Зарим нь баярлаж, олонх нь гунигласан бүтэн нэг өдөр өнгөрөв. Энэ хугацаанд Ардын намынхан жагсаалтаараа сонгогчдыг татах бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлж эхлэв. Харин АН-ынхан дэвшсэн тойрог, жагсаалтаасаа ээлж дараалан татгалзаж байна.
Гэхдээ бидний өнөөдөр ярьж, бичих сэдэв бол АН-ын зодоон цохион биш. Энэ тухай дараа нь ярина. Эхлээд МАН-ын нэр дэвшүүлэлтийн үеэр “хөшиг”-ний ард юу, юу болсон талаар өгүүлье.
НЭГ, Жагсаалтын нэрсийг сонссон гишүүд зохион байгуулалт орж, Ерөнхий сайд тас гүрийв
Нанчилдаангүй найр утгагүй гэгчээр зөрчил, маргаангүй нэр дэвшүүлэлт гэж байхгүй. Уламжлал ёсоор Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан намын жагсаалт дээр гишүүд алергитаж эхэлсэн нь УЗ-ийн хурлыг удтал хойшлуулав. Ах нарт жагсаалтын урдуур аль болох өндөр доозоор багтаж шингэх хүсэл байсан ч намын даргынхаа оруулж ирсэн экспертүүдээр манлайлуулсан романтик жагсаалтыг хараад хүлээн зөвшөөрөхөд хүндхэн байсан биз. Тооцооллоос зөрсөн жагсаалтын улмаас хэд хэд сонгогдсон гишүүд зохион байгуулалтад орж, жагсаалтыг бужигнуулах санаачилга гаргаж эхэлсэн тул 14.00 цагт хуралдахаар товлосон байсан УЗ-ийн хурал шөнө дөл болтол хойшилсон юм. Нөгөө талд нь ч Л.Оюун-Эрдэнийн хувьд нэр дэвшүүлэлтээ сунжруулж цаг хугацааны хайчинд УЗ, Бага хурлаа оруулах нь ашигтай байсан нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, шөнийн 00.00 цагаас өмнө СЕХ-нд нэрсээ хүргүүлэхгүй бол нам нь бүхэлдээ сонгуульд орох боломжгүй болно. Хуралдаж чадахгүй мунгинах тусам нэрсийг засах, өөрчлөх яриа, хэлцэл албан ёсоор гарахгүй гэсэн үг юм.
ХОЁР, Д.Амарбаясгалан, Н.Учрал хоёрын Чингэлтэй, Сүхбаатарын бүсэд нэр дэвшүүлэх гэсэн хүмүүсийн асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлэж, шанд нь Г.Амартүвшин “хохиров”
Жагсаалтаа эцэслэх үйл явц багагүй хугацаа зарахаар болсон тул маневр хийж, тойргоо тодорхой болгохоор хөдөлжээ. Тойрогт аль болох шинэ хүмүүс ба нэр цэвэр хүмүүсийг зүтгүүлнэ гэдэг бодлого барьсан тэдний хувьд хэд хэдэн тойрогт санал зөрсөн гэнэ. Хамгийн сүртэй нь Чингэлтэй, Сүхбаатар. “Жет скүүтер”-ийн Г.Дашнямыг намын хорооны дарга Н.Учрал тав дахь мандат дээр зүтгүүлж, нөгөө талд нь генсек Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг дэвшүүлэхээр дор бүрнээ “ажиллажээ”. Уг асуудал сүүлдээ нам доторх асуудал ч болох шахсан гэх мэдээлэл байгаа юм. Ингээд байдал хүндэрсэн тул Ерөнхий сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр асуудлыг Ерөнхийлөгчөөр хагалуулсан ба Н.Учралын зүтгүүлсэн Г.Дашням тойрогт явахаар болжээ. Үүний гороор эмэгтэй квот нэгээр дутсан тул Хан-Уулаас Г.Амартүвшин гишүүн “гоожиж”, оронд нь БЗД-ийг горилж явсан Л.Нинжжамц орж ирсэн аж.
