Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Ардын Намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулав. Сонгуульд оролцох батламжийг МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, А.Ариунзаяа, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар хүлээн авав.
Энэ үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар “МАН ковидын хүндрэлтэй цаг үе байсан ч гэсэн богино хугацаанд эдийн засгийг 7 хувьд хүртэл өсгөж чадлаа. Энэ нь дэлхийд хоёрдугаарт буюу Энэтхэг улсын дараа орж буй үзүүлэлт юм. Валютын ханшийг тогтворжуулах, Монголбанк дахь валютын нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх гэсэн олон бодлогыг хэрэгжүүлж ажилласан. Эдгээр бодлогоо цаашид тогтвортой хэрэгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг сонгуулийн төв байгууллагад хүргүүлсэн.
Сүүлийн үед цахим орчинд МАН болон бусад намын нэр хүндэд халдах гэсэн үйл ажиллагаа их хэмжээгээр явагдаж байна. Иймд бусад улс төрийн нам, сонгуульд оролцохоор горилж буй иргэдэд хандаж хэлэхэд хуулийн хугацаанд сурталчилгаагаа эхлүүлэх, хар бараан пи-аргүйгээр, ард иргэдийнхээ эв нэгдлийг хангасан, улс орныхоо үндэсний эрх ашигт нийцсэн сурталчилгаа явуулахыг уриалж байна” гэв.