Хаврын урь оронгуут малчид ямаагаа самнаж, өрхийн орлогоо нэмэх ажилд шамддаг. Өнөөдрийн байдлаар зүүн аймгийн малчид ямаагаа самнаад, ноолуураа борлуулаад эхэлжээ. Харин баруун аймгийнхан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тавдугаар сараас ямаагаа самнаж эхэлдэг байна.
Тиймээс бид ямаа самнах ажил ид өрнөж байгаа баруун хязгаар Ховд нутгийн малчин өрх Ж.Сүмбэр-Эрдэнийхээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Ж.Сүмбэр-Эрдэнэ эхнэр гурван хүүхдийн хамт Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт амьдардаг. Хүүхдүүд нь ЕБС-д сургуульд сурдаг тул аймгийн төвд эмээтэйгээ хамт байдаг. Ж.Сүмбэр-Эрдэнэ гэргийн хамт мал дагаж амьдардаг ч хаврын ид ачааллын үеэр эхнэр нь өвдөж аймаг руу явсан тул ганцаараа үлджээ. Баруун хязгаарт өрнөж буй ямаа самнах их ажил түүнийг тойрохгүй тул хэдэн ямаагаа самнуулахаар долоон хүний бүрэлдэхүүнтэй багийг аймгаас дуудсан байна. Хүн бүлтэй айлууд нь өөрсдөө ямаагаа самнадаг ч хүн хүч багатай айлууд нь ийнхүү ямаа самнах баг, бригад хөлсөлж ажлаа нугалдаг байна.
Бид их ажлынх нь хажуугаар гэрийн эзэн Ж.Сүмбэр-Эрдэнэтэй цөөн хором ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.
“500 ЯМААГ 3.5 САЯ ОРЧИМ ТӨГРӨГӨӨР САМНУУЛЖ БАЙНА”
-Сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байна. Сайхан ч зун эхлэх шинжтэй байна.
-Малчдад их хатуу өвөл болох шиг боллоо. Танай нутагт хэр байв?
-Манай нутагт өвөл, хавар их сайхан болж, хорогдолгүй уринтай золголоо. Хур тунадас багатай байсан болохоор ногоо жаахан оройтож байна.
-Энэ хавар танайх хэдэн төл авав?
-300 орчим төл хүлээж авлаа.
-Ямаа самнах ажил хэдэн хувьтай байна?
-30 орчим хувьтай байна.
-Танайх энэ жил хэдэн ямаа самнахаар байна вэ?
-Самнах тооны 500 ямаа байна.
-Ямаа самнадаг баг хөлсөлсөн байх шиг байна. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бэ?
-Аймгаас 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн.
-Долоон хүн нэг өдөрт хэдэн ямаа самнаж байна?
-Өнөө өглөө 09.00-19.00 хүртэл самнахад 150 ямаа самнасан байна.
-Хэдэн хоногт самнаж дуусахаар төлөвлөж байна вэ?
-Цаг агаар энэ хэвээрээ тогтуун сайхан байвал гурван хоногтоо багтаад бүх ямаагаа самнаад дуусгачихна гэж тооцоолж байна.
-Та 500 ямаагаа самнуулахын тулд хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
-3 сая 500 мянга орчим болох болов уу гэж тооцоолж байна.
-Ямаа самнах ханш өнгөрсөн жилийнхээс өссөн үү?
-Өмнөх жилийнхтэйгээ адилхан байна. Нэмэгдэж эсвэл буурсан зүйл байхгүй.
-Ноолуурын гарц өмнө жилүүдтэй харьцуулахад хэр байна?
-Манай нутагт цас зуд багатай малын тарга тэвээрэг дажгүй сайхан орсон болохоор. Ноолуурын гарц муудсан зүйл байхгүй. Хэвийн байна.
-Нэг ямаанаас хэдэн грамм ноолуур гарч байна?
-Сэрх бол 500-600 грамм. Эм ямаа 300-400 грамм орчим ноолуур гарч байна.
-Ноолуурын үнэ ханш танай нутагт ямар байна?
-Өнөөдрийн байдлаар нэг килограмм ноолуур 135.000 мянган төгрөгийн ханштай байна.
-Зарим малчид ноолуураа самнаад шууд зарахгүй. Үнэ өсөхийг хүлээдэг. Та тэгэх үү. Эсвэл шууд тушаах уу?
-Хүлээх үе бий. Гэхдээ энэ жилийн тухайд самнаж дуусаад шууд өгөхөөр төлөвлөж байна.
