Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхдүүд сэтгэцэд нөлөөтэй эм, бэлдмэлийг СУДСААР тарьж, улмаар ГАРАА ТАЙРУУЛАХ эрсдэлтэй нүүр тулж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй Сурвалжлага
Огноо
Унших
14 минут 10 секунд

Та хүүхдийнхээ сошиал хэрэглээг шалгахаас илүүтэй гар, хуруунд нь ямар нэг гэмтэл үүссэн эсэхийг шалгаж байв уу. Хэрэв шалгаж байсан бол тарианаас үүдэлтэй сорви тогтсон эсэхийг ажиглаж харав уу.

Магадгүй эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ сошиал сүлжээнд илүүтэй анхаарал хандуулж, зан төлөвийн өөрчлөлт болон биед нь үүсэж буй яр шархыг төдийлөн анзаардаггүй байж болох юм. Тэгвэл одооноос эхлэн хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнээс гадна бие, сэтгэлзүйд нь анхаарах шаардлагатайг сануулъя. Учир нь сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд болон залуучууд ямар нэг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл мөн мансууруулах бодисыг хэрэглэж, судас руугаа тарьж улмаар тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болох ч эрсдэл үүсэж байна. Тиймээс эцэг эхчүүд болон өсвөр насныханд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү сэдвийг хөндөж байна.

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хууль 3.1.1. "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг" хэлнэ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өссөөр байна. Тухайлбал, 2002 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон түүнтэй холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд нийт 2 бүртгэгдэж, шийдвэрлэгдэж байсан бол энэ тоо 2023 онд 238 болж өсжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил

Дээрх график нь зөвхөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон гэмт хэрэг зөрчлийг илэрхийлсэн график болно. Тэгвэл,

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд мансууруулах эм бэлдмэл хэрэглэж, өөрсдийн амь нас, бие махбодод эрсдэл учруулах тохиолдол нэмэгдэх болжээ. Тухайлбал зөвхөн эмийн жороор олгох эм бэлдмэлийг эмийн сангаас хулгайлах эсхүл жоргүйгээр олгодог эмийн сангаас худалдан авч, мансуурч буй талаар албаны эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

Бид хэд хэдэн эмийн сангаас нэр бүхий ... гэх эмийг /сэтгэцэд нөлөөтэй/ хүүхдэд худалдан борлуулдаг эсэх мөн жороор олгодог эсэхийг тодруулахад,

Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл худалдан борлуулахгүй

БЗД-т байрлах ... эмийн сангийн Эм зүйч "Тухайн эмийг зөвхөн эмчийн жороор олгоно. Өөрөөр хэлбэл ногоон падан дээр бичигдсэн, эмчийн өөрийнх нь гарын үсэгтэй мөн утасны дугаартай байх ёстой. Бид уг эмийг зөвшөөрөгдсөн нөхцөлийн дагуу худалдан авагчид өгөхөөс гадна заавал эмч рүү холбогдож баталгаажуулдаг. Үүнээс өөр нөхцөлд олгох боломжгүй" гэх хариуг өглөө.

Харин ЧД-т байрлах ... эмийн сангийн Эм зүйч " ... гэх эмийг хүүхдүүд их сураглаж орж ирдэг байсан. Сүүлийн үед багассан байна. Гэхдээ хамгийн чухал нь сэтгэцэд нөлөөтэй бүхий л эмийг жороор олгодог. Шууд худалдан борлуулж болдоггүй" гэсэн юм.

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуульд дараах хориглосон зүйл заалт бий. Тухайлбал,

  • 13.1.3. мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг жоргүйгээр болон хүчингүй жороор олгох, түүнчлэн жоронд заасан тоо, хэмжээнээс илүү олгох;
  • 13.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх;
  • 13.1.9.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг насанд хүрээгүй хүнд худалдах, олгох;

Дээрх хуулийн заалтаас харахад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг насанд хүрээгүй хүүхдэд олгохгүй мөн заавал эмчийн жороор олгоно хэмээн тусгажээ.

Мөн дээрх хуулийн "10.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ" хэмээн заасны дагуу ЦЕГ болон мэргэжлийн эмчээс дараах мэдээллийг авч, сэрэмжлүүлэг хүргэж байна.

ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн Эрхлэгч Л.Нанжид,

Сэтгэцэд нөлөөтэй эм, бэлдмэлээс үүдэж насан туршдаа хохирох, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй

-Сүүлийн үед өсвөр насныхан дунд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэж байгаа талаарх мэдээлэл тархсан. Тиймээс энэ талын сөрөг үр дагавар, сэрэмжлүүлэг мэдээллийг өгөхгүй юу?

