Чех улсын Прага хотноо "Чингис хаан" үзэсгэлэнг дэлгэхээр боллоо. Үзэсгэлэнг ирэх оны гуравдугаар сараас нээх бөгөөд мөн оны наймдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд Монголыг сурталчилсан урлаг соёлын олон арга хэмжээ, хүүхдийн музейн боловсролын хөтөлбөрүүд, мерчендайзын бүтээгдэхүүн зэргийг үзэсгэлэнгийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал, профессор Михайл Лукош нар өчигдөр хоёр музейн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тус гэрээний хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан” хамтарсан үзэсгэлэнг ийнхүү хамтран дэлгэхээр болсон нь энэ юм байна. Монголын талаас үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, ШУА-ын Археологийн хүрээлэн оролцоно.
200 гаруй жилийн түүхтэй тус музейн харьяа Азийн урлагийн музей Напрестикийн музейн сан хөмрөгт буй Монголтой холбоотой баялаг цуглуулгаас “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть бүтээх төслийн хүрээнд “Чех дэх Монгол өв” номыг хамтран хийхэд оролцох бөгөөд, 2025 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэвлэн нийтлүүлэхээр ажиллаж байна. Мөн Чингис хаан Үндэсний музейн ажилтнуудыг музейн мэргэжил арга зүй, онол-практикийн сургалтад хамруулах, урт богино хугацаагаар сургах ажлыг эхлүүлэхээр тохиролцов.