УИХ-ын 2024.05.22-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан хуулийн хоорон дахь давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болоод хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Сонгуулийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш Үндэсний аудитын газраас сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг зааж өгсөн. Зарим тохиолдолд хүн итгэхийн аргагүй өндөр дүн зарласан. Гэтэл тийм их мөнгөтэй хүн дэвшдэг юм байна гэж ойлгоод байгаа. Тэр нь тэрбум гарсан зардал яригдаж байгаа. Яг ямар үндэслэлээр тэрбум хэдэн зуун сая төгрөг гэдэг дүнг гаргаж ирснийг тайлбарлуулмаар байна. Зүгээр сонгуульд орохын төлөө тийм их мөнгө зарцуулна. Авч байгаа цалин нь хэд билээ гээд жирийн иргэд гайхаж байна.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Хуульд заасны дагуу Төрийн аудитын дээд байгууллагаас сонгуульд нэг нэр дэвшигчээс гаргах зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн. УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн зардлыг бууруулахад хоёр үе шаттай зохицуулалтыг хийж өгсөн байдаг. Төрийн аудитын байгууллагаас зардлын дээд хэмжээг дунджаар 1.2 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Зардал өссөн нь сонгуулийн тойрог томссонтой холбоотой юм. Тухайлбал, 2020 онд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад тус тусдаа тойргууд атал нэг аймагт дунджаар 400 орчим сая төгрөгийн зардлын дээд хэмжээ тогтоогдсон байдаг байна. Харин энэ удаагийн сонгуульд дээрх гурван аймаг маань нэг тойрог болсон учраас 2020 онд нэг аймагт зарцуулсан дүнгээс хэтрээгүй гэж үзэж байна.