-Өсвөр насны хүүхдүүд болон 18-25 орчим насны залуус бие биеэ даган дуурайх, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй үед сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, тариа хэрэглэх тохиолдол нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүүхдүүд бие биеийнхээ ам дамжсан ярианаас үүдэн энэ төрлийн эм бэлдмэлийг тариа хэлбэрээр ашиглаж байна гэсэн үг. Гэтэл энэ нь асар өндөр хор уршигтай.

Өөрөөр хэлбэл тариа хийсэн газрын эд эс үхжих, улмаар мөчдийн тайралт хийгдэх хүртэл арга хэмжээ авахад хүрдэг. Учир нь сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг тарьсан тохиолдолд судсанд бөөгнөрөл үүсэх, цаашлаад цусан хангамж зогсох буюу тэжээлгүй болж үхжил үүсдэг. Энэ тохиолдолд тухайн гар, хурууны хэсгийг тайралт хийхээс өөр сонголт байхгүй.

Тиймээс өсвөр насны хүүхдүүд аливаа эрсдэлийг тооцоолох, ганц удаагийн болчимгүй үйлдлээс үүдэн хөгжлийн бэрхшээлтэй болох, насан туршдаа хохирох хор уршгийг сайтар мэдэх нь чухал юм. Ид хийж бүтээх, сурч боловсрох, цэцэг цэврүү шиг насан дээрээ ийм үйлдэл хийж, насаараа харамсана гэдэг бол маш гунигтай.

-Энэ төрлийн тохиолдол хэр их ирдэг вэ?

-Тохиолдлын тоо, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг тэр бүр тодорхой хэлэх боломжгүй юм. Эмнэлгийн байгууллагад тусламж үйлчилгээ авахаар ирж буй хүмүүсийн гар, хуруу харласан болон үхжил үүсэх, тэжээллэг байдлаа алдсан байдалтай байдаг ч сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, тариа хэрэглэсэн тухайгаа огт хэлэхгүй. Тиймээс үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нууц болон холбогдох байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотойгоор нууцлалтай байдаг.

Хамгийн гол нь өсвөр насныхан болон залууст анхааруулж хэлэхэд, бие биеийнхээ буруу ятгалга, зөвлөгөөнд итгэж болчимгүй үйлдэл хийж болохгүй шүү гэдгийг сануулмаар байна. Олуулаа нийлж нэгнээ уриалах, буруу зүйлд уруу татсанаар насаараа харамсах үйлдэл битгий хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Харин эцэг эхчүүдэд Цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна. Тодруулбал,

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой гэмт хэрэгт холбогдогчдын 86.7 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуус эзэлж байна. Тухайлбал,

  • Сониуч зангаасаа болж- 67.8 хувь
  • Найзуудаа даган дуурайж, доргиж- 43,2 хувь
  • Чөлөөт цаг, зав ихтэйгээс болж- 23.6 хувь нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.

Хүүхдийн 13-14 нас нь шилжилтийн үе буюу хүүхдээс том хүн болдог, зан төлөв нь төлөвшдөг үе байдаг. Гэвч энэ үед хүүхдүүд донтолтод өртөх хамгийн өндөр магадлалтай. Тиймээс шилжилтийн насны үед хүүхдэд эцэг эхийн анхаарал, зөвлөгөө хамгийн чухал. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд хар тамхинд донтох магадлал өндөр болж буй.

Хар тамхи хэрэглэсэн 10 хүүхэд тутмын долоо нь сониуч зангаасаа болж, 10 хүүхэд тутмын дөрөв нь найзуудаа даган дуурайж, чөлөөлөх цаг, зав ихтэйгээс болж 23.6 хувь нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.

Хүүхэд, залуучуудыг хар тамхи, мансууралд оруулж байгаа гол зүйлийн нэг бол хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын талаар тодорхой мэдлэггүй байх, цахим орчноос болон гадаадад амьдарч байсан хэн нэгнээс худал мэдээлэл авах явдал юм. Үүнээс болж хар тамхи, мансууруулах бодисыг хүний биед хоргүй, дасал болдоггүй, донтохгүй, хүссэн үедээ хэрэглэхээ больж болдог, бусад улс оронд хэрэглэхийг зөвшөөрсөн гэсэн ташаа ойлголт, буруу мэдээлэлтэй болсон байдаг.

