УИХ-ын 2024 оны сонгуулиар гадаад дахь иргэдийн саналыг ирэх сарын 20-23-ны өдрүүдэд авна. Ингэхдээ санал өгөх хүсэлтэй иргэд урьдчилан бүртгүүлэх учиртай. Тэгвэл тус бүртгэл ирэх зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж СЕХ-ноос мэдээллээ. Гадаад улсад байгаа иргэд хэрхэн саналаа өгөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэвэл:
УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛНЭ
Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай. Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй.
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАА ОЧИЖ САНАЛАА ӨГНӨ
Саналын хуудсаа дугтуйлж битүүмжилнэ. Сонгогч зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд тухайн Улсынхаа цагаар 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө.
Санал авах байранд сонгогчийн иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж саналын хуудас, дугтуйн хамт өгдөг. Сонгогч санал тэмдэглэх бүхээгт орж саналын хуудас дээрх зааврын дагуу саналаа тэмдэглэж дугтуйд битүүмжлээд саналын хайрцагт хийж саналаа өгнө.
УИХ-ын тогтоолоор гадаад улс дахь санал хураалтыг зургадугаар сарын 20-ны пүрэв гарагаас эхлэн 23-ны бүтэн сайн өдрийн 22:00 цаг хүртэл дөрвөн өдрийн турш санал авахаар тогтоосон. Тиймээс гадаад улсад суугаа иргэд аль боломжтой өдрөө тааруулан очиж саналаа өгөх боломжтой.
САНАЛЫН ХУУДСЫГ ХЭРХЭН ТООЛЖ, БАТАЛГААЖУУЛЖ ХҮЧИНТЭЙД ТООЦОХ ВЭ
Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсаас ирсэн саналын хуудсыг өөрийн байранд зургадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тоолох үйл ажиллагааг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл салбар комиссуудаас ирсэн битүүмжлэл бүхий саналын хуудсыг нэг бүрчлэн задалж, санал тоолох төхөөрөмжид уншуулан дүнг гаргадаг. Уг үйл ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.