2024.06.01 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
Төв талбайд хүүхдийн инээд цалгиж, хүүхэд бүр хүслээ биелүүлж, ээж аавдаа эрхлэн баярладаг өдөр. Өглөө эртлэн босож, ганган даашинз, дэгжин хослолоо өмсөөд, төв талбай, хүүхдийн парк гэх мэтчилэн хүссэн газартаа очиж, эрхлэн тоглодог. Энэ дүр зураг бидний багад ч байсан. Өнөөдөр ч байсаар байгаа. Хүүхдийн баяр гэхээр л энэ дүр зураг нүдэнд харагдаж, сэтгэлд буудаг байв. Энэ жилийн зургаадугаар сарын 1 буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өөр нэгэн дүр зураг нүдэнд тусаж, сэтгэл эмзэглүүлэв.
2024.06.01-ний 20.00 цагийн орчимд Хотын зүүн захад байрлах Миний дэлгүүрийн салбарт хүүхдүүд бужигнаж, зарим нэг нь тоглоом, чихэр сэлтийг авахыг хүсэж, уйлагнана. "Мөнгө байхгүй. Өдөр бэлэг авч өгсөн биз дээ. Одоо яах гээд байгаа юм" гэж хүүгээ загнаж, төвөгшөөх ээжийн тэрэг рүү өнгийхөд бор савтай 3 ширхэг том пиво, нэг шилтэй архи бас бус даруулга байгаа харагдав. Үргэлжлүүлэн урт дараалалд зогсох олны тэрэгтэй барааг ажихад, яг л адилхан дүр зураг ажиглагдав. Товчхондоо, Өдөр нь үрсээ баярлуулчихаад, орой нь өөрсдөө баярыг нь тэмдэглэдэг жишиг тогтчихож.
Үүнийг зургаадугаар сарын 1-ний гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээ тодхон гэрчилнэ.
Тодруулбал, Хүүхдийн баярын өдөр цагдаагийн байгууллагад 1824 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Гэмт хэргийн 95, зөрчлийн 816 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зөрчсөн 85, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 76, эрүүлжүүлэгдсэн 25, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эдгээр тоонуудын ард хэчнээн хүүхэд шаналж, эрхийнхээ өдрөөр эрх нь зөрчигдсөн бол гэж бодох төдийд л сэтгэл эмтрэх.
Угтаа бол зургаадугаар сарын 1 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр чухам ямар утга учиртай вэ гэдгийг хүн бүр мэддэг. Олон улсын байгууллагууд ч хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэх ёстойг сануулдаг. Гэвч бодит амьдрал дээр огт буудаггүй. Дээр дурдсанчлан, өдөр нь үрсээ баярлуулчихаад орой өөрсдөө баярлаж, хүүхдийнхээ дэргэд архидан согтуурч, эрүүл аюулгүй, амар тайван орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эрхийнх нь өдөр бүдүүлгээр зөрчдөг жишиг тогтчихож.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Дэлхийн орнуудад хүүхдийн баярыг хэзээ тэмдэглэдэг вэ?
Улс орнууд Хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг. ЗХУ-ын харьяанд байсан, социалист орнуудад ихэвчлэн зургаадугаар сарын 1-нд тэмдэглэдэг. Үүнд Хятад, Орос, Португал, Алжир, Эквадор, Казахстан, Хойд Солонгос, Польш, Вьетнам тэргүүтэй 49 орон багтана.
Канад, Израил, Франц, Египет, Швейцар зэрэг 25 орон хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр болох арваннэгдүгээр сарын 20-нд тэмдэглэдэг. Харин АНУ зургаадугаар сарын хоёр дахь ням гарагт, Япон, Өмнөд Солонгос улс тавдугаар сарын 5-нд, Африкийн зарим орнууд 12-р сард, Зарим далайн орнууд нэгдүгээр сард, Испани ба Англид тавдугаар сарын хоёр дахь ням гарагт, БНТУ-д дөрөвдүгээр сард болдог аж.
2018 оны байдлаар humanium.org сайтаас гаргасан Хүүхдийн эрхийн индексийг Канад, Чили, Австрали, Шинэ Зеланд, Япон, Баруун европ болон Скандинавын хойгийн орнууд хүүхдийн эрхийг хамгийн их дээдэлдэг орноор тодорчээ. Харин Төв Африкийн болон Афганистан, Пакистан зэрэг улсуудад хүүхдийн эрхийн асуудал тулгамдаад байгаа юм.
Харин манай улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн бөгөөд 1959 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан байдаг. Уг тунхаглалд “Хүүхэд бие бялдрын, оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдаг тул төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалт, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай” гэжээ. Үүнийг НҮБ анхааралдаа авч, хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай гэж үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон юм.
Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцод 1990 онд тав дахь орноор нэгджээ. Конвенцын үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны тавдугаар сарын 8-нд батлан гаргасан бөгөөд зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байдаг.