СУРВАЛЖИЛГА: Бодлогын хүү буурсан ч банкууд зээлийн хүүг өндрөөр хадгалах сонирхолтой байна уу

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 39 секунд

Эдийн засгийн сэргэлтийг дагаж, Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгжээр бууруулж 12 хувьтай болгосон ч зээлийн хүүгийн дарамт буурсангүй. Арилжааны банкуудаар ороход бизнесийн зээлийн сарын дундаж хүү 1.3-5 хувьтай байгаа бол жилийн хүү 16-22 хувь байгаа юм. Энэ бол өндөр хувь. УИХ-аас 2020 онд Зээлийн хүүг бууруулах стратеги баталж 2023 онд 1 хувь болгохоор зорьсон ч өнөөдөр хэрэгжилт 5 хувьтай байгаа нь хангалтгүй болохыг Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэлсэн. Тэрбээр “Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилт хангалтгүй байлаа. 2019 онд жилийн дундаж хүү 16.9 хувь байсан. Үүнийг 2023 оны эцэс гэхэд дөрвөн нэгж хувиар бууруулж сарын нэг хувь буюу жилийн 12 хувь руу оруулж ирэх зорилт тавьсан боловч 2023 оны эцэст 16.7 хувийн зээлийн хүүтэй байна” гэсэн юм.

Зээлийн хүү өндөр байх тусам бизнес эрхлэгчдэд дарамт болсоор байгааг эдийн засагч Ч.Сосорбарам хэлсэн. Тэрбээр “Өндөр зардалтай зээл нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа юм. Иймээс бизнес эрхлэгчдэд бага хүүтэй урт хугацаанд зээл олгох нь эдийн засагт эерэг нөлөөтэй” гэв.

БОДЛОГЫН ХҮҮ БУУРСАН Ч БАНКУУД ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СОНИРХОЛГҮЙ БАЙНА

Арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах эсэхийг сонирхож Богд банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкаар орвол зээлийн хүү өндөр, цаашид буурах төлөв алга.

Богд банкны тухайд, ойрын хугацаанд буулгаж магадгүй гэдгийг зээлийн эдийн засагч хэлэв. Энэ талаар тодруулахад “Бодлогын хүү буурсан ч зээлийн хүүд өөрчлөлт ороогүй. Ойрын хугацаанд буулгах эсэхийг банкны ТУЗ-ийн хурлаар шийдэх байх. Бидэнд зээлийн хүүг бууруулах тухай мэдээлэл ирээгүй” гэлээ. Тус банкны тухайд бизнесийн зээлийн хүү 24 сарын 22.8-27.6 хувь бол нэг сарын хүү 1.9-2.3 хувьтай байна. Иргэн, аж ахуйн нэгжийн тухайд банкны шалгуур хангасан тохиолдолд зээл олгож болохыг зээлийн эдийн засагч хэлж байв.

Мэдээж наад захын шалгуур нь хувиараа болон аж ахуйн нэгжийн тухайд нэг жилээс дээш үйл ажиллагаа явуулсан, барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай. Учир нь, бизнест хамгийн бага хугацааг нэг жилээр тооцдог.

Дараа нь Төрийн банкаар орлоо. Зээлийн эдийн засагчтай уулзвал “Хэрэв барьцаа хөрөнгө 150 сая төгрөгөөс дээш, нэг жил үйл ажиллагаа явуулсан бол 100 сая хүртэл төгрөгийн бизнесийн зээл олгох боломжтой. Гэхдээ зээлийн хүү буурахгүй” гэв.

