Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүү маань намайг хоног тоолоод хүлээж байгаа. Энэ сард би МАГАДЛАНД орно. Гэхдээ...

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
18 минут 21 секунд

Таван настай хүү ээжийнхээ элгэнд нүүрээ наагаад эрхлэх нь хатуу орчлонг зөөллөх шиг. Энэ л мөчид ээжийнх нь нарсанд өнгөрөөж буй зовлон нь түр ч болтугай мартагдана.

Нүд дүүрэн нулимстай залуухан ээж хоолой зангируулан "Миний хүү их том болжээ" гэсээр хүүхдээ хараагүй өдөр бүрийн тоогоор шуналтай гэгч нь үнсэнэ. Эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай хорих 407-р ангид хүмүүжиж буй 300 гаруй эмэгтэйчүүд хэдийгээр алдаж энд ирсэн ч тэдний хүүхдээ гэх хайрыг сараалжин тор хязгаарлахгүй гэдгийг эндээс харж болохоор.

Хүүгээ эрхлүүлж, үйлдэл бүрийг нь өхөөрдөж харах энэ эмэгтэйг Б гэдэг. Тэрбээр хүүгийнхээ талаар "Ээж нь ямар ч хүн байсан хүүхдэдээ нар, гэрэл гэгээ байдаг юм байна лээ. Тэрэнд би асар их уярч, хүүгээ асар ихээр санадаг. Хүүгээ санасан сэтгэлээ дотроо их дардаг. Уулзах бүрт л томорчихсон, хэл яриа нь хурц болсон нь анзаарагддаг. Намайг тулгамдуулсан олон зүйл асуудаг. Жишээлбэл, удахгүй очно гэхээр өөдөөс "Таны удахгүй чинь яг хэзээ юм бэ" гэж асуудаг. Нээрээ л би одоо удахгүй болчихсон байна. Хүү маань намайг хоног тоолоод хүлээж байгаа" гэж ярив. Түүнчлэн "Энэ зургаадугаар сард магадланд орно" гээд инээмсэглэв. Бас түүнд "Магадланд орж чадахгүй байх вий" гэх айдас байгаагаа ч нуугаагүй юм.

Учир нь Б нь 2012 онд гурван шатны шүүхээр 23 жилийн ял сонсож, өнөөдрийн байдлаар 12 жил 6 сарын ялыг биеэр эдэлжээ. Үүн дээр шагналын 1 жил 4 сарын хоног нэмэгдэхээр нийт 14 жил гэсэн үг. Б нь сайн хүмүүжигч, ажил хөдөлмөр, авьяас чадвараараа бусдыгаа манлайлдаг аж. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай хорих 407-р ангийн зүгээс Б-г засарсан гэж үзээд магадланд оруулахаар болжээ. Энэхүү шийдвэрээ прокурорын газар хүргүүлж, прокурор боломжтой гэсэн дүгнэлтээ тухайн харьяалагдах шүүхэд хүргүүлж, шүүхийн шүүгч нь шийдвэр гаргаснаар магадлангаар суллагдах боломжтой.

Гэвч....

Монгол Улсын Эрүүгийн хуульд шүүхээр шийтгүүлж ял эдэлж буй хүмүүст үйлдсэн хэргийнх нь зүйлчлэлээс хамаарч хүндэвтэр хэрэгт ялынхаа 50 хувь эдэлсэн, хүнд гэмт хэрэгт ялынхаа гуравны хоёр хувийг, онц хүнд гэмт хэрэгт тавны дөрвийг биеэр эдэлсэн бол магадланд оруулдаг. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг.

Хүмүүжигч Б-г 2012 онд шунахайн сэдлээр гадаадын иргэнийг онц хэрцгийгээр буудаж хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хууль 2023 онд чангарч, бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх төрлийн хэргүүдэд хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй гэж өөрчилсөн юм.

Хэрэг гарах үед тэрбээр 20-хон настай цэл залуу, хэрэгт холбогдоно гэж төсөөлөө ч үгүй явсан гэдгээ хуучлав. Энэ талаар ярихдаа "Ихэвчлэн хүн амины хэрэг гэнэтийн байдлаар үйлдэгддэг юм билээ. Би энд 14 жил ял эдэлж байна. Энэ хорих ангид хамгийн олон жил биечлэн ял эдэлж, хамгийн удаан сууж байгаа хүн нь би. Ээж маань намайг мөрдөнд ороход хэвлэлээр миний зурагтай гаргасан мэдээг хараад харваж улмаар тархины хорт хавдар болж надтай уулзаж чадалгүй нас барсанд маш их харамсаж явдаг. Аав, ах нар, нөхөр маань, хадам аав, ээж маань ээлжлээд намайг эргэж тойрдог. Тэднээс би асар их сэтгэлийн дэм авч энэ хугацааг барж байна.

