодорхой сонголт хийх нь зөв гэдгийг онцолж байлаа.

БАЙР СУУРЬ: Иргэд

Иргэн: "Цагаан сонголт" дэмий гэж залуус, дүү нартаа хэлмээр байна. Ямар нэгэн байдлаар өөрийн чинь санал хүчингүй хэлбэрт орж байгаа учраас бодолтой хандсан нь зөв байх. "Цагаан сонголт"-оос илүү бодит сонголт нь бидний ирээдүйд ач тустай.

Иргэн: "Цагаан сонголт" хийвэл дахиад л сонгууль хийх нөхцөл бүрдэнэ. Манайх шиг эдийн засаг тааруу улс оронд дахин зардал гаргана гэдэг тохиромжгүй. Тэр хэмжээгээрээ эдийн засгийн дарамт болох болов уу гэж харж байна. Тийм учраас боломжтой, мөрийн хөтөлбөр нь таалагдсан сонгогчдоо саналаа өгөх нь зүйтэй.

Иргэн: Би энэ асуудлыг дэмждэггүй. Нэр дэвшиж буй зөндөө л хүн байна шүү дээ. Сайн бодсоны үндсэн дээр өөрийн чинь итгэл үнэмшилд хамгийн дөхөм байгаа нэр дэвшигчдээ бодит сонголтоо өгөх нь чухал байх.

Иргэн: Тийм сонголт хийх ямар шаардлага байгаа юм бэ. Хүн бүр улс орныхоо төлөө байгаа нөхцөлд аль нэг нэр дэвшигчийг нь сонгох хэрэгтэй л гэж бодож байна. "Цагаан сонголт" байх ёсгүй гэж үздэг.

-Сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж буйтай холбоотойгоор "цагаан сонголт" сонгуулийн үр дүнд тийм ч их нөлөө үзүүлэхгүй-

Харин "цагаан сонголт"-ын нөлөөллийн талаар "Сонгогчдын боловсрол төв"-ийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа дараах байр суурийг илэрхийлж байлаа.

-Юун түрүүнд уншигчдадаа "цагаан сонголт" гэж юу болох талаар товчхон мэдээллийг хүргэх нь зөв байх гэж бодлоо. Зарим хүмүүс хүчингүй болсон саналын хуудас гэж ойлгох юм билээ?

-Сонгуулийн тухай хуулиар сонгогч саналын хуудаст огт тэмдэглэл хийгээгүй тохиолдолд хүчинтэйд тооцогддог. Үүнийг бид "цагаан сонголт" гэдгээр яриад заншчихсан. Ер нь сонгуульд оролцох, эс оролцох, сонгуульд оролцож буй улс төрийн намыг дэмжих, эс дэмжих нь сонгогчийн эрх шүү дээ. Өөрөөр хэлбэл, сонгуультай холбоотой олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын Үндсэн хуулиар сонгох эрхээ чөлөөтэй эдлэх боломжоор хангагдсан байх ёстой. Тэгэхээр тухайн иргэн сонгох эрхийнхээ хүрээнд санал өгөх байранд очиж байгаа боловч нэр дэвшигч нараас хэн нь ч таалагдахгүй эсхүл хэнийг нь ч дэмжихгүй гэж үзэж байгаа нөхцөлд саналын хуудсаа хоосон өгч болдог. Энэ нь сонгуулийн чөлөөт байдлын зарчмыг хангаж байгаа хэрэг шүү дээ.

-Гэвч сонгууль дөхөхөөр "цагаан сонголт" хийхийг уриалсан хэсэг нийгэмд гарч ирж, иргэдийн сонголтод нөлөөлөхийг оролдож буй дүр зураг давтагдах боллоо. Энэ байдлыг та юу гэж харж байна вэ. Ер нь сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор "цагаан сонголт" сонгуулийн үр дүнд ямар нөлөөтэй юм бэ?

-Сонгуульд оролцох болон оролцохгүй байхыг уриалах нь Сонгуулийн тухай хуулиар хориотой байдаг. Харин тодорхой нам, эвслийн уриалж буй агуулгад "цагаан сонголт" хийх агуулга багтаж байгаа тохиолдолд иргэд үүнд тодорхой цензуртай хандах ёстой. Энэ удаагийн сонгуульд бид сонгуулийн холимог тогтолцоог ашиглаж байна. Үүнтэй холбоотойгоор пропорциональ системээр 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно. Энэ тохиолдолд хүчинтэй саналын хуудаснаас л сонгуулийн дүнг гаргадаг. Хэдийгээр сонгуулийн хуудсаа хоосон өгөх нь хүчинтэй саналын хуудаст болон санал өгсөн сонгогчийн тоонд багтаж байгаа боловч тоологдохдоо "тэг" гэж тоологдоно. Тиймээс "цагаан сонголт"-ын сонгуулийн үр дүнд үзүүлэх нөлөөлөл нь бага.

Харин мажоритар тойрог дээр 2-10 мандат бүхий 13 тойрог дээр нэр дэвшигчийг сонгоно. Ингэхдээ тухайн тойргийн нэрийн жагсаалтад багтсан сонгогчдийн 50 хувь нь сонгуульд оролцсон тохиолдолд аль нэр дэвшигч гишүүн болох вэ гэдэг нь мандатын тоогоор таслагдаад шийдэгдэнэ.

Энэ тохиолдолд "цагаан сонголт"-ын саналын хуудас хүчинтэйд тооцогдох ч санал нь "тэг" гэж тоологдоно. Өмнө нь бид мажоритар тогтолцоогоор тойргийн сонгогчдын 25-28 хувийн дэмжлэгийг авч байж УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцдог байсан. Одоо ийм босго байхгүй. Тэгэхээр сонгуулийн байранд очиж саналаа өгсөн сонгогчдоос олонхоор буюу нэгээр илүү санал авахад л УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно. Энэ тохиолдолд ч "цагаан сонголт" сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлэхгүй.

