Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Скүүтер, цахилгаан дугуйн хэрэглээг зохицуулах журамтай холбоотой эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүсийн саналыг тусгасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 21 секунд

ХҮН намын нийслэлийн бүлэг скүүтер, мопидны талаар боловсруулсан журмаа Тээврийн цагдаагийн албанд өнөөдөр хүргүүлэв. Тус журмыг иргэдээс авсан саналд үндэслэн боловсруулсан болохыг НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр хэлэв. Тэрбээр “Иргэдээс бидэнд скүүтер, мопидны хэрэглээтэй холбоотой шаардлага ирүүлж байсан. Тиймээс бид өнгөрсөн сард журам боловсруулж, олон нийтэд дэлгэж нийслэлийн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Үүнд эрх ашиг нь зөрчигдөж буй хуулийн этгээд болон хувь хүн бүгд багтаж байгаа юм.

Скүүтер, мопидны хэрэглээг зохицуулах захиргааны хэм хэмжээ тогтоож буй акт тул нэг сар гаруйн турш санал асуулга явуулахад 110 мянга орчим иргэнд хүрсэн байна. Эндээс нийт 50 гаруй санал ирсэн. Бүгд үнэ цэнтэй. Өнөөдөр журмын төслийн хамт Тээврийн цагдаагийн албанд хүргүүллээ.

Журамтай холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас энэ сарын 13-нд бидэнд албан бичиг хүргүүлсэн. Тус албанаас бидний боловсруулсан журмыг өөрсдийн боловсруулсан журамтай нэгтгэн замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулна гэдгийг илэрхийлсэн. Энэ бол иргэдийн оролцоог хангаж буй процесс. Аливаа зүйлийг дээрээс нь нэг өдрийн дотор машиндаж хийж болдоггүй. Ардчилсан нийгэмд иргэдийн эрх ашиг хөндөгдсөн захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд заавал олон нийтийн оролцоог хангах ёстой. Үүнийг ХҮН намын бүлэг нэр төртэйгээр биелүүллээ” гэв.

Цахилгаан скүүтер, мопидны хэрэглээг зохицуулах журамд тусгаснаар уулзвар луу орохдоо явгалах, хурд хэтрүүлэхгүй байх, гэрэлтүүлэгчтэй байх, 50 км-ээс дээш цаг хурдлахгүй байх зэрэг санал тусгажээ.

Энэ талаар үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Өнөөдөр журмаар зохицуулагдаагүй учраас л зөрчил гарч байна. Харамсалтай нь, богино хугацаанд хүүхдүүд машин доогуур орохыг харлаа. Гэхдээ түгжрэлтэй үед л дээ. Ийм болов ч аюултай. Хүүхдүүд ямар ч хамгаалалтын хэрэгсэл каскгүй оролцож байна” гэж сэрэмжлүүлэв.

Дараа нь НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга скүүтер, мопидны хэрэглээг зохицуулах журамтай холбогдуулан хэлсэн үгэндээ “Скүүтер, мопид нь иргэдэд эрсдэлтэй. Ялангуяа хүүхдүүд дайруулах аюултай. Иймээс зохицуулалт хийх ёстой. Үүний тулд захиргаадалтын бус аж ахуйн нэгж, иргэдээс санал боловсруулж шийдвэр гаргах ёстой. Энэ соёл Монголд ус агаар мэт хэрэгтэй байна. Иймд ХҮН нам энэхүү журмаар харуулахыг зорьж байна.

Жишээ нь, тухайлсан 20 санал гаргалаа. Үүнээс дурдвал, цахилгаан скүүтер унаж байвал баруун гар талаар явъя. Энэ бол ингэ, тэг гэж тушаасан биш зохицох арга. Хоёрт, 10 километр цагаас илүү хурдтай хөдөлгөөнд оролцохгүй байх.

Бүгд журамтай болбол зөрчил гаргаж хүн дайрвал, автомашинд мөргүүлбэл журмаар зохицуулагдах юм. Мөн иргэдэд хэлэхэд БНСУ-ын Su-ron 50 км цагаас дээш хурдтай бол жолооны А ангилалаар барьдаг. Явган хүний замаар зорчдог юм байна залуусаа. Энэ талаар мэдэхгүй байна. Бид иргэдээ дардаг зарчим руу явахгүй” гэсэн юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Очирбат “Хуульзүй дотоод хэргийн яаманд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээр саналуудыг хүргүүлж, журмаар зохицуулах боломжтой юу аль эсвэл Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухайд хэлэлцүүлнэ. Цаашид, цахилгаан скүүтер, suron зэргийг замын хөдөлгөөнд оролцуулах эсэх тухайлсан талбай, спортын зориулалтаар хөгжүүлэх үү зэрэг саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн” гэв.

2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.