Түүнээс бизнесийн зээл сонирхож асуухад, дараах хариултыг өгч байлаа. Тодруулбал, "Хэрэв тус банкнаас 100 сая хүртэл төгрөгийн зээл авбал жилийн 15-16.3 хувийн хүү төлөх нөхцөлтэй. Магадгүй Монголбанк бодлогын хүүгээ хоёр нэгжээр бууруулсан ч өнөөдөр авсан зээлийн хүүнд өөрчлөлт орохгүй болохыг эдийн засагч сануулсан юм. Учир нь төв банкны бодлогын хүү 13-12 болсон нь зээлийн хүү буурах нөхцөл бүрдэхгүй. Нөгөөтэйгүүр, хадгаламжийн хүү буурах эрсдэлтэй гэх тайлбарыг өгч байлаа. Бизнесийн зээл хүсэх тохиолдолд барьцаа хөрөнгийн үнэлгээнээс шалтгаалж зээлийн хэмжээ тодорхойлогдоно. Мөн тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг өмчилдөг аль эсвэл түрээсэлдэг эсэх бичиг баримт бүрдүүлнэ" гэдгийг нэмж зөвлөв.

Мөн адил Худалдаа хөгжлийн банк зээлийн хүүг бууруулаагүй, өөрчлөлт ороогүй байна. Тус банк бизнесийн зээл 350 сая хүртэл төгрөг ба түүнээс дээш олгох боломжтой. Жилийн 16.7-22 хувь хүртэл хүүтэй. Сарын 1.2-1.5 хувь аж. "Гэхдээ зээлдэгчийн нөхцлөөс шалтгаалан зээлийн хүү өндөр байх уу эсвэл буурах уу гэдэг нь шалтгаална" гэж эдийн засагч хэлэв. Энэ тухай “Зээлдэгчийн банканд оруулсан хувь нэмэр буюу хадгаламжтай эсэхээс шалтгаалан зээлийн хүүг тогтооно. Харин Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан ч манай банканд зээлийн хүүг бууруулах төлөв байхгүй. Арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан тохиолдолд буурна. Гэхдээ барьцаа хөрөнгийн үнэлгээнээс хамаарч зээл олгох эсэхийг шийднэ” гэлээ.

Хэрэв барьцаа хөрөнгө хашаа байшин тохиолдолд нэмж зээл гарах боломжгүй юм байна. Харин 100-гаас доош магадгүй 50 сая төгрөгийн зээл хүсэх тохиолдолд цалингийн зээл авахыг зөвлөв. Учир нь зээлийн хүүнд өндөр төлбөр төлнө гэж давхар сануулсан юм.

Магадгүй 350 сая төгрөгийн зээлийг хамгийн өндөр хүүгээр буюу жилийн 22 хувь, сарын 1.5 хувийн хүүгээр тооцвол зөвхөн нэг сард зээлийн хүүнд 5.2 сая /5,250,000/ төгрөг төлнө гэсэн үг. Өнөөдөр хэт өндөр зээлийн хүү бизнес эрхлэгчдийг "боомилж" эдийн засгийн цусны эргэлтийн гол зангилааг бөглөх болсон нь нууц биш.

Оочир дараалал алга. Зээлийн эдийн засагчдын өрөө эл хуль байлаа. Гэхдээ сүүлийн үед бизнесийн зээл идэвхжиж эхэлснийг зарим банкны эдийн засагч ярьж байв. Учир нь бодлогын хүүгээс шалтгаалахгүй жил бүрийн өдийд идэвхждэг үе нь аж. Хамгийн гол нь бодлогын хүү буурсан нь зээлийн хүү буурах уу? гэх хүлээлт үүсгээд байгаа юм. Яагаад гэвэл, бодлогын хүүний өөрчлөлтөөс хамаарч иргэн, аж ахуйн нэгжийн хадгаламж, зээлд нөлөөлдөг учраас тэр. Бодлогын хүү нэг нэгжээр буурахад 0.47 хувийн өөрчлөлт авчирна гэх тооцоо бий. Энэ хэрээр эдийн засаг идэвжхих учиртай.

