Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил болж байна. Нүүрс, зэс, төмөр, хүдэр гэх гарын арван хуруунд багтах цөөн түүхий эдээ машинаар зөөж орлогын эх үүсвэрээ залгадаг бидний хувьд XXI зууны технологийн эрин үед дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэр чөдөр болсоор байна. Дэлхий дахин ногоон эдийн засаг руу шилжих болсон нь цаашид монголчууд түүхий нүүрсээ түгжих үү аль эсвэл нэмүү өртөг шингээж экспортлох уу гэх сонголттой нүүр тулж буй. Сүүлийн үед худалдааны гол түнш болсон Хятад руу нийлүүлэх Монголын нүүрсний экспорт буурсан нь анхаарал татах болов. Нүүрс тойрсон асуудлаар "Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
Монголын эдийн засаг том хар зах шиг л байна
-Ирэх онд эдийн засгийн өсөлтийг олон улсын байгууллагууд 4 хувиар таамаглаж байна. Таны хувьд ямар төсөөлөлтэй байна вэ?
-Монголын экспортын орлогоос л хамаарна. Кокжсих нүүрс, эрчим хүчний нүүрс, зэсийн баяжмал, жоншны эрэлт нийлүүлэлт сайн байх болов уу. Иймээс эдийн засгийн өсөлт таамаглалаас хол зөрөхгүй байх. Харин ирэх жилээс хүндэрч болзошгүй.
-Яагаад?
-Хятадын зах зээлээс хамаарна. Тус улсын зах зээл уруудаж дэлхийн байдал хурцадвал Монголын түүхий эдийн эрэлт, үнэ буурах эрсдэлтэй.
-Бид эрсдэлд бэлэн байна уу. Хятадын эдийн засгаас л монголчуудын амьдрал хамаарч байна шүү дээ?
-Дэд бүтцийг хөгжүүлж экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нэн шаардлагатай. Ингэж чадвал Хятадын эдийн засгийн өсөлт саарсан ч энд бид савлахгүй, нүүрсний экспорт буурахгүй. Нөгөө мега төслүүдээ хурдан хөдөлгөх хэрэгтэй. Үгүй бол бахь байдгаараа ярьсан хэвээрээ л байх болно.
Өнөөдөр Монголын эдийн засаг том хар зах шиг л байна. Худалдан авагчгүй бол тэг зогсдог. Иймээс эдийн засаг урт хугацаандаа тогтвортой байхын тулд боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Төрийн оролцоог багасгах шаардлагатай.
Мөн хөрөнгө оруулагчдыг татахын тулд татварын хөнгөлөлт хэрэгтэй болохоос “манайд ирээрэй” гэж уриад ч ирэхгүй.
-Түүхий эдийн үнэ унаж эхэлсэн нь хөөс хагарч бид алтан боломжоо алдаж байгаа бололтой?
-Тийм. Түүхий эдийн үнэ унах нь Хятадын уурхайнуудад эдийн засгийн хувьд хүнд болно. Учир нь өртөг өндөр, далд уурхайтай болохоор тэр. Иймд хямд өртөгтэй нүүрсийг Монголоос импортолно. Гэхдээ хэт их хэмжээгээр худалдан авахад Хятадын уурхайнууд эсэргүүцэх тул манай улс 60 сая тонн нүүрсээ л экспортлох боломж бий. Өөрөөр хэлбэл, экспортын дээд болон доод хязгаар дундуур л Монгол нүүрсээ нийлүүлнэ гэсэн үг. Экспорт саарах эсэх нь энэ жилийн төгсгөлөөр л харагдах болов уу. Одоогоор урьдчилан таамаглахад бэрх.
-Нүүрсний экспорт 2023 онд рекорд тогтоож 70 сая тонн хүрсэн. 2024 оны улсын төсөвт 60 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байна. Гэхдээ энэ оны гурван сарын байдлаар нүүрсний экспорт биет хэмжээгээр 4 сая тонноор буурсныг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Яагаад нүүрсний экспорт буурав. Таны хувьд хэрхэн харж байна вэ?
