Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бат-Эрдэнэ: Цагдаагийн тодорхойлолтоор “АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН хэргээр шийтгүүлж байсан“ гэх нэг хүн нь Н.Номтойбаяр байсан

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
11 минут 42 секунд

СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй цаг үеийн сэдвүүдээр ярилцлаа.

"НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН 154 ХҮНЭЭС 104 ХҮН ЭЦСИЙН БАЙДЛААР ЗӨРЧЛӨӨ АРИЛГАСАН БАЙНА"

-Өнгөрсөн баасан гарагт СЕХ-нос улс төрийн нам, эвслүүдээс ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг шалгаж, нийт 154 хүнийг шаардлага хангаагүй гэж үзэн, бүртгэхээс татгалзлаа. Ер нь нэр дэвшигчдийг ямар шалгууруудыг үндэслэж бүртгэлжүүлдэг юм бэ?

-УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд өнгөрсөн тавдугаар сарын 20-ны дотор нэр дэвшигчдээ тодруулаад, хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 24-ний дотор СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ материалыг тогтоолын хамт хүргүүлсэн. СЕХ сонгуулийн тухай хууьд заасны дагуу материалуудаа хугацаандаа хүлээж авсан. Нийт 22 нам, 2 эвслийг бид хамгийн анх бүртгэсэн. Үүнээс СЕХ-нд нэр дэвшигчийн материал албан ёсоор ирүүлсэн 19 нам 2 эвсэл байлаа. Хасагдсан гурван намын хувьд сонгуульд оролцохгүй буюу СЕХ-ноос явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлээд нэрээ татсан. Тэдгээр нь “Гэр хороолол хөгжлийн нам”, “Ардчилал шинэчлэлийн нам”, “Дэлхийн Монголчууд” нам байсан. Өөр нэг сонирхолтой зүйл нь биднийг нам, эвсэл, бие даагчдаас материал авч байх үед нийт 17 хүн дэвших боломжгүйгээ илэрхийлж нэрээ татсан.

Ингээд өнгөрсөн хугацаанд СЕХ-нд нийт 1416 нэр дэвшигчийн материал ирсэн. Үүнээс нам, эвслээс 1370 хүнийх, бие даагч 46 хүнийх ирсэн. Хуульд зааснаар нэр дэвшигчийн материал хүлээж авах хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор нягтлан шалгаад, бүртгэх эсэх асуудлыг шийддэг. Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 25-наас хойш шалгалтын ажил хийгдсэн гэсэн үг. Ингээд бид хурлаа тавдугаар сарын 30-нд хийсэн. Шалгалтын дүнгээр нийт 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй байсан учраас бид мэдээлсэн.

Уг нь бид зургаадугаар сарын 01-ний дотор шалгалтын дүнгээ танилцуулаад, татгалзсан хүмүүсийн мэдээллийг хүргэх боломжтой байсан. Гэвч хугацааны хувьд дээрх хасагдсан 154 хүнд зөрчлөө арилгах боломжийг нь олгож өгөх үүднээс тавдугаар сарын 30-нд хурлаа хийж, мэдэгдсэн юм. Товчхондоо, нэр дэвшүүлэхээс татгалзсан хүмүүс нэг биш гурван хоногийн дотор зөрчлөө арилгах бүрэн боломжтой байсан гэсэн үг. Энэ хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

-Нэр дэвшигчид зөрчлөө арилгах боломжтой хугацаа нь дуусгавар болчихлоо шүү дээ. Нэгдсэн дүнгээр 154 хүнээс хэд нь зөрчлөө арилгасан бэ?

-Хуульд заасан хугацаа дууссанаас хойш эцсийн байдлаар 104 хүн зөрчлөө арилгасан байна.

-Юун түрүүнд бүртгэхээс татгалзаад байсан 154 хүнийг тодруулж асуумаар байна. Тэдний хэд нь сонгуулийн хуульд зааснаар авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан, хэд нь татварын өртэй гэж шалгагдсан бэ?

-Юуны өмнө нэг зүйлийг сонгогчдодоо сануулж хэлэх хэрэгтэй байх. СЕХ бол зөвхөн нэр дэвшигчдийг бүртгэхэд хуульд заасан үндэслэлийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудаас тухайн нэр дэвшигчдийн мэдээллийг гаргуулж авдаг. Тухайн мэдээллүүдийг үндэслэж нэр дэвшигчээр бүртгэх, эсвэл татгалзах гэсэн хоёр шийдвэрийг гаргадаг гэсэн үг.