“САЙН САМНАГЧ ӨДӨР 30-40, ШИНЭ СУРАЛЦАГЧ 10-15 ЯМАА САМНАДАГ”
Хаврын улиралд ямаа самнах баг, бригадуудын эрэлт ихсэж, "Ямаа самнуулна" гэх зар цахим орчинд хөвөрдөг. Нэг ямааг 10.000 төгрөгөөр самнах бөгөөд өдөрт 50 ямаа самнахад дунджаар 500.000 төгрөг авна гэсэн зар ч нийгмийн сүлжээнд тархаж, иргэдийн ярианы сэдэв болоод амжсан. Тиймээс нэг хүн өдөрт хэдэн ямаа самнах боломжтойг Ж.Сүмбэр-Эрдэнийд ямаа самнахаар ирсэн бригадыг ахалж яваа М.Гантулга гэх залуугаас тодруулж, цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг М.Гантулга гэдэг. Барилгын ажил хийдэг. Өөрөө хөдөө мал дагаж өссөн болохоор хаврын улиралд хүн хүч багатай малчдадаа туслах зорилгоор баг бүрдүүлж, ямаа самнадаг.
-Одоогоор та хэдэн ямаа самнасан байна вэ. Нийт?
-Энд ирэхээсээ өмнө зүүн аймгуудаар явсан. Миний хувьд одоогоор нийт 400 орчим ямаа самнасан байна.
-Зүүн аймгууд ноолуур гарц хэр байна. Зудтай байсан сумд ноолуурын гарц бага байна гэсэн мэдээлэл байсан?
-Би ихэвчлэн зуд болоогүй сумдаар явсан. Ноолуур гарц хэвийн сайн байгаа. Зудтай сумдад ноолуурын гарц бага байна гээд яриад байна билээ.
-Нэг ямааг хэдэн төгрөгөөр самнаж байна?
-Зүүн аймагт бол эр, эм гэлтгүй бүгд адилхан 10 мянган төгрөгөөр, говийн аймаг 12 мянган төгрөгөөр самнадаг. Баруун аймаг муу байна. Эр ямааг 7000 төгрөгөөр, эм ямааг 6000 төгрөгөөр самнаж байна.
-Нэг хүн өдөрт хэдэн ямаа самнадаг бол?
-Хүнээсээ шалтгаалаад янз бүр. Шинэ сурч байгаа хүмүүс 10-15. Зарим нь 10 ч хүрэхгүй. Сайн самнадаг хүмүүс 20-30 ямаа самнадаг.
-Таны хувьд өдөрт хэдэн ямаа самнадаг вэ?
-30-аас дээш. Янз бүр л байдаг.
-Өнөөдөр жишээлбэл та хэдэн ямаа самнав?
-37 ямаа самнасан байна.
Манай улс өнгөрсөн оны мал тооллогоор 24,618,228 ямаа тоолуулсан байна.
НООЛУУР КИЛОГРАММ НЬ 140-165 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Харин дараа нь бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа "Малчин лавлах-109" төвөөс энэ сарын 6-ны өдрийн байдлаар ноолуурын ханшийн мэдээллийг тодрууллаа. Зүүн аймгууд ямаагаа эрт самнадаг учраас хялгасгүй цэвэр ноолуур гарч жин бага татдаг тул үнэ нь өндөр байдаг аж. Харин баруун аймгууд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад оройтож самнадаг учраас хялгастай гарч жин их татдаг тул зүүн болон говийн аймгуудаасаа хямд байдаг.
- Зүүн аймагт 165.000 төгрөг
- Баруун аймагт 160.000 -165.000 төгрөг /Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Хөвсгөл/
- Баруун аймагт 140.000 төгрөг /Увс, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Говь-алтай/
- Төв аймагт 155.000-160.000 төгрөгийн
- Говийн аймаг 140.000-150.000 төгрөгийн ханштай байна гэлээ.
Нэмэлт: Манай улс жилд 600 орчим сая ам.америк долларын борлуулалтыг ноолуураас олдог. Учир нь дэлхийн ноолуурын зах зээлд голлох үүрэгтэй Монгол Улс дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг аж. Өнөөдрийн байдлаар нэг кг ноолуур дунджаар 140-165 мянган төгрөгийн ханшаар борлуулагдаж байна.
Өнгөрсөн жил ноолуур 180 мянган төгрөгт хүрч байсан ч энэ жил харьцангүй хямд байна гэдгийг малчид онцолж байна. Гэхдээ зудтай өвлийг зутруу давсан малчид ноолуурын үнэ өсөхийг хүлээхгүйгээр хэлсэн үнэд нь өгч, амжиргаагаа залгуулахыг илүүд үзэж байгаа гэдгээ хэлж байна.