-Энэ оны эхний хоёр сард нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад илүү өндөр байлаа. Харин өнгөрсөн сараас тус улсын нүүрсний импорт буурсан нь хоёр шалтгаантай. Нэгт, энэ оны нэг, хоёрдугаар сард их хэмжээний нүүрс худалдан авсан тул агуулгууд нь дүүрч үйлдвэрүүдийн гадна нүүрс овоорсон. Иймээс татан авалт багассан гэсэн үг.
Нөгөө талд, Хятадын эдийн засгийн өсөлт хүлээлтээс бага байна. Үүний цаана гангийн үйлдвэрлэлийн хэрэглээ буурч буй тохиолдолд Монголоос нүүрс худалдан авахгүй нь ойлгомжтой.
Ерөнхийдөө жил бүрийн 3-7 дугаар сар хүртэл нүүрсний эрэлт буурдаг тул экспорт буурдаг. Гэхдээ Хятад энэ жил өнгөрсөн оных шиг 100 гаруй сая тонн нүүрсийг гадаадаас импортолно. Иймд Монгол Улс энэ онд 60 сая тонн нүүрс гаргах зорилт биелнэ. Харин нүүрсний буурч, зах зээл дэх эрэлтээс хамаарах төлөвтэй байна. Экспортын биет хэмжээ өөрчлөгдөхгүй ч нүүрсний үнэ буурна.
-Тэгвэл биржээр нүүрсээ зарж байгаа нь үнээ барихад нөлөөлөх үү. Өнгөрсөн хугацаанд бидэнд үр өгөөжөө өгч чадав уу?
-Нүүрсийг биржээр борлуулж хил нөхцлөөр хүргэдэг болсноор Монголын талд ирж буй ашиг орлого нэмэгдэж байна. Зарчмын хувьд ил тод нээлттэй байх талаас төрийн болон хувийн хэвшлийнхэн дэмжиж буй. Худалдан авагч тал биржээр арилжаа хийж байгаа бол Монголын талаас хил хүртэл тээвэрлэлтийг найдвартай хурдан шуурхай хүргэж өгнө гэж амлахаас өөр аргагүй. Иймээс дэд бүтэж, тээвэр ложистикоо сайжруулах хэрэгтэй. Авто тээврээс гадна төмөр замаар тээвэрлэлт хийх нь чухал. Одоогоор төмөр замын хил холболтын барилга угсралтын ажлын тендерт shenkhua energy толгой компани ялсан. Тэд энэ ажлаа хариуцна гэдэгт найдаж байна. Энэ тохиолдолд нийлүүлэлт илүү баталгаажна. Биржийн худалдаа эерэг сөрөг талтай. Гэхдээ сайн тал нь илүү давамгайлж байна. Сөрөг тал нь, Монголоос урт хугацаанд нүүрс авч боловсруулна гэж бодсон компаниудын хувьд том хөрөнгө оруулалт хийсэн учраас аль болох цөөн тоглогчтой байхыг илүүд үзнэ. Гэтэл биржийн арилжаа зарласан тохиолдолд худалдан авагчид олон болох тул тэдэнд ноогдох хэсэг нь багасна. Үнийн хувьд тодорхой хэмжээний өрсөлдөөн үүснэ. Энэ нь тэдэнд таатай биш. Гэхдээ Монгол Улсын хувьд энэ бүгдийг хүндэтгэн үзэж томоохон оффтейк гэрээнүүдээ өөрчлөхгүй барина. Харин цаашид бирж дээрх арилжааг нэмэгдүүлнэ гэх бодлого барьж байгаа.
МОНГОЛ УЛС ДУРААРАА 100 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХ БОЛОМЖГҮЙ
-Монголын эдийн засаг нүүрс болоод удлаа. Гэвч сүүлийн үед манай улсын коксжих нүүрс урд хөршид гологдож улмаар экспорт буурах шалтгаан болсон гэх мэдээлэл ч өнгөрсөн сард цацагдлаа. Уг нь бид хамгийн сайн чанарын нүүрсээ шигшиж экспортолдог шүү дээ?
