Хүйтний эрч чангарахаас өмнө намрын налгар өдрүүдэд амжиж автомашингүй өдрийг тэмдэглэхээр хот төлөвлөж байна. Энэ сарын 21-нд буюу ирэх долоо хоногийн Бямба гарагт болох энэ өдөр 07:00-18:00 цагийн хооронд хотын төв рүү чиглэсэн гудамж, авто замуудыг хааж, зах худалдааны төвүүд ажилладаггүй хуваарьтай.
Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилготой жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг энэ өдрийг хотынхон ч мэддэг, тэсэн ядан хүлээдэг болжээ.
Үргэлж хаашаа ч юм цагтай уралдах атал түгжрэлд түгжигдсэн завгүй хотынхон автомашингүй өдрөөр л “амьсгаа авдаг”. Төв замаараа тайван алхаж, гэр бүл найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой ганц өдөр нь учраас тэр.
12 дахь жилдээ уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх энэ жилийн “автомашингүй өдөр”-ийн онцлог нь хаасан гудамж, автозамуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахыг хоригложээ. Хамгийн гол нь, хэрэгжилт чухал.
Жишээ нь, хотын төв болох Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг газарт гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ тайван алхаж байтал араас гэнэт суррон, скүүтер сигнал дарж, эсвэл мөргөх шахам дайрч өнгөрөх хэцүү. Хүүхэд бэртэж гэмтэхийг ч үгүйсгэхгүй.
“Автомашингүй өдөр"-ийн хамгийн чухал нь хүн бүрт аюулгүй тайван мэдрэмжийг өгдөг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд энэ өдрийн аюулгүй тайван байдал алдагдаж зам тээврийн ослын аюул нь замын хөдөлгөөний дүрэмгүй, дураараа хэн дуртай нь унадаг скүүтер, суррон, мопид болж хувирлаа. Иймээс энэ жил болох “автомашингүй өдөр”-өөр энэ унааг хориглож, цаашид “автомашингүй өдөр”-өөр хатуу хязгаарладаг болъё.
Угаасаа хотынхон өдөр тутамдаа явган хүний зам нь хүрэлцээгүй, хоёр хүн зөрөх шахам нарийн зам дээрээ ч тайван алхаж чадахаа болиод удаж байна. Түгжрэлд гацахаар, автобус хүлээхийн оронд суррон, скүүтер, мопид цаг хэмнэж зам дөтлөх нь зөв ч хэн нэгний эрүүл мэнд, амь насаар хэмжигдэх ёсгүй.
Даан ч цаг ямагт скүүтер, суррон, мопид хөлөглөсөн дүрэмгүй, дураараа хүүхэд залууст явган алхахдаа хүртэл дайруулж, зол дайрвал мөргүүлэх шахам өнгөрчихөөд “загнуулдаг" тайван ч алхаж чадахгүй, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирдог үзэгдэл байнга шахам л тохиолдож байна. Иймд цаашид скүүтер, суррон, мопид зэргийг унахыг замын хөдөлгөөний дүрмээр зохицуулъя. Насны хязгаар тогтооё. “Автомашингүй өдөр” ч хөдөлгөөнд оролцож замд хөндөлсхийг нь хориглоё. Учир нь таны эрх миний эрхээр хязгаарлагдах Ардчилсан нийгэмд бид амьдарч байна. Метрополис хотод амьдарч байгаа л бол эрхээ эдэлж, үүргээ ухамсарладаг болъё!
Дашрамд дурдахад, энэ сарын 21-нд болох “автомашингүй өдөр”-өөр дараах байршилд замын хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд,
- Д.Сүхбаатарын гудамж,
- Их сургуулийн гудамж,
- Сөүлийн гудамж,
- Партизаны гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Төмөрчний гудамж,
- Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Токиогийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!