Мэдээж энэ олон жилийг энд туулах амар биш. Уйлахдаа уйлж, уурлахдаа уурлаж, бухимдаж давчдах үе олон байсан. Асар их хэцүү зүйлүүдийг туулж явна.

Дөрвөн хананы дунд хоригдох асар хэцүү учраас 2015 оноос хорих ангийн нийгэм сэтгэлзүйн албанаас зохион байгуулдаг бясалгалын сургалтад хамрагдаж эхэлсэн. Энэ нь надад маш том өөрчлөлтийг өгсөн. Би эндээс гарвал болсон явдлын талаар ном бичиж, бодит үнэнийг илчилнэ" гэдгийг онцлов.

Хэдийгээр энд орсон ч гэсэн би багш мэргэжлээрээ бахархдаг

Энд хүмүүжиж байгаа хүмүүсийн дунд боловсролтой олон хүмүүс бий. Тэдний нэг нь 51 настай Солонгос хэлний багш Б. Тэрбээр залилангийн гэмт хэргээр 6 жил 6 сарын ял сонсжээ. Өдгөө 5 жил 3 сарыг биеэр эдэлсэн бөгөөд хорих ангид байх хугацаандаа давхардсан тоогоор 600 гаруй хүнд монгол бичгийн хичээл заасан байна.

Б энэ талаар ярихдаа “Би Солонгос улсад 5 жил ажиллаж байгаад эх орондоо ирэхээр шийдсэн. Уг нь би чинь Солонгос хэлний доктор мэргэжилтэй хүн. Эх орондоо ирээд цуглуулсан хэдэн төгрөг дээрээ нэмээд хүнээс мөнгө зээлээд сургалтын төв нээсэн. Зээлсэн 660 сая төгрөгийн 50 хувийг нь төлсөн. Үлдсэнийг нь буцааж өгч чадаагүй учраас нөгөө хүн маань намайг шүүхэд өгсөн.

Санаа зорилготойгоор тийм хэрэг хийгээгүй. Төлж чадаагүй гэх шалтгаанаар залилангийн гэмт хэргийн төрөлд оруулсан. Үүнд хууль шүүх бас ялгамжтай хандах хэрэгтэй.

Хэдийгээр энд орсон ч гэсэн би багш мэргэжлээрээ бахархдаг. Хорих ангид байх хугацаанд наранд байхдаа олж харж чадаагүй олон зүйлсийг олж харсан. Тэр нь л засал хүмүүжил юм уу даа. Би хэдийгээр хоёр хүүхэдтэй ч гэсэн гэр бүлийн үнэ цэнийг мэдрээгүй явжээ. Ганцхан өөрийгөө гэдэг байсан бол энд орж ирээд гэр бүлээ улам ихээр хайрлах болсон. Эндээс гарахаар тэд маань намайг тосно. Хэцүү үед эргэж тойрч байгаа энэ бүхэн амьдралын үнэ цэнэ юм байна лээ. Би эндээс гараад багшилна. Гэр бүлдээ үлдсэн цаг хугацаагаа зарцуулна. Тэднийгээ хайраар дүүрэн байлгана. Энд байгаа хүмүүсийг алдсан дээр нь нийгэм нэмж битгий дэвслээсэй гэж хүсдэг” гэлээ.

Аюулын харанга: Хүмүүжигчдийн нас залуужжээ

2022 онд 190 гаруй эмэгтэй энд хүмүүжиж байсан бол 2024 онд 300 болж нэмэгджээ. Хамгийн эмгэнэлтэй нь сүүлийн жилүүдэд хүмүүжигчдийн нас залуужиж 20-30 насныхан ирэх болжээ. Тэдний ихэнх нь залилан, хулгай, хар тамхины хэрэгт холбогдсон байна.

Түүнчлэн хаалттай хорих ангид байгаа эмэгтэйчүүд олон жилийн ял авсан учраас сэтгэл санаа нь тогтворгүй, ар гэрээ санагалзаж, бэтгэрсэн нь анзаарагдсан юм. Ихэнх нь “Ах дүү нартайгаа уулзалгүй удлаа, холбоо тасраад удаж байна” гэж ярьцгааж байв.

Нийгмээс тусгаарлагдаж, ар гэртээ "хаягдсан" учраас амьдрах хүсэлгүй гэж ярих эмэгтэйчүүд энд олон бий. Тэдний хувьд аль болох хурдан хүмүүжиж, хорих ангиас гарах хүсэлтэй. Ганц гаргалгаа нь шагналын хоног. Тэр нь зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, хорих ангиас зохион явуулдаг сургалтуудад тогтмол идэвхитэй хамрагдаж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлэх явдал юм.

Харин нээлттэй ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн тухайд, долоо хоног бүр гэр бүлийнхэнтэйгээ таван минут ярьж, онлайнаар болон биеэр уулзаж байгаа болохоор сэтгэл зүйн асуудал багатай байдаг аж.

