Архаг ядаргаа нь урт хугацаанд үргэлжлэх сэтгэл санааны тогтворгүй байдал, ядаргаа, сэтгэл гутрал зэргээс үүдэлтэй мэдрэлийн тогтолцооны өвчлөл юм. Невроз буюу мэдрэлийн архаг ядаргаа нь олон төрөлтэй бөгөөд үүсгэгч шалтгаан нь цочмог болон архаг стресс байдаг. Түүнчлэн цочмог стресс гэдэг нь гэнэтийн мэдээ сонссоноос болж ярих эсвэл явж чадахаа болих, нойргүйдэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Харин архаг стресс нь урт хугацааны турш сэтгэл санааны байдал тогтворгүй байсантай холбоотой аж. Амьдралын дарамт, аливаа асуудлын шийдэл олдохгүй удаан хугацаанд явснаар мэдрэлийн ядаргаанд ордог байна.
Архаг ядаргааны шинж тэмдэг нь тархи, мэдрэлийн тогтолцоонд хамгийн түгээмэл илэрдэг. Нэг зүйлийг удаан хийх, тогтмол хичээллэх, бусдын үг яриаг ойлгоход хүндрэлтэй болно. Учир нь архаг ядаргааны үеэр хүний биеийн байдал доройтох бөгөөд ой тогтоолт ч муудна. Хүний хэлсэн үг, чухал уулзалтыг ч мартах ба хэн нэгэн танаас асуулт асуухад хариулах гэж хэсэг хугацаа зарцуулах болно. Ядаргаа гормонд нөлөөлөх учир адреналин ялгаруулалтыг багасгана. Ингэснээр хэт их идэх хүсэл төрж, улмаар таргалах, бие хөндүүрлэх шинж илэрнэ. Ийм байдалтай удаан явбал ходоод өвдөх, зүрх базлах, нүүрэнд юм гарах зэрэг сөрөг шинж тэмдэг илэрнэ. Дээрх шинжүүдтэй холбоотойгоор зан ааш өөрчлөгдөж, сэтгэл санааны тогтворгүй байдал бий болно. Огцом уурлах, цочирдох, энгийн зүйлд ч бусдад гоморхох сэтгэгдэл байнга төрнө.
Ядаргаанд оруулж байгаа шалтгаанаа олж тогтоохгүйгээр тариа, дусал хийлгэх нь үр дүнд хүргэдэггүй талаар холбогдох мэргэжилтнүүд онцолж байна. Ийм учраас тухайн хүнийг стресстүүлж байгаа шалтгаан, ядаргаанд оруулж байгаа зүйлээ олох нь чухал. Тухайлбал, өр ширтэй бол түүнийгээ шийд. Эсвэл өөрөө ямар нэг өвчнөөр өвдөөд байгаа бол бие махбодоо эмчлүүлэх хэрэгтэй.