Саналын хуудаст саналаа тэмдэглээгүй байхад хүчинтэй хуудаст тооцож байгаа нь сонгуулийн үндсэн дөрвөн суурь зарчмын нэг болох чөлөөт байдлын зарчимтай л нийцэж байгаа хэрэг.

Манай улсад сонгуульд саналаа өгөх эсэх нь сонгогчийн эрх байдаг. Харин зарим улс орнуудад сонгуульд очиж саналаа өгөх нь иргэдийн заавал биелүүлэх ёстой үүргүүдийнх нь нэг. Өөрөөр хэлбэл, саналаа өгөөгүй тохиолдолд тодорхой хэмжээний торгууль төлөх, төрийн үйлчилгээ авахыг нь заасан хугацаанд хязгаарлах эсхүл төрийн байгууллагуудад гаргах өргөдөл, гомдол гаргах эрхээ сонгуулийн хугацаанд алдах гэх мэт хариуцлагын асуудлууд яригддаг.

Манай улсад ийм зүйл байхгүй. Ингэхдээ саналын хуудас дээр нь санал тэмдэглэхгүй байх боломжийг нь хангаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, санал өгөх байранд очих нь үүрэг боловч нэр дэвшигчдийг дэмжихгүй тохиолдолд NoVote буюу сонгохыг хүсэхгүй байна гэх хэсэгт сонголтоо бичиж болдог. Манай улсын саналын хуудасны загвар ийм биш учраас аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байгаа тохиолдолд "цагаан сонголт" хийх нь нээлттэй.

-"Цагаан сонголт" өндөр хувьтай байгаад ч сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй учраас сонгуулийн зардалд өөрчлөлт гарахгүй-

"Сонгогчдын боловсрол төв"-ийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа

Сонгуулийн санал өгөх хуудас нь тусгай нууцлалтай, үнэт цаас. Зөвхөн энэ удаагийн УИХ-ын сонгуулийн зардал л гэхэд улсын төсвөөс 32 тэрбум, нэмэлтээр 8.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдэж буй. Өөрөөр хэлбэл, 40.8 тэрбум төгрөгийг зарцуулна. Харин нэг сонгогчид ногдох зардал нь 14 мянга гаруй төгрөг. Гэтэл төсөрхөн төсөвтэй улс байтал иргэд нь Үндсэн хуулиар олгогдсон эрх нэрийн дор "цагаан сонголт" хийх нь өөрсдийн сонгох эрхээс гадна гарч буй зардлыг базаад хаяж буй хэрэг болж байна.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжихгүй байж болох ч үүнийг эсэргүүцэх шийдэл нь "цагаан сонголт" болж чадахгүй хэмээн албаныхан нь учирлаж байна.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд "цагаан сонголт"-той холбоотойгоор нэмэлт зардал бий болох эрсдэл бий эсэхийг "Сонгогчдын боловсрол төв"-ийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяагаас тодруулахад "Сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг бол ирээдүй ямар байх вэ гэдгээ сонгож буй хэрэг. Зүгээр л нэг санал өгөх байр руу очих хэрэг биш. Зургаадугаар сарын 28-нд хууль тогтоох байгууллагад илгээх төлөөллөө бид сонгоно. Ямар ч шийдвэр гаргасан тэр сонголт таных л байх ёстой. Аль нэг улс төрийн нам эвслээс, аль нэг нэр дэвшигчээс саналын хуудсаа хоосон өг гэж уриалж байвал түүнийг дагах эсэх нь таны сонголт. Гэтэл таны саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхэд зохиомлоор буюу манипуляци үүсгэж нөлөөлөх гэж байгаа бол таны үндсэн эрхийг зөрчиж байна л гэсэн үг.

Зардлын хувьд, тухайн тойрог дахь нэрсийн жагсаалтад багтсан сонгогчдын 50 хувь нь сонгуульд оролцоогүй тохиолдолд тухайн хэсгүүдэд нэмэлт санал хураалт явагддаг. Энэ тохиолдолд зардлын асуудал яригдана. Харин саналын хуудсаа хоосон өгч, тэр нь өндөр хувьтай байлаа ч сонгуулийн дүн гарах үйл явц, процертурт нөлөөлөхгүй учраас үүнийг дагалдаж сонгуулийн нэмэлт зардал гарахгүй. Таны хоосон саналын хуудас аль ч намын нэр дэвшигчийг дэмжихгүй байна гэх агуулгыг л харуулна.

-Хариуцлагагүй төр засаг, муу улстөрчид саналаа өгөөгүй сонгогчдын ачаар төрж гардаг-

Тэрбээр үргэлжлүүлэн "Хариуцлагагүй төр засаг, муу улстөрчид саналаа өгөөгүй сонгогчдын ачаар төрж гардаг гэдэг. Тиймээс таны санал өөрөө үнэ цэнтэй. Таны саналаа өгөх итгэл үнэмшилд хэн нэгэн хүн халдах ёсгүй. Ямар ч сонголт хийсэн тэр сонголт таных л байх ёстой гэдгийг дахин хэлмээр байна" гэв.

Эдийн засагч Н.Энхбаяр: Шинэ парламент шийдвэр гаргах нь чухал биш. Шийдвэр гаргахад суралцаасай
Эдийн засагч Н.Энхбаяр: Шинэ парламент шийдвэр гаргах нь чухал биш. Шийдвэр гаргахад суралцаасай
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.