Судалгаа: Ял эдэлж буй эмэгтэйчүүдэд сэтгэл гутрал, амиа хорлох бодол ихээр илэрч байна

Судлаач Т.Саранцэцэгийн 2018 оны "Ял эдэлж буй эмэгтэйчүүдийн гэмт хэргийн төрөл, сэтгэцийн эрүүл мэндийн байдал" судалгаанд 407 дугаар ангид хоригдож буй 21-65 насны 121 эмэгтэй хамрагджээ.

Эмэгтэйчүүдийн 36 хувь нь бүрэн дунд боловсролтой, 31 хувь нь дээд боловсролтой бөгөөд боловсролгүй эмэгтэйчүүд цөөн байжээ.

Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 33.1 нь ял эдлэхээс өмнө ямар нэг хүчирхийлэлд өртсөн байсан гэдэг нь анхаарал татна.

Тус судалгаанд "Ял эдэлж буй эмэгтэйчүүд хүнийг санаатай алах, бусдын эд хөрөнгийг залилан авах, хулгайлах гэмт хэрэг илүүтэй үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдэхэд гэр бүлийн хүмүүжил, хүчирхийлэлд өртөх, боловсролын түвшин архины хэрэглээ, сэтгэлзүйн хэв шинж нөлөөлж байна. Сэтгэцийн эрүүл мэнд талаас сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, амиа хорлох бодол ихээр илэрч байгаа бөгөөд ял эдлэх хугацаанаас энэ бүгд хамаарч байна" гэдгийг онцолсон байна.

Эрх чөлөөг хүссэн ч тэд нийгэмд гарахаас "айдаг"

Хорих ангийн нийгмийн ажилтан "Хорих ял эдэлж буй эмэгтэйчүүд нийгмийн амьдралд гарахаасаа “айдаг”. Мэдээж амьдралд алдаж эндэн, хорих ял шийтгэгдсэн хоригдлууд эрх чөлөөтэй болно гэдэг нь сайхан ч нийгмийн амьдралдаа эргэн ороход өөрсдийг нь хэрхэн хүлээж авах бол гэсэн том айдастай нүүр тулж, сэтгэл их зовнидог. Ийм айдасыг үгүй болгоход нийгмийн тусламж, иргэд харах өнцгөө өөрчилж, дэмжих хэрэгтэй" гэв.

Нөгөөтэйгүүр, хорих ял эдлээд суллагдсан хүнд тулгардаг хамгийн хүндрэлтэй асуудлууд нь төрийн алба хаагчдын хардалт сэрдэлт, нийгмийн зүгээс үзүүлэх дарамт шахалт, ажил олдохгүй байх, гэр бүлийн харилцаа хандлага өөрчлөгдөж зайгаа барих, хамаатан садан нь ял эдэлж байсан зэргээр шивэр авир хийх зэрэг нь хүндээр тусдаг байна.

Жишээ 1. Манай нөхөр өдөр бүр архи уугаад согтсон үедээ намайг байнга зоддог байсан. Нөхөр маань сүүлийн гурван жил тасралтгүй архи уух болж, сүүлдээ гэрт найз нөхөд нь гэж олон залуучууд орж гардаг болсон. Өөрийн дагуулж ирж хамт архи уусан залуутайгаа намайг хардаад, галын хайчаар зодохоор нь би түлхсэн чинь зуух мөргөж унаад нас барсан. Би найман жилийн хорих ял эдлээд суллагдсаны дараа гэртээ очход, хадмууд "Миний хүүг уулзуулаагүй, шүүх цагдаагаараа яв, чамтай хүүхдийг чинь уулзуулахгүй" гэсэн.

Жишээ 2. Хорих ял эдэлж суллагдаад ажилд орно гэдэг үнэхээр хэцүү. Ах дүү, хамаатан саднаараа яриулаад дөнгөж ажилд ороод байтал гэнэт "Цагдаагаас явж байна. Байгаа газрын чинь ойролцоо хулгайн гэмт хэрэг гарсан. Чи саяхан шоронгоос гарсан, гарцаагүй гээд” бариад явдаг. Тэгээд цагдаагийн газар авчраад 2-3 хоног яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байлгаж байгаад, одоо явж болно гээд явуулахад ажлаас халсан байсан. Ер нь хорих ял эдлээд гарсан хүн заавал дахин гэмт хэрэг хийх ёстой мэтээр цагдаагийн алба хаагч ханддаг.