БОДЛОГЫН ХҮҮ БУУРУУЛАХАД АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЗЭЭЛ ОЛГОЛТ НЭМЭГДДЭГ

Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг "Төв банк бодлогын хүүг бууруулах нь эрэлтийг дэмжиж арилжааны банкуудын зээл олголт нэмэгдэнэ. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй. Бизнес эрхлэхэд зээлийн хүү өндөр байгаа үед төсвийн зардлыг нэмж, цалин, тэтгэвэр, халамж нэмэх нь бодит үр ашиггүй. Ер нь төсвийн зорилтот бүлэгт чиглээгүй их мөнгө хор уршигтай" гэв.

Ирэх гурван сард аж ахуйн нэгжийн зээлийн эрэлт ихсэх бол иргэдийнх бага зэрэг нэмэгдэх ч эрэлт өөрчлөгдөхгүй болохыг Монголбанкнаас гаргасан банкны зээлийн төлвийн энэ оны нэгдүгээр улирлын судалгааны тайланд дурджээ.

Мөн ирэх гурван сард банкууд зээлийн нөхцлийг хэвээр хадгалах хүлээлттэй байна. Тэгвэл өнгөрсөн гурван сарын төлөв байдлыг харвал, том болон дунд банкуудад зээлийн эрэлт нэмэгдсэн байна. Ялангуяа, томоохон банкуудад иргэдийн зээлийн эрэлт нэлээд өссөн бол жижиг банкуудын зээлийн эрэлтэд өөрчлөлт ороогүй байна. Энэ хугацаанд арилжааны банкууд аж ахуйн нэгж, иргэдийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулаагүй аж.

Зээлийн хүүг бууруулах нь аж ахуйн нэгжүүдэд ашигтай ч эсрэгээрээ арилжааны банкуудад ашиггүй гэж үздэг. Мөн эдийн засгийн хямралын үед үүсэж болзошгүй алдагдлыг нөхөхийн тулд зээлийн хүүг өндөр барих сонирхол ч бий. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын эрсдлийн удирдлага зээлийн хүүтэй уялддаг.

Төв банкны зүгээс цар тахлын хямрал, гадаад шокоос үүссэн инфляцын хөөрөгдлийг мөнгөний хатуу бодлогоор аргамжиж байв. 2020 онд 6 хувьтай байсныг 13 хувь хүртэл хатуурсан. Энэ үед банкуудын зээл олголт татарч, бизнесүүд хумигдахын хэрээр эдийн засаг ч агшсан. Өөрөөр хэлбэл, Зээлийн хүү зорилтот түвшинд хүрч чадахгүй байх гол "чөдөр" нь төв банкны бодлогын хүү байв.

Харин 2023 оноос уул уурхайн сэргэлтийг дагаж эдийн засагт ногоон гэрэл асаж эхэлснээр бодлогын хүү буурах найдвар талаар өнгөрсөнгүй. Энэ оны гуравдугаар сарын 14, 15-ны ээлжит хурлаар 13 байсан бодлогын хүүг 12 хувь болгосон юм. Энэ шийдвэрийг танилцуулахдаа “Инфляц буурч, зорилтын интервалд тогтворжихоор байгаа тул санхүүжилтийн нөхцөлийг сулруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ” гэж тодотгож байлаа.

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭРЭГЖИЛТ 5 ХУВЬТАЙ БОЛ БОДЛОГЫН ХҮҮГИЙН ӨӨРЧЛӨЛТ ИРЭХ ЖИЛ МЭДРЭГДЭНЭ

Зээлийн хүү өнгөрсөн оны эцэст 16.7 хувийн хүүтэй байгаа нь өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилт бодитоор 5 хувьтай, хангалтгүй байсныг Монголын банкны холбооны тайланд дурджээ.

Мөнгөний бодлогыг нэг нэгжээр сулруулсан нь мөнгөний зах зээлд мэдрэгдсэн эсэхийг Монголбанкнаас “Мөнгөний бодлогын хүүг бууруулсан ч тэр даруйд өөрчлөлт үзүүлэхгүй. Жилийн дараа нөлөө нь мэдэгдэнэ” гэх тайлбарыг өгч байлаа.

Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!