Сурагчдын хичээл таржээ. Хүүхдүүд гэртээ харихаас урьтаад тоглоомын талбай бараадна. Тоглож байгаа хүүхдүүдээс сошиал сүлжээ ашигладаг эсэхийг нь асуухад ихэнх нь "тийм" гэж хариулж байлаа. Зарим нь нэг жил, зарим нь таван жил гээд л ам уралдана.
Арга ч үгүй биз. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа энэ цаг үед хүн бүр л сошиал сүлжээнд идэвхтэй байдаг болсон. Найман настай балчраас 80 настай буурал ч ялгаагүй бүгд цахим орчны идэвхтэй хэрэглэгч гэхэд хилсдэхгүй болов уу. Харамсалтай нь сошиал сүлжээ бол хамгийн аюултай орчин. Энд хамгийн их залилангийн гэмт хэрэг үйлдэгдэж байна, энд хамгийн аюултай хэргүүдийн үүр уурхай, эхлэл тавигдаж байна. Ялангуяа энэ аюул өсвөр насны хүүхдүүдийг "онилдог" тул эцэг, эхчүүд үр хүүхдүүдийнхээ сошиал хэрэглээнд анхаарал хандуулах ёстой. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдэдээ хараа хяналтаа сайтар тавьж байхыг сануулж дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
Улаанбаатар хот,
Бид сурвалжилгынхаа явцад өсвөр насны хүүхдүүдээс цахим орчинд үйлдэгдэж байсан бас өөрт нь тохиолдож байсан гэмт хэргийн шинжтэй тохиолдол байдаг эсэхийг тодруулав.
КЕЙС 1,
"Нэг жилийн өмнө надад тохиолдсон юм. Би фэйсбүүк дээр пост бичих дуртай байлаа. Гэтэл нэг удаа сонин зурагтай фэйсбүүк хаягаас над руу "Ахын дүү хэдэн настай вэ. Танилцах уу" гэдэг чат ирсэн. Гэхдээ би түүнд нь хариу бичээгүй л дээ. Аюултай санагдаад байхаар нь аавдаа хэлсэн. Тэгээд аав маань цагдаа руу залгаж, мэдээлэл өгч байсан юм. Гэтэл тэр хүн 40 гаруй настай ах байсан. Өөр олон охин руу тэгж бичсэн гэж аав дараа нь надад хэлсэн"
КЕЙС 2,
"Надад биш манай найзад тохиолдсон юм. Найз руу маань нэг хаягаас "Сайн уу, танилцах уу" гэдэг чат ирсэн гэсэн. Гол нь манай найз 6-р ангид байсан болохоор хариу бичсэн юм билээ. Гэтэл нөгөө хаягаас нь зураг нэхээд, асуулт асуугаад хариулахгүй бол зургийг чинь олон нийтэд цацна шүү гэж сүрдүүлсэн гэсэн. Манай найз ганц нэг асуултад нь хариулсан юм билээ. Сүүлдээ тэр хүн аюултай санагдаад блок хийсэн"
КЕЙС 3,
"Өсвөр насны хүүхдүүд бидэнд найзын хүсэлт их ирдэг шүү дээ. Манай нэг найзын фэйсбүүк рүү нэг хаягаас "Танилцах уу" гэж чат ирээд найз маань өөрийнхөө үеийн хүүхэд байна гэж бодоод хариу бичиж, байнга чатладаг болсон юм билээ. Гэтэл тэр хүнээс нь "Чи зургаа явуулаач, хаана байгаа юм, уулзъя" гэдэг чат байнга ирээд байхаар нь гайхаад хаягийг нь шалгатал яах аргагүй 30 настай эрэгтэй хүн байсан гэсэн. Тэгээд л найз маань тэр хүнийг блоклоод, ойр дотнын найзууддаа бас ангийнхаа хүүхдүүдэд анхааруулж байсан"
Энэ бол ердөө гуравхан хүүхдэд тохиолдсон явдал. Цаана нь хэчнээн хүүхдэд ийм асуудал тохиолдож буйг бид таашгүй. Үүнээс үзэхэд өсвөр насны хүүхдүүдэд хамгийн түгээмэл тохиолдож болох эрсдэл бол бэлгийн мөлжлөг аж.
