Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар бодлогын хүүг хэлэлцэж байна. Тус хорооноос гаргасан шийдвэрийг 14:00 цагт танилцуулахаар болжээ.
Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 14, 15-нд хуралдаж 13 хувьтай байсан хүүг 12 болгон нэг нэгжээр бууруулсан юм. Эдийн засгийн сэргэлтийг дагаж инфляци буурч 7 хувьтай болсон нь энэхүү шийдвэрийг гаргахад нөлөөлсөн.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын байдлаар инфляц 6.4 хувьтай гараад байгаа нь дээрх хурлаар хүүг бууруулах уу гэх хүлээлт үүсгээд байна.
Бодлогын хүү нь банкууд хоорондоо зээл олгож авах суурь хүү юм. Тус хүүний өөрчлөлт ямар байхаас шалтгаалан арилжааны банкуудын зээлийн хүү, иргэн, аж ахуйн нэгж, өрхийн орлогод хүртэл нөлөөлдөг. Сануулахад, төв банкны зүгээс цар тахлын хямрал, гадаад шокоос үүссэн инфляцын хөөрөгдлийг мөнгөний хатуу бодлогоор аргамжиж байв. 2020 онд 6 хувьтай байсныг 13 хувь хүртэл хатуурсан. Энэ үед банкуудын зээл олголт татарч, бизнесүүд хумигдахын хэрээр эдийн засаг ч агшсан. Өөрөөр хэлбэл, Зээлийн хүү зорилтот түвшинд хүрч чадахгүй байх гол "чөдөр" нь төв банкны бодлогын хүү байсан юм. Хэдийгээр Мөнгөний бодлогын хуралдаанаар бодлогын хүүг 12 болгож зөөлрүүлсэн ч бодит байдал дээр арилжааны банкуудын зээлийн хүүгийн дарамт буураагүй өндөр хэвээрээ, банкууд бодлогын хүүгийн нэг нэгжийн бууралт зээлийн хүүг бууруулахад нөлөөлөхгүй гэх тайлбарыг өмнө нь өгч байсан юм.