ГУРАВ, Л.Оюун-Эрдэнийн зурсан жагсаалт түүнд олон давуу тал авч ирлээ
Ингээд жагсаалтыг удтал хүлээсний эцэст Удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж, улмаар Бага хуралдаа оруулж танилцуулан багагүй хүмүүсийг алмайруулсан юм. Өөрөөр хэлбэл, жагсаалтын эхний арван байранд дандаа шинэ хүмүүс буюу эрдэмтэн судлаачдыг оруулсан. Мөн нэг ч сайд, УИХ-ын гишүүн багтаагаагүй зэрэг нь нийгмийн зүгээс дэмжлэг авах гэсэн МАН-ын тактик юм. Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан энэ жагсаалт нь ҮХНӨ-тэй уялдаж, олон нийтийн хүсээд байгаа мэргэжилтэй, инженерүүдийг төлөөллүүдийг багтаасан гэдгээрээ ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, энэ жагсаалтын нэрс Л.Оюун-Эрдэнэд хэд хэдэн улс төрийн давуу байдлыг олгож байна. Тодруулбал, гадагшаа харагдахдаа эерэг хандлага үүсгэнэ. Харин улс төр талаас нь харвал ихэнх нь намын дарга, багагүй хэсэг нь генсек, Ерөнхийлөгчийн хүмүүс жагсаалтын эхний 25 байранд бичигдсэн байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл сонгуулийн үр дүнгээр парламент рүү орж ирсэн жагсаалтын гишүүд бүхэлдээ дуулгавартай “кнопчин” болно гэсэн үг. Нэгд, тэд улс төр хийж үзээгүй. Хоёрт, шинэ хүмүүс, баахан дэд сайдууд өөрсдийгөө шинэ түвшинд гаргаж өгсөн даргадаа талархаж ач санахдаа намын бодлогын эсрэг зоригтой шийдэл гаргаж чадахгүй. Тэр ч байтугай жагсаалтынхантайгаа намын бодлого сөрөхгүй гэдэг гэрээ хүртэл байгуулах сураг дуулдсан. Бодвол гэрээ зөрчвөл нам нь буцаагаад татах гэх биз.
Улс төр талаас нь харвал ҮНХӨ-ийн дараах улс төрийн тогтолцоонд Л.Оюун-Эрдэнийн өөрийн хүмүүсийн парламентад оруулах гэж буй үйлдэл бол зөв л гаргалгаа. Ерөнхий сайдад эрх мэдэл хураагдах болсон энэ тогтолцоонд ийм байдлаар хаяагаа манах нь ямар ч намын даргын хийх л үйлдэл. Нөгөө талаараа үе солих процессоо дуусгахын тулд “Нийгэмд таалагдах шинэ хүмүүс” гэдэг шошготойгоор ийм жагсаалт хийх нь бодлого талаасаа зөв шийдэл юм. Товчхондоо, МАН-ын жагсаалт Л.Оюун-Эрдэнийн хувьд гадагшаа ч, дотогшоо ч ялалт авч ирэх ашигтай нүүдэл боллоо.
ДӨРӨВ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын нам дотроо хийсэн үеийн шилжилт төгсгөлийн шатандаа оров
Ардын намд алга таших ёстой өөр нэг зүйл нь төрд хэрэггүй гэдэг нь батлагдсан Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй ах нарыг нэр дэвшүүлтээс хоцроов. Ц.Даваасүрэнг явуулах гэсэн ч “Женко”-гийн өөдөөс нэг суудал зулгаах магадлал өндөр тул энэ удаад дэвшүүлэхээр шийдсэн юм. Харин хууль шүүхийн асуудал яригддаг Сү.Батболд, Б.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат, Ц.Сэргэлэн нарыг гадна үлдээв. Мөн Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Х.Баделхан тэргүүтэй гишүүдэд ч нэр дэвших мандат өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, жагсаалтад шинэ хүмүүс чихэж, ах нараа гэрт нь үлдээснээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын эхлүүлсэн МАН доторх үеийн шилжилт бүрэн дуусах шатандаа орлоо.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэр дэвшихгүй байх асуудлаа түрүүлж ойлгож, бусдыгаа чирсэн хүн нь Б.Бат-Эрдэнэ сайд гэнэ. Тэрбээр, өөрийгөө дэвшүүлэхгүй гэсэн Ерөнхий сайдын бодлогыг өлгөж авч, хүлээн зөвшөөрөөд Сү.Батболд тэргүүтэй бусдыгаа “чиржээ”. Хэрвээ сөрөөд эхэлбэл, ах нарын “тоглоом” хаа хүртэл задгайрч, тойрог байтугай жагсаалтыг ч бүхэлд нь задлах хөдөлгөөн үүсэх эрсдэл байсныг таашгүй.
