Иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч агсан өчигдөр /2024.04.29/ Г.Батбаярын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр жагсагч Б.Цэгмид "Талийгаачийг олдсон орой нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 23:00 цагт цугларсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран тэмцэгч нар нь байсан. Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон, буудсан гэх юм хэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн. Хамгийн гол нь тухайн мөчид гэрээслэл нь олдоогүй байж хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн. Тиймээс бид хардаж байна" гэв.
Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр: "Хэргийн газраас гэрээслэл, бичиг баримт олдоогүй. Иргэний нийгмийн байгууллагууд олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Иргэн Б.Цэгмидийн хийсэн мэдээллийг харсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, иргэд олон нийтэд худал мэдээлэл тараах нь хууль бус үйлдэл. Бүх зүйл хуулийн хүрээнд явж байгаа" гэлээ.