Жишээ 3. Хорих ангиас суллагдаад ажил эрчимтэй хайсны эцэст бензин түгээх газар түгээгчийн ажилд орсон. Ажлаа хийгээд эхний цалингаа авах гэж байхад хэсгийн цагдаагийн төлөөлөгч захиралтай уулзаад "Танайд шинээр ажилд орсон залуу хорих ангиас суллагдсан хүн, ийм хүнийг бэлэн мөнгөтэй харьцдаг ажилд ажиллуулах нь эрсдэлтэй биш үү" гэж хэлснээс хойш захирал надад ямар нэгэн хүнээр хяналт тавиулах, бусад ажилчдын зүгээс хөндий харьцах байдлаар нүд үзүүрлэх болсон. Нэгэнт хамт олон ийм харилцаатай байхад удаан ажиллахад хүндрэлтэй учир өөрөө ажлаасаа гарсан.

Улсын онцгой объектод хамаардаг гэдэг утгаараа энд “нарнаас” өөр дүрэм үйлчилдэг

Улсдаа ганцхан байдаг энэ хорих анги тэртээ 1974 онд бие даасан хорих анги болон байгуулагдсанаас хойш 50 жил өнгөрчээ. Дотор шалган нэвтрүүлэх байр буюу удаан хугацааны эргэлтийн байр нь улсын онцгой объектод хамаардаг гэдэг утгаараа энд “нарнаас” өөр дүрэм үйлчилдэг. Үүдээр нь ормогц гар утас, лаазалсан бүтээгдэхүүн, мэс, мөнгө, хөзөр, шилтэй зүйл оруулахыг хориглох бөгөөд зөвшөөрөөгүй тохиолдолд зураг, дүрс авах нь хориотой. Хоёр давхар нээлттэй хорих ангийн байрны өрөө тус бүрийг 1-18 хүртэл дугаарласан байх агаад нэг өрөөнд найман эмэгтэй байрладаг аж.

Өрөөнд хувцасны өлгүүр, орноос өөр зүйлгүй. Жирийн буюу нээлттэй хорих ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүд хаалттай ангиас илүү “эрх чөлөө”-тэй.

Хашаанд бие засах газартай тул чөлөөтэй орж гарч болно гэсэн үг. Хаалттай буюу чанга дэглэмтэй ангид байшин дотор бие засах газартай, ар гэрийнхэнтэйгээ уулзах эргэлтийн хугацаа нь ч бага. Энд хүмүүжиж буй эмэгтэйчүүд 09.00-17.30 цаг хүртэл оёдлын үйлдвэрт ажиллах бөгөөд цалин авна.

Тус ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь залилангийн гэмт хэргээр шүүхээс ял сонссон байдаг. Уг төрлийн гэмт хэрэг нь хохирол, өр төлбөрийн хэмжээ өндөр байдаг учраас хүмүүжигч эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлж авсан цалингаараа хохирлоо төлдөг аж.

Хүмүүжигчдээс "Яагаад хөдөлмөр эрхэлдэг вэ?" гэж асуухад дараах байдлаар хариулжээ.

ХЭҮК: Суллагдсан иргэнд халамжаас 1.2 сая төгрөг олгох ёстой

Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолд "Хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй иргэнд нийгмийн халамжийн сангаас нэг удаа амьжиргааг дэмжих 1.2 сая төгрөг олгоно" гэж заасан. Сүүлийн гурван жилийн хугацаанд хорихоос суллагдсан 664 иргэн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авсан байна.

1.2 сая төгрөг бол 2012 оны байдлаар тогтоосон Монгол гэрийн үнэ. 2024 онд гэхэд шалгүй гэр 2-3 сая төгрөгөөс эхэлж байна.

Тиймээс одоогийн хэрэгжиж байгаа хууль, мөнгөн дүн бодсон аргачлалыг инфляцын түвшинтэй уялдуулан шинэчлэх шаардлагатай гэж ХЭҮК үзжээ.

Хорих ял эдлээд суллагдсан хүн нийгэмшихэд хоёр жил шаардлагатай

Монгол Улсад сүүлийн хоёр жилийн дунджаар 2614 хүн хорих ялаар шийтгүүлж, 1597 орчим хүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу суллагдаж байгаа бол нийт хорих ял эдэлж байгаа хүний 45 орчим хувь нь 5 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял эдэлж байна.

Хорих ял шийтгүүлсэн хүмүүсийн хувьд өмчлөх эрхийн эсрэг, хулгайлах, залилах гэмт хэрэг 35 орчим хувийг эзэлж байгаа бол хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш ХОЁР жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ.

Гэмт хэрэг дахин үйлдэж хорих ял эдэлж байгаа хоригдлуудын дийлэнх нь суллагдсаны дараа нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байдгаас ийнхүү дахин гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болж байна.

Тиймээс хорих ял эдлээд суллагдсан хүнд хоёр жилийн хугацаанд нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг ХЭҮК-ын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд дурджээ.

Германд үргэлжилсэн аадар бороо орсны улмаас 3000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ
Германд үргэлжилсэн аадар бороо орсны улмаас 3000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.