Мөн нийгэм, сэтгэл зүйн талаас, хүүхдийн буруу хүмүүжил, ажилгүйдэл, хамт олон гэр бүлийн тааламжгүй харилцаа, гэр бүл салалт, санхүүгийн хүндрэлтэй байдалд орох, хүчирхийлэлд өртөх гэсэн сөрөг хүчин зүйлсээс шалтгаалж хар тамхинд орж байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө, үүсэж болзошгүй эрсдэлийг гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхөд нь зөв ойлгуулж, үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай юм.

Түүнээс гадна эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөхөд,

Эрүүл амьдралын хэв маягтай, зөв орчинд хүмүүжсэн хүүхэд өөртөө итгэлтэй, бусдыг даган дуурайхгүй, хэн нэгэн хар тамхи хэрэглэхийг санал болгоход “Үгүй” гэж хэлж чадах чадвартай, насан туршийн дархлаатай болж хүмүүжүүлэх, мөн хүүхдийнхээ хүсэл сонирхлыг мэдэж, сайн сонсож, тулгарсан асуудлыг эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг сурталчилсан мэдээллээс ангид байлгах болон хүүхдийнхээ биед ил болон далд харагдахуйц шарх буй эсэхийг сайтар нягталж байхыг анхааруулж байна.

Тэгвэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ биед ил болон далд хэлбэрийн шарх байгаа эсэхийг шалгадаг уу? Энэ асуултыг өсвөр насны хүүхэдтэй хэд хэдэн эцэг эхэд тавив. Ингэхдээ тэдний хүсэлтээр нэр, нас, царайг нууцлав. Тэд,

Иргэн А, "Хүүхдийнхээ цахим хаягийг л заримдаа шалгадаг юм. Хүү маань ч өөрийнх нь утсыг шалгахаар дургүйцээд байдаг. Харин гар, хөлийг нь шалгаж байгаагүй юм байна"

Иргэн Б, "Хүүхдийнхээ найзуудыг сайн мэддэг болохоор ямар нэг буруу зүйл хийхгүй байх гэж боддог. Хүмүүжил сайтай болохоор нэг их санаа зовдоггүй юм. Гарыг нь шалгаж байгаагүй л дээ. Заримдаа найзуудтайгаа маргалдсан гээд бага зэрэг шалбарсан тохиолдол гардаг юм"

Иргэн В, "Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой янз бүрийн л асуудал сонсогдох юм. Гэхдээ хамгийн чухал нь найзууд нь ямар хүүхдүүд вэ гэдэг шүү дээ. Аль болох болохгүй, бүтэхгүй зүйлийг сануулж хэлдэг болохоор алзахгүй гэж боддог юм. Харин гарыг нь огт шалгаж байгаагүй юм байна" гэх хариултыг тус тус өгөв.

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд ч өөрийнхөө эд зүйлийг ээж, аавдаа үзүүлэхээс, цагдаж хянуулахаас цааргалдаг. Тийм ч учраас эцэг, эхчүүд төдийлөн хүчилдэггүй болов уу. Гэвч таны хүүхэд нүднээс тань далд ямар ч эрсдэлд орж буйг таашгүй. Тиймээс хүүхдээ хорьж цагдаж, шалгахаас илүү сайтар анхаарч, анзаарч байх нь эцэг эх, асран хамгаалагч та бүхний хийх ёстой хамгийн чухал зүйл юм шүү.

Мөн өсвөр насныхан та бүхэн өөрсдийн болгоомжгүй үйлдлээс болж насаараа харамсах зүйл бүү хийгээрэй. Найзууд тань өгч буй зөвлөгөө зарим тохиолдолд буруу ч байж болох тул аливаад дүн шинжилгээ хийж, үүсэж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон найзуудыгаа хамгаалаарай.

/Энэхүү нийтлэл нь уриалан дуудсан, сэдэлжүүлсэн агуулгыг илэрхийлэх зорилгогүй, харин анхааруулах, сэрэмжлүүлэх зорилготой юм/

Ц.Мөнхцэцэг: Сонгогчдод далд хэлбэрээр авлига өгч нөлөөлж байгааг таслан зогсоох ёстой
Ц.Мөнхцэцэг: Сонгогчдод далд хэлбэрээр авлига өгч нөлөөлж байгааг таслан зогсоох ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.