-Монголын коксжих нүүрсний чанар урьд жилүүдийнхийг бодвол илүү тогтвортой болно. Заавал супер чанартай байх албагүй. Сайн, дунд, муу ч бий. Гол нь худалдан авалт тогтвортой байх ёстой. Яагаад гэвэл нүүрсийг хольж технологид ашигладаг. Нэг үеэ бодвол Монголд баяжуулах үйлдвэрийн тоо нэмэгдсэн. Цаашид шинэ төслүүд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс Монголын нүүрсний чанар тийм ч хүнд асуудал биш.
-Хятад улс жилд 4.3 тэрбум тонн нүүрсний хэрэглээтэй. Үүний ердөө нэг хувь буюу 43 сая тонныг нь манай улсын экспорт бүрдүүлж байна. Өнгөрсөн жил энэ тоо нэмэгдсэн. Ер нь экспортыг 100 сая хүргэх боломж бий. Цаашид нүүрсээ хэрхэн хувиргах вэ гэдэг нь анхаарал татаж байна?
-Хятадтай хийх худалдаанд Монголын орон зай хэвээрээ байх болно. Тус улс коксжих нүүрсний 500 сая тонны хэрэглээтэй. Үүний 100 сая тонныг гадаадаас импортолдог бол 400 сая тонныг өөрсдөө олборлож байгаа шүү дээ.
Хэт их хэмжээгээр хямд үнэтэй коксжих нүүрс импортлоход Хятадууд өөрсдөө дургүйцэх тул хязгаарлалт хийнэ. Иймээс монголчууд дураараа 100, 200 сая тонн нүүрс экспортлох боломжгүй.
Монгол Улс өөрсдийн боломжтой хэмжэээгээр нүүрс нийлүүлнэ. Гэвч цаана нь борлогддоггүй хүрэн нүүрс бий. Үүнийгээ монголчууд өөрсдөө боловсруулж цахилгаан эрчим хүч, нүүрснээс шатахуун, ус төрөгч, хуванцар материал хүртэл гаргаж авах шаардлагатай. Хятадууд 800-900 сая тонн нүүрснээс химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ийм үйлдвэрийг л монголчууд алсдаа хөгжүүлж хэрэглэхгүй нөөцийг өөрсдөдөө ашигтайгаар боловсруулах шаардлагатай. Хятадаас гадна гуравдагч зах зээл рүү экспортлох боломж нь зөвхөн эцсийн бүтээгдэхүүн болохоос биш биш түүхий эд ямар ч найдваргүй.
ИРЭХ ӨВӨЛ ЦАХИЛГААН СТАНЦУУД ЗОГСОНО. ЗАСГИЙН ГАЗАР ДАХИАД Л ӨР ТАВИНА
-Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий ногоон эдийн засаг руу чиглэж байна. Бид 2030 он хүртэл нүүрсээ экспортлох боломжтой. Цаашид нэмүү өртөг шингээж экспорлохоос өөр сонголт байхгүй. Гэтэл боловсруулах үйлдвэр бидэнд хэрэгтэй. Богино хугацаанд технологийн дэвшлийг ашиглах боломж байна уу?
-Хэд хэдэн төслүүд бий. Хувийн хэвшлийн томоохон компаниуд нүүрс хийжүүлэх, нүүрснээс ус төрөгч үйлдвэрлэх чиглэлд төсөл хэрэгжүүлэхээр санаачилж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д жижиг хэмжээний загвар үйлдвэрлэлийг байгуулах санаа байна. Олон санаа төслүүд бий. Угаасаа хүрэн нүүрс ч бий.
100 жилийн ач холбогдолтой том салбар учраас миний бодлоор жижиг хэмжээний үзүүлэх үйлдвэрийг богино хугацаанд байгуулах хэрэгтэй.
Технологио эзэмшиж илүү их итгэл үнэмшилтэй болж татварын хөнгөлөлттэй хууль эрхзүйн орчноо бүрдүүлж мега төслүүдээ хөдөлгөх шаардлагатай. Үүнээс өөр ийм их нүүрсийг дотооддоо хэрэглэж үр шимийг нь хүртэх боломж бидэнд байхгүй.
