Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИЛ ЗАХИДАЛ: “Элэгний“ Ж.Хатанбаатараас Төрийн гурван өндөрлөгт хүргэх үг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 21 секунд

Ил захидал

Төрийн гурван өндөрлөгт хүргэх үг

Сүүлийн саруудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвтэй холбоотойгоор олон нийтэд илтэд ташаа мэдээлэл хүргэж байгаа бөгөөд бид залруулан бодит байдал баримтыг ойлгуулахаар тайлбарлаж ирлээ. Гэвч баримтыг, бодит байдлыг, тайлбарыг хүлээн авахгүйгээр дайрч давшилж гутаан доромжилж байгаа нь хэрээс хэтэрч байна. Энэ долоо хоногт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригийн SBN телевизэд өгсөн ярилцлага-мэдээлэлд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг Менежментийн хувьчлалаар авсан хэрнээ 2008 оноос хойш 7 тэрбум гаруй төгрөгийн татаасыг улсын төсвөөс хууль бусаар авсан гэв. Түүгээр ч барахгүй хууль хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн мэдэгдэж байна.

Эмнэлгийн менежментийн хувьчлалын асуудлыг хотын зүгээс дуусгавар болгоогүй, энэ байгууллага Нийслэлийн Засаг даргын харьяалалд, эмнэлэг сувилал эмийн үйлдвэрийн бүх объект нийслэлийн өмчид бүртгэлтэй, эмч эмнэлгийн ажилчид төрийн үйлчилгээний албан хаагчийн шатлалаараа цалинжиж, эмчлүүлэгчид нь улсын эмнэлгийн статусаараа, эрүүл мэндийн даатгалаараа, үнэ төлбөргүйгээр эмнэлэг сувиллын тусламж үйлчилгээг авч байхад, хотын удирдлагууд хэвлэлд нөгөө Хатанбаатар эмч улсын төсвөөс татаас авдаг байж хэмээн сүртэйгээр мэдэгдэж, мэдээлэл өгч байгаагийн цаана мөнөөх л худал, төөрөгдүүлсэн мэдээлэл явж байна.

Хотын удирдлагуудын “алдчихаад” байгаа 7 тэрбумыг нь хотын дарга, орлогч хоёрт, хууль хяналтын байгууллагынханд, өргөн олон түмний нүдэн дээр хэвлэлээр “олж” өгөх нь зүйтэй гэж үзэж, үүнийгээ төрийн гурван өндөрлөгт ил захидлаар хамт хүргэж байна. Үүнээс өмнө хотын даргын надад “хамаатуулсан”, миний мэдэхгүй 10 обьектынх нь эзэмшил нь хотдоо хэвээр байгааг; устгах нураах ёстой гээд байгаа эмийн үйлдвэрийн барилгыг хотын өмнөх дарга нь нийслэлийн өмчдөө 2016 онд бүртгэж авсныг; “Хатанбаатарын түрээслүүлдэг хувийн эмнэлгүүд” гэж хотын даргын зарласан байшин нь өөр компанийн өмч болохыг бид баримтаар тодруулан гаргаж, олон нийтэд зарлаж ил тод болгож олж өгсөн.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хууль журмын дагуу явагдсан нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй Менежментийн хувьчлалыг дуусгавар болгох шийдвэрийг хотын зүгээс гаргаагүй 13 жил болж байгаа. Өнөөдөр тус эмнэлэг сувилал улсын эмнэлэг, тэгэхдээ бүр нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага гэдэг статустай, 2022 онд ЭМД-аас гүйцэтгэлээр санхүүжүүлэх хүртэл нийслэлийн төсөвт байгууллагад хамааруулсан. Нэгэнт төсөвт байгууллагад хамаарч байсан учраас байгууллагын ажилтнууд Төрийн үйлчилгээний ТҮ-гийн зохих шатны цалингаар цалинждаг. Улсын эмнэлгүүдийг санхүүжүүлдэг төсвийн хуулийн дагуу 2008-2021 оны хооронд 7,208,040,630 /долоон тэрбум 208 сая, 40 мянга,630 төг/-ийн санхүүжилтийг олгосон. Гэтэл 2008-2021 оны хооронд тус байгууллагын 145 ажилтны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл 16,862,981,559.төг /арван зургаан тэрбум 862 сая 981 мянга 559 төг/ төлсөн нь баримтаараа байж байна. Нөгөө алдсан 7 тэрбум хаанаас гарч ирсэн, хаашаа зарцуулагдсан нь эндээс тодорхой болж байгаа юм. Улсын харьяанд байгаа эмнэлэгт төсвийн тухай хууль журмын дагуу олгосон санхүүжилт нь эмнэлгийн ажилтнуудын цалингийн тэн хагаст хүрэхгүй байсан нь бас баримт. Хотын удирдлагууд, эрх эрх мэдэлтнүүд, эмнэлгийг хууль зөрчин төсөвт байгууллагад албан хүчээр хамаатуулан байлгаж, төсөв олгочихоод, хувийн байгууллага мөртлөө хууль бусаар төсвөөс татаас авч завшсан мэтээр мэдэн будилж худал ярьж байгаа нь шударга ёс уу.