Тэгвэл цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын ЭЦХ-ийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Э.Отгонмөнх дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Интернэт орчин хөгжихийн хэрээр бага насны хүүхдүүд фэйсбүүк, инстаграм, телеграм, вайбер зэрэг цахим платформуудыг ихээр ашиглах болсон. Үүнтэй холбоотойгоор насанд хүрсэн этгээдүүд өөрийгөө 15, 16 настай өсвөр насны хүүхэд гэж хуурамч хаяг нээн, бага насны хүүхдүүдэд итгэл үнэмшил төрүүлж, удаан хугацаанд харилцаж, тэдэнд дата, нэгж өгөх эсхүл ямар нэг байдлаар санхүүгийн тусламж үзүүлж улмаар дотно харилцаанд орохыг шаардсан гэмт хэрэг сүүлийн үед өсөх хандлагатай байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдийнхээ цахим орчинд хяналт тавьж, сошиал ашиглаж буй цагийг нь хязгаарлах шаардлагатай. Мөн ямар, ямар платформыг ашиглаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулж, хүүхдээ цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй" гэв.
Өмнө нь дурдсанчлан цахим орчинд ямар ч шүүлтүүргүй мэдээлэл тархаж байдаг. Бас хуурамч хаягийг хэн ч нээх боломжтой учраас хүүхдийн эсрэг гэмт хэргийг үйлдэхэд хамгийн тохиромжтой байдаг байна. Тиймдээ ч Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр байнга цацаж, хүүхэд багачууд төдийгүй, эцэг эх, асран хамгаалагч нарт анхааруулга өгдөг.
ЖИШЭЭ 1,
Цагдаагийн байгууллага 2023 оны 10-р сард "Boogii Boogii" фэйсбүүкийн хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн байдаг. Хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан "Ц" гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож байв.
ЖИШЭЭ 2,
С.Э гэгч нь фэйсбүүкийн “А.Анударь, Болоршагай Т.” гэсэн хуурамч хаягуудыг ашиглан фэйсбүүкийн “ХҮҮХДҮҮД” нэртэй нууц групп чатыг 2022 оны хоёрдугаар сард шинээр үүсгэн, тус групп чатдаа бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэг, зураг зэргийг цуглуулж, хадгалж, улмаар “ХҮҮХДҮҮД” гэсэн групп чатад иргэдээс төлбөр авч /5000-10000 төгрөг/ оруулан бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэгийг үзүүлсэн, тараасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж, тус этгээдийн үйлдэлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаатай хорих ял шийтгүүлсэн байдаг. Энэ мэтчилэн анхааруулга авч болох олон жишээ манайд бий.
Сурвалжилгын явцад нэгэн сурагч хүү Сэтгэлзүйч Л.Нарангоотой цахим орчинд үйлдэгдэж болох хэргүүдийн талаар ийнхүү ярилцав. Тодруулбал,
- Сэтгэлзүйч: Сайн уу. Хэддүгээр ангид сурдаг вэ?
- Сурагч: 7-р ангид сурдаг.
- Сэтгэлзүйч: Фэйсбүүк хэрэглэдэг үү?
- Сурагч: Фэйсбүүк хэрэглэдэг.
- Сэтгэлзүйч: Хэдэн жил ашиглаж байна?
- Сурагч: 5 жилийн турш ашиглаж байна.
- Сэтгэлзүйч: Өөр рүү нь танихгүй хүнээс, танихгүй хаягаас чат ирж байсан тохиолдол бий юу?
- Сурагч: Байгаа.
- Сэтгэлзүйч: Энэ тохиолдолд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
- Сурагч: Нэг их ач холбогдол өгдөггүй. Аюултай байх гэж бодоод тоолгүй өнгөрөөчихдөг юм.
- Сэтгэлзүйч: Чатыг нь харахгүй орхичихдог гэсэн үг үү?
- Сурагч: Найз уу, найз биш үү гэдгээр нь ялгачихдаг юм. Найз байвал шууд чат нь ирчихдэг. Найз биш бол чатын хүсэлт рүү орчихдог юм. Тийм болохоор найз биш хүнээс чат ирвэл чатыг нь харахгүй өнгөрөөчихдөг. Бас янз бүрийн хүнээс найзын хүсэлт ирэхээр авдаггүй юм.