154 хүний 76 нь татварын өртэй. Баримт бичиг нь дутуу 63 хүн байсан. Өөр бусад шалтгаантай хасагдсан 15 хүн байна.

-Өөр бусад шалтгаантай хүмүүсийг тодруулбал?

-УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа хүн хэрвээ төрийн албан хаагч бол зургаадугаар сарын 01-ний дотор ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл түр чөлөөлөгдсөн гэдэг тушаалтай нэг хүн байгаа. Мөн намаасаа гараагүй байж өөр намаас нэр дэвшсэн зөрчил гаргасан 4 хүн байна. Яг одоогоор торгуулийн ялтай 5 хүн байна. Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэдэг шүүхийн бичигтэй нэг хүн нь “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр байсан.

Үүнээс гадна бие даан нэр дэвшиж байгаа бол 801 хүний гарын үсэг цуглуусан байх ёстой байдаг. Гэтэл 200 хүний гарын үсэгтэй 4 хүн байсныг бид бүртгэхээс татгалзаж шийвэрлэсэн. Энэ дөрвөн хүний хувьд хуулийн хугацаандаа 801 хүний гарын үсэг цуглуулж чадаагүй учраас одоо энэ зөрчлөө арилгах ямар ч боломжгүй гэсэн үг. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн хүн насан туршдаа сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үг.

-Та ярианы эхэнд нам, эвслүүдээс нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахад нийт 17 хүн нэрээ татсан гэж ярьсан. Өмнө нь дөрвөн ч хүн өөрсдийг нь мэдээгүй байхад намаас нэрийг нь дэвшүүлчихэж гэдэг асуудал үүсэж, танай хороонд хандсан байсан шүү дээ. Үүнийг та тодруулж хэлбэл?

-Дээрх 17 хүн манайд дараа нь дэвших боломжгүй тухайгаа өргөдлөөр ирүүлсэн. Тухайн үед гомдол мэдүүлж байсан ч дараа нь өргөдөлдөө хувийн асуудлаар гэж бичсэн байсан. Тухайлбал, зарим нь "Ар гэрийн гачигдлаас болсон" гэж тайлбарласан бол зарим нь "Хөдөө явах болсон тул" гэж бичсэн байсан. Өөр хэд нь "Эмчлүүлэх шаардлагатай болсон" гэсэн бол дийлэнх нь "Хувийн шалтгаанаар нэрээ татах болсон" гэж өргөдөлдөө тусгасан байна.

-Эдгээрээс хэд нь улс төрийн нам, эвслүүдээс байсан юм бэ?

-“Үндэсний эвсэл”-ээс 1, Бүгд найрамдах намаас 3, Социал демоктрат намаас 2, Эрх чөлөө намаас 3, Иргэний хөдөлгөөний нам 1, Ард түмний хүч намаас 1, Монголын үнэний төлөө намаас 1, "Олонхийн засаглал"-аас 5 хүн гэх мэт ангилалаар бүртгэгдсэн байна.

"ШҮҮХЭД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЙЛБАРАА ИРҮҮЛЭХ ЁСТОЙ"

-“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ганцаараа авлига албан тушаалын гэмт хэргээр шийтгэгдэж байсан гэдэг ангилалаар нэр дэвших эрхээ хасуулсан байх юм. Түрүүн таны ярианд ч дурдагдлаа шүү дээ. Үүнийг зарим хуульчид тайлбарлахдаа цагдаагаас СЕХ-нд лавлагаа хүргүүлэхдээ Эрүүгийн хуулийн 23.5-д заасан “хайнга хандах” гэдэг заалтаар шийтгүүлж байсан шүүхийн шийдвэрийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамаарна гэж үзээд явуулчихсан. Нөгөө талд СЕХ ч түүнийг нь албан тушаалын гэмт хэрэгт хамаарна гээд нэр дэвших боломжгүй гэж үзсэн нь буруу гэж тайлбарлаж байна. Танай талаас ямар тайлбар хийх вэ?