Эмнэлэг сувилал ч гэлтгүй аливаа байгууллагын зардал ганцхан ажилчдын цалингаас бүрддэггүйг бүгд мэднэ. Бидний хувьд өвчтөний эмчилгээ, сувилгаа, эм тан тэдгээртэй холбоотой зардлууд, бас цахилгаан, ус, дулаан, үйлчилгээ, хог зайлуулах урсгал зардлууд, мөн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хувцас хэрэглэл гээд зайлшгүй олон зардлууд нэмэгдэнэ. Хамгийн энгийнээр бодоход л эмнэлгийн ажилтнуудын халаат, хувцас, бээлий, маск авахад зардал мөнгө хэрэгтэй. Ийм бусад санхүүжилтийг олгооч гэдэг хүсэлт тавихаар хувьчлал явагдсан байгууллага гээд бүгдийг хасдаг. Хувьчлал явагдсан учраас бие даагаад ажиллах эрхийг шилжүүлээд өгөөч гэхээр хотын дарга нар нь хөдөлдөггүй шийддэггүй. Ийм байдлаар гацаасаар, биднийг хохироосоор өнөөг хүрч байгаа.

Одоо хотын орлогч дарга хэвлэлд ярилцлага өгч, 7 тэрбумын дуулиан гаргаж ирж зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж, эрүүл мэндийн үйлчилгээ явуулдаг байгууллага, энд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын нэр хүндэд халдаж байна. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд бид эрх барьж байгаа төр, засгийг сонгосон Монгол Улсын эгэл жирийн иргэд, сонгогчдын төлөөлөл. Гэтэл өндөр албан тушаал хашихаараа иргэдийн үгийг үл тоомсорлон, хуулийг хэрэгжүүлэхгүй байхын зэрэгцээ, өндөр сэнтийгээс иргэдийн эрхийг хязгаарлах, айлгаж сүрдүүлэх захиалгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль хяналтын байгууллагад үүрэгдэх байдлыг илтэд үзүүлэх боллоо. Энэ ардчилсан нийгэмд ийм авир төрх шударга ёсонд нийцэх үү.

Эмч бид өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийнхөө хуулийг дээдлэн ажиллахыг эрхэмлэж ирсэн бөгөөд юу болоод байгааг анхааралтай ажиглаж байна. Түүнчлэн улсын статустай эмнэлэг сувиллын эмч ажилтнууд хуулийн дагуу төсвөөс тус эмнэлэг сувилалд олгосон санхүүжилтийн хүрээнд авсан хууль ёсны цалин хөлснийхөө төлөө буруутан болж, шударга бусын хонгил руу орох ёсгүй гэдгийг хатуу хэлэх ёстой.

Менежментийн гэрээг дуусгавар болгосон шийдвэр гаргахыг нийслэлийн Өмч хувьчлалын комисст даалгасан УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсаар бид 10 жил болж байгаа бөгөөд тангараг өргөсөн эмч хүний хувьд, ард иргэдийг эрүүлжүүлэн эмчлэх эмнэлэг сувиллыг зориулалт үйл ажиллагааг нь өөрчлөлгүй, газар байшинг нь алдчихалгүй авч үлдэх гэж хэтийдсэн их хүчин чармайлт, хөрөнгө зарцуулж өнөөг хүрлээ. Хууль дүрэм журмаа хэрэгжүүлэхгүй байгаа дарга нар дураараа бусдыг буруутгаж, доромжилж, гүжирдэж, улмаар хэрэгтэн болгох гэж оролдож байгаа нь Шударга ёс мөн үү.

Төрдөө итгэж, хуулиа дагасан нь хохирдог, хэлмэгддэг, эрх мэдэлд гарсан нь эгэл ард иргэдээ гүтгэн гүжирдэж доромжилж, хохироодог нийгэм болчихоод байгааг төрийн тэргүүнд хандсан ил захидалдаа ч бид тодорхой бичсэн.

Хотоос төсвийн хуулийн дагуу олгогдсон санхүүжилт ажилтнуудын цалин, даатгалд зарцуулагдсан гэдгийг шалгаж тогтооход дуулиан шуугиан бус харин санхүү, эрүүл мэнд, тооцоо хариуцсан ажилтнуудаасаа авчих мэдээлэл. Баримтгүй ярьсан бүхэн эргээд эсрэг баримт болно гэдгийг Монгол Улсын Хууль зүйн яамыг толгойлж байсан, хууль зүйн салбарын тамгыг атгаж байсан хотын хоёр даргадаа эгэл мөхөс эмч бид сануулах нь илүүц. Бас үнэн үгийг эгэл эмч, эмнэлгийнхэн хэчнээн хэлээд ч гүжир үгийг зогсоох хүчин мөхөстөж байгаа тул төрийн гурван өндөрлөгтөө хандаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Танаа:

-13 жил гацсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр явагдсан Менежментийн гэрээтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү гэж хичээнгүйлэн хүсэж байна.

Хүндэтгэсэн Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар

Улаанбаатар 2024 05 10

ШУУД: М.Бадарчид санамсаргүй байдлаар допинг хэрэглүүлсэн байж болзошгүй гэж мэдүүлсэн ГЭРЧ спортын арбитрийн шүүхэд оролцож тайлбар өгч байна
ШУУД: М.Бадарчид санамсаргүй байдлаар допинг хэрэглүүлсэн байж болзошгүй гэж мэдүүлсэн ГЭРЧ спортын арбитрийн шүүхэд оролцож тайлбар өгч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.