-Таны хувьд богино хугацааг хэрхэн харж байгаа вэ?
-Үзүүлэх үйлдвэрийг гурван жилийн дотор барьж болно. Дараа нь нүүрснээсээ хийн түлш үйлдвэрлэж утаагүй гэр хорооллын халаалтад ашиглах боломжийг туршиж, хуванцар үйлдвэрлэж гадаад руу экспортолно. Дараа нь том төслүүдээ хөдөлгөнө л дөө. Анх “Говь” үйлдвэрийг барихад контейнер үзүүлэх үйлдвэрээс эхэлсний дараа том үйлдвэр барьж байлаа. Үүнтэй адил шинэ том салбар байгуулахад жижгээр эхлэх ёстой.
-Бид байгалийн баялгаа хог болгоод удаж байна. Үнэгүй шахам болсон хүрэн нүүрсийг цаашид өндөр үнэ хүргэх боломж бий юу. Угтаа бол эрчим хүчний эх үүсвэр гэдэг шүү дээ?
-Монголын зүүн өмнөд нутгуудаар эрчим хүчний нүүрсний нөөц ихтэй. Гэвч нүүрсний 1/3 буюу 35-45 хувь тэн хагас нь ус байдаг тул илчлэг багатай. Иймд уртын тээврээр экспортоход хүндрэлтэй. Богино зайд л боломжтой. Гэхдээ хангалттай үнээр биш. Дэд бүтцээ сайжруулж тээврийн зардлаа багасгаж чадвал хүрэн нүүрсийг экспортолж болно. Гэхдээ бага зэрэг боловсруулж илчлэгийг нь 30 хувиар өсгөвөл борлуулалт нь нэмэгдэж зах зээлд өндөр үнэтэй болно. Энэ хэмжээгээр Монголд ирэх ашиг нэмэгдэнэ. Хэрэв Хятадууд хүрэн нүүрс худалдан авч байгаа тохиолдолд аль болох экспортлох нь бидэндэ хэрэгтэй. Дээр дурдсанчлан эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Нефттэй өрсөлдөхүйц болгохын тулд нүүрснээс химийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд татварын хөнгөлөлт хэрэгтэй. Ижил түвшинд сонирхол татаж байж Монголд энэ салбар хөгжинө.
-Улсын төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсний үр дагавар нь ирэх намар нь л мэдэгддэг. Сонгуулийн дараах нийгэм эдийн засаг ч хүндрэх вий гэх болгоомжлол ч байна. Нүүрсний экспорт буурч байгаа нь магадгүй эхний дохио байх?
-Улс төрийн амлалтаас болж том хэмжээний мөнгийг урьдчилан авч замбараагүй зарцуулдаг нь үргэлж эрсдэл дагуулж байсан. Харин өнгөрсөн хоёр жил нэлээн том дэвшил гарлаа. Цаашид улс төрийн амлалт авахын тулд бэлэн мөнгө, урьдчилгаа төлбөр авахаас гадна янз бүрийн үйлдвэр барьж төсөл хэрэгжүүлэх нэрээр илүү их хөрөнгө оруулалттай төслийг бодит байдлаас илүү бага үнэтэй нүүрсээр эргүүлэн төлөх үзэгдлийг зогсоох хэрэгтэй. Үгүй бол ийм бодлогын чанартай шийдвэр гэж урьдчилгаа төлбөр авсны дараа нүүрсээр төлөхөө амладаг нь зах зээлийн бодит үнээс бага хөрөнгө оруулалт хийх үр дагаварт хүргэж алдагдалтай ашиггүй бүтэлгүй болох эхлэл тавих жишээнүүд байдаг. Аль болох нүүрсний борлуулалтыг улс төрийн элдэв том бодлогоос тусад нь зах зээлийн бизнесийн зарчим руу оруулах төрөөс хувийн хэвшил рүү шилжүүлэх нь монголчуудад ирэх үр ашиг нь нэмэгдэнэ.
