Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУ-ын Засгийн Газарт 7 сая ам.доллартай тэнцэх буцалтгүй тусламж үзүүллээ

Огноо
Унших
3 минут 12 секунд

МУ-ын Засгийн Газарт Азийн хөгжлийн банк, Ази номхон далайн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах сан болон АХБ-ны дэргэдэх ядуурлыг бууруулах Японы сангаас нийт 7 сая ам.доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг үзүүллээ. Тодруулбал,

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих 3.5 ам.долларын санхүүжилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах болон цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой төслүүдийн буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг дэмжих 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ази Номхон далайн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах сангаас олгож байгаа бол 2 сая ам.долларын тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих буцалтгүй тусламжийг АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-гаас олгож байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 11,606 хүүхэд байдаг ба төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан ерөнхий боловсрол эзэмшүүлэх боломжийг бүрдүүлэх, ингэхдээ эхний ээлжид Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүргийн 4 сургууль, 4 цэцэрлэгийн дэд бүтцийг сайжруулж, тэгш хамран сургах боловсролын үйлчилгээний чадавхыг бэхжүүлэн, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих нөөцийг сайжруулж, олон нийтийн оролцоо, мэдлэгийг сайжруулах чиглэлээр ажиллана. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үе тэнгийнхээ бусад хүүхдүүдтэй хамт ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдэж, боловсрол, нийгэм-сэтгэл зүйн бодитой өгөөжийг хүртэх юм.

Засгийн Газар 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж, нэн шаардлагатай 5,000 ширхэг шинжилгээний урвалж, оношлуур, коронавирусын эмчилгээний чухал хэсэг болох хүчилтөрөгчийн эмчилгээг бүрэн хийх зориулттай хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4,804 ширхэг тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгслийг худалдан авахад зарцуулах юм. Энэхүү төсөл нь 2020 оны 5-7 дугаар саруудад хэрэгжүүлсэн яаралтай тусламжийн төслийн үргэлжлэл аж.

Төслийн эхний үе шат болох 1 сая ам.долларын төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д шаардлагатай Компьютерт томографийн аппаратыг худалдан авч, ХӨСҮТ,  ЗӨСҮТ, болон цар тахлын эсрэг дайчлагдан ажиллаж байгаа 21 байгууллагын 2542 эмч, эмнэлгийн ажилчид болон резидент эмч нарын илүү цагийн хөлсийг санхүүжүүлэхэд зарцуулжээ.

 

Эх сурвалж: Сангийн Яам

Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.