ТАВ, Ерөнхийлөгч хүмүүсээ олноороо чихэж, генсекийн баг тооцож байснаас доогуур оров
126 нэр дэвшигчид дунд хамгийн олон хүнийг нэр дэвшүүлсэн хүн бол Ерөнхий сайд. Анх удаа сонгуульд намаа толгойлж орох гэж буй түүний хувьд ирээдүйд ирэх нам доторх бүлэглэлүүдийн дарамт, шахалтыг эсэргүүцэхийн тулд аль болох ахиухан хүнээ парламент рүү чихэх ёстой. Улмаар парламентын спикерээ “дайсны цэргүүдэд” өгч болохгүй гэх алтан дүрмийг мөрдөх учиртай. Тиймээс жагсаалтын эхний 20 байрын бараг 80 хувь нь Ерөнхий сайдын мэдэлд шилжихээр дүр зураг харагдаж байна. Энэ дунд Ерөнхийлөгчийн 3, генсекийн 4 хүн багтсан байна.
Тойрогт Ерөнхийлөгчийн зүгээс зүтгүүлсэн шинэ хүмүүс гэвэл З.Мэндсайхан, Б.Даваадалай, Г.Сайханбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярмагнай, С.Лүндэг, Ж.Энхбаяр, У.Отгонбаяр, Ө.Золбаяр, Н.Хүрэлбаатар, Т.Мөнхсайхан нар байгаа юм. Харин генсекийн зүгээс А.Цогцэцэг, С.Энхболд, М.Алдаржавхлан гэх зэрэг төлөөллүүд байна. Эндээс харахад Д.Амарбаясгалан талын хүмүүс жагсаалтад ч тэр, тойрогт ч тэр тооцоолж байсан хэмжээнээс харьцангуй бага тоогоор явлаа. Харин Г.Занданшатар даргын хувьд өөрийн дэмжиж байсан ганц нэг хүмүүсийг л түлхсэн бөгөөд нэр дэвшүүлэлт дээр төдийлөн оролцож ашигтай хувилбар гаргасангүй.
ЗУРГАА, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэр дэвшүүлэлтийн өмнө гар барилаа
Ардын намын дарга нараас хэн нь хэдэн хүн нэр дэвшүүлсэн бэ гэдгээс МАН доторх өнөөдрийн ойлголцол, цаашлаад ирээдүйд өрнөх хамтралын дүр зураг ашиглагдаж байгаа юм. Дээрх квотын харьцааг ажиглахад энэ удаагийн нэр дэвшүүлэлт дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр голлож тоглов. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд үл ойлголцолтой байсан Хэнтийн хуурай ах дүүс энд хүрээд ойлголцсон бололтой. Энэ ойлголцлын ажлыг эргэн тойрныхон нь өдөөж асуудлыг хэлэлцэж нэг талдаа гарсан гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ хувь хүн хоорондоос биш институт хоорондын асуудлаас болж үүсдэг уг зөрчил нэг их удахгүй эргээд сэдрэх нь ойлгомжтой. Харин нэр дэвшүүлэлт дээр ойлголцсон тул сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн зүгээс Я.Содбаатартаа намын генсекийн суудлыг авч өгөх магадлал өсөв.
Нэмж хэлэхэд саяын нэр дэвшилт дээр хамгийн хоржоонтой тоглолт хийсэн хүн бол Ерөнхийлөгч байлаа. Учир маш олон горилогчдыг тойрогт ажиллуулж, улмаар намдаа шахалт үзүүлж аль болох ахиухан хүн дэвшүүлж чадсан нь түүнд ашигтай буулаа.
ДОЛОО, Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум” гэгдэх М.Энхболдын талаас ангижирч байна
“Хотын” гэх фракцаас үүдэлтэй “60 тэрбум”-ийнхан гэх ангилалд багтах нэр дэвшигч бараг л гарсангүй. Тухайн цаг үед сайд, дарга хийж байсан дам агуулгаар холбогдож явж ирсэн. Одоо бие дааж эхэлсэн 4-5 нэр дэвшигч л байгаа юм. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн нэр дэвшүүлэлтээрээ өөрийнхөө анх тэмцэж гарч ирсэн М.Энхболдын бүлэглэлд цэг хатгав бололтой. Энэ парламентаас тэдний гол дүр болоод байсан Ж.Мөнхбатыг гаргаж явуулснаараар ерөнхийдөө асуудлыг нэг тийш нь болгох зам засагдсан билээ.