-СЕХ нэр дэвшигчдийн материалыг шалгахдаа заавал эрх бүхий байгууллагуудаас лавлагаа мэдээлэл авч хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг тулгадаг. Тэгэхээр эрх бүхий байгууллага нь тэр лавлагааг гаргаж өгч байхад бид няцаах ямар ч боломжгүй. Тиймээс цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагааг үндэслэж бид нэр дэвшүүлэх боломжгүй юм байна гэдэг дүгнэлтээ гаргасан. Хэрэв цагдаагийн байгууллагаас үнэхээр хуульд нийцээгүй асуудлыг тодорхойлж явуулсан бол тухайн хүн цагдаагийн байгуулагатай заргалдах бүрэн боломжтой.

-СЕХ-г нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өгчихөөд байгаа шүү дээ. Хэдийгээр цагдаагийн байгууллагын гаргаж өгсөн лавлагаа ч гэлээ СЕХ-ны мөрдлөгө болгож байгаа хуулийн шалгуурт нийцэж байгаа эсэхийг нь шалгах ёстой байсан байж болох юм?

-Тийм. СЕХ-г шүүхэд өгөх нь тухайн хүний эрхийн асуудал. Бид хүндэтгэж байгаа. Гэхдээ бид хуулийн дагуу ажлаа хийж, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримт материалыг үндэслэж л дүгнэлтээ гаргадаг байгууллага учраас тухайн асуудал дагуулаад байгаа зүйл, заалтын тухай шүүх дээр яригдаад тодорхой болох биз. Магадгүй цагдаагийн байгууллагаас шүүх дээр тайлбараа хийх ёстой болох байх.

"ТАТВАРЫН ӨРТЭЙ НЭР ДЭВШИГЧИД ДОТОР 1100 ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ХҮН Ч БАЙСАН"

-Нэр дэвшүүлэхээс татгалзсан 154 хүний 76 нь татварын өртэй байсан гэсэн. Хэдээс, хэдэн төгрөгийн татварын өртэй байсан, хэн нь хамгийн өндөр татварын өртэй байсныг хэлэх боломжтой юу. Бүр болбол нэр болон нэр дэвшүүлж буй нам, эвслийг нь хэлбэл?

-Хамгийн багадаа 1100 төгрөгийн өртэй ч хүн байна. Гэхдээ бид хууль хэрэгжүүлэгч байгууллага учраас хувь хүний мэдээллийг тодорхой хэлэх боломжгүй байна. Татвар дээр гарч байгаа нэг зөрчил нь компанийн 51 хувийн хувьцаа эзэмшдэг хэрнээ татварт мэдүүлэхдээ хувь хүнээр мэдүүлж өргүй гээд лавлагаагаа гаргаж өгсөн тохиолдол ч өмнө нь үүсдэг байсан. Тиймээс л бид эрх бүхий байгууллагаас албан ёсны лавлагаа авч байгаа юм.

-Танайхаас өнгөрсөн баасан гарагт нэр дэвшигчдийн материалыг шалгаж дуусаад бүртгэхээс татгалзсан хүмүүсийн тоог танилцуулахтай зэрэгцээд АН-аас С.Баяцогт, Б.Хурц нар хасагдсан гэдэг мэдээлэл сошиалаар багагүй явсан. Дараа нь анхнаасаа огт нэр нь ирээгүй гэсэн мэдээллийг танайхаас өгсөн шүү дээ. Харин татварын өртэй нэг хүн байсан нь жагсаалтаар нэр дэвшигч Ж.Баясгалан гэж байсан. Тухайн нэр дэвшигч татвараа төлсөн байгаа юу?

-Нэгдүгээрт, АН-аас ирүүлсэн 32 дугаар тогтоолыг намын дарга болох Лу.Гантөмөр албан ёсных гэдгээ мэдэгдсэн. Тухайн тогтоолд хавсаргасан нэрс дотор анхнаасаа Б.Хурц, С.Баярцогт гэдэг хоёр хүний нэр байгаагүй юм. Ямар шалтгаанаар манайхаас хийсэн албан ёсны мэдээлэлтэй зэрэгцүүлж тийм шуугиан сошиалд гаргаж ирснийг мэдэхгүй юм. Харин татварын өрийн үлдэгдэлтэй байсан нэр дэвшигч Ж.Баясгалан өрөө барагдуулсан тул бид бүртгэсэн.

-Ярилцсанд баярлалаа

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах чиглэлүүдийн үйлчилгээг 05:40 цагт эхлүүлнэ
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах чиглэлүүдийн үйлчилгээг 05:40 цагт эхлүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.