-Одоогоор төрийн оролцоо өндөр байна уу?
-Тийм. Өндөр байгаа шүү дээ.
БИД ӨӨРСДИЙГӨӨ БООМИЛЖ БАЙНА
-Хүрэн нүүрс өндөр зардалтай атал худалдах нь үнэгүйдэж байгаа нь уурхайнууд алдагдалд орж улмаар эрчим хүчний сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Асуудал нь ирэх өвөл уурхай тэг зогсож, бид гал алдаж болзошгүйг та анхааруулсан?
-Төрийн өмчийн нүүрсний уурхайн борлуулалтын үнэ өртгөөсөө бага байх нь байж болзошгүй. Цаашлаад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй борлуулалтын үнэ өртгөөсөө бага. Өр тавьж олон жил хүү төлдөг ийм байдалтай удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй. Үнийн томъёо инфляци, дизелийн түлш, тэсэлгээний материалын үнээс хамаарч өөрчлөгддөг индекстэй.
Эсрэгээрээ хатуу бодлогоор бага үнэ барьж байгаа нь ирэх жил уурхайнууд ажиллаж чадахгүй, цахилгаан станцууд зогсоно гэсэн үг. Тиймээс Засгийн газар дахин нэг газраас өр тавьж нөхөх нь тодорхой.
Дахин дахин өр тавих нь салбар нь хөгжихгүй улам агшиж байна шүү дээ. Тиймээс үнийн томъёонд ухаалаг зах зээлийн үр ашигтай хөрөнгө оруулалтаа нөхөх уян хатан тариф тогтоохгүй бол нүүрсний уурхай эрчим хүчний салбар бүхэлдээ хөгжих боломжоо хязгаарлууллаа. Нөгөө талд эдийн засаг өсч үйлдвэрлэл нэмэгдэж барилга барихад эрчим хүч нь байхгүй. Хэрэв үнийн томъёонд зөв тохиргоо хийж чадвал эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдэж хөрөнгө оруулалт нэмэгдвэл хүлээгдэж буй уул уурхайн төслүүд, барилга бизнес үйлдвэрлэл хөгжинө.
Эдийн засгийн хөгжлийг хангахуйц эрчим хүчний тарифыг нүүрсний болон эрчим хүчний тарифын шинэчлэл хийхгүй бол бид өөрсдийгөө боомилж урагшилж чадахгүй байна.
-Бид зах зээлийн эдийн засагт шилжээд 34 жил болсон ч эдийн засаг нь урд хөршөөс хамааралтай, эрчим хүч, нефтийн хувьд мөн л Оросоос хараат байдаг. Хэрэв хүрэн нүүрсийг эргэлтэд оруулж чадвал чөтгөрийн тойргоос гарч чадах уу?
-Хоёр дахин өндөр үнээр эрчим хүч гадаадаас авдаг. Эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч Оюутолгой нь Хятадаас 100 хувь цахилгаан импортолж байна. Төвийн сүлжээ нь Оросоос хамааралтай. Ийм байх ёсгүй. Дотоодын ашигладаггүй эрчим хүчний эх үүсвэрийг эрчим хүч, нефть, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж л хөгжинө. Үүний тулд татварын дэмжлэг хэрэгтэй. Бодит хөрөнгө оруулалт татахын тулд бодит татварын хөнгөлөлт шаардлагатай. Эрчим хүчний салбар зоригтойхон үнийн хяналтыг хагас чөлөөт байдал руу оруулж чадвал эдийн засаг тэлнэ. Гэтэл эрчим хүчний 70 хувь нь ганц том станцтай, төрийн мэдлийнх байгаа учраас шууд чөлөөлж болохгүй. Хөрөнгө оруулалт татахын тулд үнийн таатай нөхцөл бүрдүүлж хувийн том жижиг улсын эх үүсвэр олшируулсны дараа чөлөөт өрсөлдөөнийг нэвтрүүлнэ. Үүний тулд эрчим хүчний үнэ тарифаас эхлэх нь зүйтэй.