Өнөөдрийн байдлаар шүүхээр баталгаажсан хүүхдийн тэтгэлгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нийслэлд 5915, орон нутагт 8130 хүүхдийн тэтгэлэг байна. Үүнээс насны ангиллаар тодруулбал, 0-11 нас хүртэл 14218, 11-ээс дээш насны 3145 хүүхдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Харин бодит биелэлтийн хувь 2.9 хувьтай буюу биелэлт хангалтгүй байх шалтгаан нь хаяг тодорхойгүй, эрэн сурвалжилж буй, төлбөрийн чадваргүй, өөрийн нэр дээр орлого байхгүй, хорих ангид ял эдэлж байгаа болон нэг шийдвэр гүйцэтгэгчид оногдох ажлын ачааллын улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашрах, хэрэгжилт хангалтгүй болдог байна.
Өөрөөр хэлбэл, архины хамааралтай, ажил эрхэлдэггүй, орлогогүй, орон гэргүй тэтгэлэг төлөгч нарт зөрчлийн хэрэг үүсгээд баривчлах шийтгэл ногдуулахад тэд 30 хоногийн баривчилгаанд явж, хоолтой, дулаан газарт байрлахыг илүүд үзэхийн сацуу ажил эрхэлдэггүй гэнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2023 оны аравдугаар сараас эхлэн шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл хяналтын системд өр төлбөртэй эсэх лавлагааны систем, шийдвэр гүйцэтгэх албаны вэб сайт, талуудын вэб болон мобайл аппликейшн, мэдэгдлийн мобайл систем зэрэгт нэмэлт хөгжүүлэлт хийсэн байна. Түүнчлэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах, битүүмжлэх чөлөөлөх, данснаас суутгал хийх ажиллагааг арилжааны банк тус бүрээр тогтоол, мэдэгдэл хүргүүлэхээс шалтгаалж үйл ажиллагаанд үүсэх ачааллыг шийдвэрлэх зорилгоор банкуудын холбоосыг нэгтгэсэн “Банкны нэгдсэн программ”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.