Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Монгол Улсын хуулиудын англи хэл дээрх албан бус орчуулгыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем “legalinfo.mn” сайтад байршуулж эхэлжээ.
Энэхүү санаачилга нь судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл авах, харьцуулах зорилготой иргэд, байгууллага хуулиудын англи хувилбартай танилцах, гадаадын аливаа этгээд манай улсын хууль, эрх зүйн орчны талаарх мэдээллийг түргэн шуурхай олж авах зэрэг олон талын ач холбогдолтой гэж эх сурвалж үзэж байна.
Сайтад одоогоор Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай зэрэг хуулиудын англи хувилбарыг эхний ээлжинд байршуулжээ .
Цаашид эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудаст технологийн шинэчлэл хийх, шаардлагатай хуулиудыг орчуулах, тэдгээрийг иж бүрэн, хүртээмжтэй байдлаар хэрэглэгчдэд хүргэн ажиллахаар төлөвлөж байгаа юм.
Хуулиудын англи хувилбартай Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтын <https://www.legalinfo.mn/details/1317> холбоосоор танилцах боломжтой.
Эх сурвалж: ХЗДХЯ