НАЙМ, Кабинетийнхээ дэд сайдуудын талыг нь нэр дэвшүүллээ
Жагсаалт болон тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн найм нь энэ Засгийн газарт Дэд сайдын албан тушаал хашиж буй эрхмүүд байна. Өөрөөр хэлбэл, дэд сайдуудыг тойрогт дэвших, жагсаалтад орсон болон нэр дэвших эрхээ авч чадаагүй гэх гурван хэсэгт хувааж болох юм. Дэд сайдуудыг ингэж олноор нь улс төрд чирч оруулж ирж байгаа нь цаад агуулгаараа МАН-ын дарга нар аль болох дуулгавартай, гарын хүмүүсээ парламентад оруулах гэсэн санаачилга гэж харагдаж буй юм.
ЕС, Аймгийн гурав, дүүргийн таван Засаг дарга нэр дэвшихээр болов
Н.Лхагвадорж, М.Бадамсүрэн, Э.Болормаа гэсэн гурван аймгийн Засаг дарга. Н.Баярмөнх, Н.Батсүмбэрэл, Н.Алтаншагай, Ж.Алдаржавхлан, Ө.Сумъяабаатар гэсэн таван дүүргийн Засаг даргыг нэр дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, бусад аймгийн засаг ноёдууд энэ удаагийн нэр дэвшүүлэлтэд багтаж чадсангүй. Уг нь нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Дарханы засаг А.Азжаргал нэр дэвших хүсэлтээ өгсөн ч зарим нэг шалтгааны улмаас нэрээ татсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, энэ цаг үед болон ирээдүйд хэрэгжиж эхлэх олон томоохон төслүүд Дархан, Сэлэнгийн бүсэд байгаа учраас А.Азжаргалыг Дарханыхан бодлогоор үлдээсэн. Чадвал үргэлжлүүлэн Засаг даргаар нь ажиллуулах гэнэ. Харин Завхан аймгаас нэр дэвшихээр горилж, жилийн өмнө тус аймгийн Засаг даргаар очсон Г.Өнөрбаярын хувьд гадагшаа явж сурах зэрэг асуудлаас шалтгаалж мөн л нэр дэвших хүсэлтээ татаж авсан гэх мэдээлэл байна.
АРАВ, MCS-ийнхэн шинэ төлөөллүүдээ оруулж ирлээ
Үеийн үед бизнесийн төлөөллүүд УИХ-д орж ирдэг. Энэ жишгээр Ардын намын удирдлагууд томоохон бизнесийн төлөөллүүдийг нэр дэвшилт рүүгээ оруулж ирлээ. Тодруулбал, жагсаалтад MCS-ийн захирал асан, одоогийн МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Ондо”-гийн Ч.Анар зэрэг төлөөллүүд орсон. Харин тойрогт М банкны захирал Л.Соронзонболд, “Жет скүүтер”-ийн Г.Дашням зэрэг шинэ төлөөллүүд орж ирлээ. Өөрөөр хэлбэл, MCS-ийнхэн УИХ дотор шинэ төлөөллүүдтэй болохоор харагдаж байна. Харин Ардын нам дотор хүчтэй нөлөөтэй явж ирсэн Сү.Батболдын бизнесийн бүлэглэл энэ удаад гол төлөөлөгчөө алдсан юм.
АРВАН НЭГ, Малчдын төлөөлөл мартагдав
Улс төрийн намуудын дунд өнгөрсөн хугацаанд яригдаж байсан зүйл бол жагсаалтад малчдын төлөөллийг оруулах тухай байв. Гэвч энэ удаад Ардын нам ч, Ардчилсан нам ч гэсэн малчдын төлөөллийг орхигдуулж орж ирлээ.
АРВАН ХОЁР, Н.Энхбаяр чимээгүйхэн хожив
Жагсаалт, тойргийн хэрүүл дунд хамгийн хожоотой тоглосон хүн бол Н.Энхбаяр. Тэрбээр тойрогт З.Батырбек, Э.Батшугар, Б.Тулга гэсэн гурван хүнээ дэвшүүлсэн бол Б.Хэрлэнг 14 дугаарт, П.Баттөр дэд сайдыг маш боломжийн байрлалд бичүүлж амжив. Мөн Х.Оюунцэцэгийг жагсаалтын 44-д бичүүлжээ. Үеийн үед Н.Энхбаяр тохироо хийхдээ гаргууд, улс төрийн өрөг дээр тоглож сурсан хүн учраас чимээгүйхэн сууж байгаад дөрвөн хүнээ хэл амгүйхэн шиг сонгуульд сойлоо.