Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа хороодод угаарын хий мэдрэгч суурилуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 20 секунд

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Тарваган тахал өвчний улмаас долоодугаар сарын 14-нөөс хойш баруун аймгуудад гурван хүний амь нас эрстсэн. Нийслэлийн долоон авто тээврийн шалган бүртгэх товчоонд холбогдох албаныхан 24 цагаар үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нийслэлийн нутагт бүртгэгдээгүй. Бид зургаадугаар сарын 1-наас хойш усны ослоос урьдчилан сэргийлэх завьтай эргүүл ажиллуулж байна. Энэ хугацаанд нийт 27 мянга гаруй иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг тарааж, голын эрэг дагуу байрласан 7000 машиныг ногоон бүсээс 50-100 метр зайд гаргаж, усны түвшин их, ард иргэд их цуглардаг 25 байршилд самбар байрлуулсан. Үүний үр дүнд 37 удаагийн ослын дуудлагаар 66 иргэнийг аварсан. Манай байгууллага дараа жилийн зуны улиралд мөн эргүүл хийж ажиллана” гэсэн мэдээллийг өгөв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал: “Дулааны улирал эхэлж байгаа тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл аян зарлаж угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 204 мянга орчим хэвлэмэл хуудсыг айлуудад тарааж, айлуудын зуух яндангийн битүүмжлэлийг шалган ажиллалаа. Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа алслагдсан таван хороонд угаарын хий мэдрэгч суурилуулж байна. Сайжруулсан түлш худалдан авахад ашиглах 9857 ширхэг "сайн" картыг шинээр түгээлээ” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: “Одоогоор тусгаарлах ажиглах байранд 3879 хүн, гэрийн тусгаарлалтад 1540 хүн байна. Коронавируст цар тахал хэзээ орж ирэхийг цаг хугацаа харуулах байх. Иймээс бүгд хамтран ажиллах ёстой. Эцэг эхчүүд хүүхдэдээ амны хаалт зүүлгэсэн атлаа өөрсдөө зүүхгүй байна. Гадуур явахдаа амны хаалтаа зүүж яваарай. Сургуулийн хоолны газруудад хүүхдүүдийн хоорондын зайг баримтлан оруулах хэрэгтэй” хэмээв.

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил: “Эмээлт болон Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Морин, Гүн, Хонхор, Налайх, Тэрэлжийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд нийт 26 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Улаанбаатар хотоос 2421 тээврийн хэрэгслээр 5394 иргэн гарч, 2920 тээврийн хэрэгслээр 6861 иргэн нэвтэрсэн байна. Үүнээс түүврийн журмаар ирж байгаа 1375 тээврийн хэрэгсэлд орж байгаа 583 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Учир нь иргэд сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос авч гарч буй зөрчил илэрсэн. Шалгалтаар нийслэл рүү 38 тонн сүү, 484 куб метр мод, 136 тонн мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн, 150 ширхэг шир нэвтэрсэн байна. Шалгалтын үеэр Хархорин худалдааны төвд энгийн зуух худалдаалж байсан зөрчил илэрсэн тул Хархорин хүрээ ХХК-нд нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Өнгөрсөн өдрүүдэд Архангай, Хөвсгөл аймгаас гурван ширхэг тарвага тээвэрлэн оруулж ирсэн зөрчлийг илрүүлсэн ба тарвагыг ЗӨСҮТ-д устгалд оруулсан. Нийтийн тээвэрт тарваганы 73 ширхэг лаазалсан махыг дайварлан авч явсныг илрүүллээ. Иймээс дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж үзэхгүй бол өөрсдөө торгуульд унах эрсдэлтэй байна” гэв.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ

Л.Дэлгэрмаа

Клипперс цувралд 3:1-ээр тэргүүлж эхэллээ
Клипперс цувралд 3:1-ээр тэргүүлж эхэллээ
 
“ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийн асуудлыг ТБХ, АБГББХ-оор хэлэлцэнэ
“ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийн асуудлыг ТБХ, АБГББХ-оор хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.