Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар нийтийн тээвэр, нийслэлд явагдаж буй зарим бүтээн байгуулалттай холбоотой шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал,
- Нийслэлийн өмчит “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн холбогдох төслүүдийг Зам тээврийн яам болон нийслэлд хариуцуулж байгаатай холбогдуулан уг компанийг татан буулгах тогтоолын төслийг дэмжлээ.
- Нийтийн тээврийн орлого жил бүр буурсаар байгаа учир нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, нийслэлийн төсөвт учрах дарамтыг багасгах зорилгоор БНСУ-ын T-money групптэй хамтран ажиллах гэрээг цуцалж, Улаанбаатар смарт карт ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр сольж, үйл ажиллагааг нь Нийтийн тээврийн газарт хариуцуулан, хөрөнгийг нь Нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо.
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгын өргөтгөлийн барилга болон 4-р хороонд байрлах 50 дугаар дэлгүүрийн өргөтгөл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн өмчлөлийн 49 хувь, СХД-ийн 21-р хороо агуулахын барилга байгууламжийг тус бүр өмч хувьчлалын жагсаалтаас хасав.
- “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэлээ.
- Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, Баянзүрх дүүргийн 8, 318, 320 дугаар цэцэрлэгийн барилга, байгууламж, Хан-Уул дүүргийн 145, 322, 324, 325 дугаар цэцэрлэгийн барилга нийт 22 тэрбум гаруй өртөг бүхий 8 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв.
- “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй гүний худгийн 2 ширхэг барилга, ус түгээх 6 ширхэг барилга, нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг тус бүр акталж, нийслэлийн өмчөөс хаслаа.
- 257 сая орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 2 тээврийн хэрэгсэл, 3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 32 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, төрийн өмчид шилжүүлэв.
- Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Ус дулаан дамжуулах төв, Конторын өргөтгөл, 7 дугаар хорооны цехийн барилга, Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны салбар байр 4, хашааг тус бүр Нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.