- Сэтгэлзүйч: Чи цахим гэмт хэрэг гэж сонсож байсан уу. Ер нь юуг цахим гэмт хэрэг гэдэг юм бол?
- Сурагч: Сонсож байсан. Жишээлбэл, Хүн рүү ямар нэг код явуулаад түүнийгээ буцаагаад явуулаач гэдэг юм уу тийм байдлаар чат бичвэл өөрийнхөө хаягийн нууц үгийг алдах, хувийн мэдээллээ ч задраах аюултай. Бас хуурамч хаягаас ямар нэг чат бичээд мөнгөө алдах ч тохиолдол гардаг.
Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй олон гэмт хэрэг бий. Түүн дотроос хамгийн их анхаарал хандуулах ёстой гэмт хэрэг бол бэлгийн мөлжлөг. Учир нь хүүхдийн сэтгэлзүй тэр дундаа оюун бодол нь насанд хүрсэн хүнийх шиг бүрэн хөгжөөгүй байдаг тул хүүхдүүд аливаад шийдвэр гаргахдаа тун маруухан байдаг. Бас бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон хүүхдүүд насан туршийн айдастай болох нь бий.
Сэтгэлзүйч Л.Нарангоо дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд сошиал сүлжээг их ашиглах болсон. Тиймдээ ч өсвөр насны хүүхдүүд цахимаар үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөртэй байдаг. Үүнийг сэтгэлзүйн талаас нь авч үзвэл шийдвэр гаргалттай ихээхэн холбоотой. Учир нь хүүхдийн аливаад дүн шинжилгээ хийх чадвар насанд хүрсэн хүнийхээс бага байдаг. Тиймээс ээж аав нар хүүхдүүддээ аливаад дүн шинжилгээ хийх чадварыг сайтар суулгах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд юу буруу, юу зөв бэ гэдгээ ялгаж чаддаг болно. Ард нь гарах үр дүнг ч тодорхойлж чаддаг болно" гэв.
Мөн цахим орчинд өсвөр насны хүүхдийн зураг, бичлэг цацагдсан тохиолдолд ХХЗХ-д холбогдон мэдээллийг устгуулах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл,
Цахим орчинд хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой зураг, видео бичлэг байвал репортлодог систем бий. Манай улсын хувьд одоогийн байдлаар EKids.mn сайтаар дамжуулан репорт хийх боломжтой. Ингэснээр хүүхдийг цахим халдлагаас хамгаалж, нүцгэн зураг, видеог нь устгуулах боломжтой юм.
ХХЗХ-ны Интернэтийн сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Чулуунбат,
"Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хоёр арга хэмжээг авч ажилладаг. Нэгдүгээрт, сургалт нөлөөллийн арга хэмжээ. Хоёрдугаарт технологийн арга хэмжээг авч ажиллаж байна.
Хэрэв цахим орчинд хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой зураг, бичлэг цацагдвал тухайн зураг бичлэгийг устгах. Мөн түүнтэй холбоотой мэдээ нийтлэлийг цацсан, олон нийтэд нийтэлсэн иргэнийг IP хаягаар нь илрүүлэх арга хэмжээг авч ажилладаг. Түүнчлэн, Фэйсбүүк платформд гарч буй зохисгүй зураг, бичлэг, контентыг устгах арга хэмжээг эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэрээр META компанид хүргүүлдэг.
Мөн вебсайт дээр байгаа зохисгүй, хууль бус контентыг эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэрийн дагуу вебсайтуудад хүргүүлдэг. Хэрэв тухайн вебсайт зохисгүй контентоо устгаагүй тохиолдолд хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авдаг" гэх мэдээллийг өглөө.
Цахим орчин бол хамгийн аюултай орчин. Хүүхэд битгий хэл том хүн ч гэсэн цахим халдлагад өртөх тохиолдол бишгүй бий. Гэхдээ үүний хор хөнөөлөөс үүдэн өсвөр насныхан хүүгээд хүүхдүүдийн сэтгэлзүйд томоос том шарх үүсдэг бөгөөд үүнд хамгийн их анхаарах ёстой хүн бол эцэг эхчүүд, томчууд. Түүнээс гадна үе тэнгийн найз нөхөд нь ч мөн бие биедээ анхаарал тавьснаар цахим орчин дахь хүүхдийн эрх бас өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадна. Тиймээс утасны цаана байгаа араатанд боломж бүү олго.