Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: “Зээлийн мэдээллийн сан”-гийн өршөөлийг хавтгайруулж, Хөгжлийн банк болон тусгай сангуудаас зээл авсан нөхдийг өршөөж болохгүй

Ангилал
Улс төр Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
16 минут 24 секунд

Монголбанк 100 жилийнхээ ойн хүрээнд Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэг удаа чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа. Түүнчлэн, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Энэ талаарх байр суурийг нь сонирхлоо.

------------------

-Монголбанк байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн иргэдийг нэг удаа өршөөхөөр болсон. Энэ хэр зөв алхам бэ?

-Хар жагсаалт гэсэн зүйл байхгүй. Муу болон чанаргүй зээлийн эргэлзээтэй түүх гэж байгаа юм. Ингэж өршөөл үзүүлж байгаа нь нэг талдаа сайн хэрэг. Яагаад гэвэл сүүлийн гурван жилд бид эдийн засгийн маш хүнд байдлыг даван туулсан шүү дээ. Нэгдүгээрт, цар тахал болон геополитикийн нөхцөл байдал Орос-Украины дайн гэх мэт. Тэгэхээр маш их хэмжээний ААН, иргэдийн орлого нь доголдож, өөрсдөөс нь хамаарахгүй зүйлээс болж Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн. Түүнчлэн, зээлээ төлж чадаагүй иргэд төлсөн ч зургаан жилээр санхүүгийн ял авчхаад байгаа юм. Тэдгээрийг нэг удаа ингэж өршөөх нь зөв. Нөгөө талдаа асуудал дагуулж буй зүйл нь нийгмийн буруу жишиг тогтоох гээд байгаа явдал. Байнга өршөөл үзүүлж болохгүй.

Яг энэ завшааныг ашиглаж, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад, ЗМС-г илүү боловсронгуй болгож, ОУ-ын санхүүгийн байгууллагуудтай адилхан нэг жишигт оруулах нь зүйтэй. Нэг ёсондоо, зээлдэгчийг үнэлэх, зээлжих зэрэглэлийг нь оноогоор тооцох онооны систем рүү оруулах ёстой. Бас нэг шударга бус зүйл байгаа нь Хөгжлийн банк болон төрийн тусгай сангуудаас зээл авсан нөхдийг гар утасны зээл авсан хүмүүстэй адилтгаж үзээд байгаа. Ингэж болохгүй. Амьдрал өөрөө баян шүү дээ.

Энэ нь өөрөө системийн гажигдалтай байгааг харуулж байна. Хамгийн зөв систем нь зээлийн оноог зээлдэгчдэд олгох хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор тодорхой хэмжээний санхүүгийн реформ хийх ёстой. Энэ реформын давуу талыг нь яримаар байна. Тухайлбал,

Зээлдэгч бүр оноотой болчихвол эргэн төлөлт нь доголдолтой байгаа иргэний оноо нь буурна. Харин санхүүгийн сахилга баттай хүмүүсийн оноо өснө. Улмаар энэ нь урамшуулал болж, зээл авахад хүү бага, хэмжээ их зээл авах боломж бүрдэнэ. Магадгүй, барьцаагүй зээл ч олгож болно. Яагаад гэвэл энэ хүн санхүүгийн сахилга баттай гэдэг утгаар урамшуулна гэсэн үг.

Миний хувьд энэ өршөөлийг хавтгайруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкнаас зориулалтын бусаар ашигласан эсвэл төлөхгүй байсан буюу бусдын боломжийг хаасан нөхдийг өршөөж болохгүй. Би өөрөө Хөгжлийн банкны гэх хэргийг Хянан шалгах түр хорооны гишүүн байсан болохоор маш сайн мэдэж байна. Мөн үүнтэй холбоотойгоор төрийн тусгай сангаас зээл авсан зээлдэгчдийг өршөөж болохгүй гэж үзэж байгаа. Энэ бол маш том хариуцлагын асуудал учраас Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байх ёстой.

-Гар утасныхаа зээлийг төлөөгүйн төлөө зургаан жил санхүүгийн харилцаанд орохгүй байх ял үүрч болохгүй-

-Эдийн засагчдын зүгээс дээрх өршөөлийг эсэргүүцэж буй хэсэг байна. Тухайлбал, банкны экосистемд сөргөөр нөлөөлөх гэх мэт. Ер нь өршөөл үзүүлснээр Монголбанк болон арилжааны банкуудын үйл ажиллагаанд ямар үр нөлөө үзүүлэх вэ?

-Арилжааны банкууд Зээлийн мэдээллийн санг түгээмэл ашигладаггүй. Учир нь банк бүр “Эрсдэлийн үнэлгээний систем”-тэй байдаг. Харин ББСБ-ууд их ашигладаг. Хамгийн зөв тогтолцоо юу руу орох ёстой вэ гэвэл, заавал сан гэхгүйгээр Монголбанк өөрөө журам батлаад, зээлдэгчдэд эрсдэлийн оноо тооцдог байж, нийт санхүүгийн систем жигд хүртээмжтэй байх ёстой. Тэгэхгүйгээр, гар утасныхаа зээлийг төлөөгүйн төлөө зургаан жил санхүүгийн харилцаанд орохгүй байх ял үүрч болохгүй. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар зээл авсан хүмүүстэй адил байж болохгүй гэсэн үг. Энэ бол цэвэр санхүүгийн луйврын хэрэг. Харин хэрэглээний жижиг зээл аваад хугацаа хэтрүүлсэн ч төлсөн хүмүүсийг өршөөх нь зөв л дөө.

Эцсийн дүндээ, зээлийн мэдээллийн систем өөрчлөгдөж, дэлхийн санхүүгийн байгууллагуудтай ижил хэмжээнд зэрэгцэж алхах ёстой. Жишээлбэл, Америк, Англи болон Европын холбооны Австрали мөн Азийн орнуудаас Япон, Өмнөд Солонгос улсууд шиг уян хатан нөхцөлтэй, сахилга баттай хүмүүсийг урамшуулдаг урамшууллын системтэй байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манайд зээл төлсөн, төлөөгүйгээр нь хуваарилаад байна. Хариуцлагатай зээлдэгчдээ урамшуулж байж манай банкны систем илүү динамикаар явж, эдийн засгийн хөгжил цэцэглэнэ шүү дээ.

-Монголбанк 100 жилийн ойгоо тохиолдуулж мөн эдийн засгийг сэргээхийн тулд дээрх өршөөлийг үзүүлж байгаа гэж тайлбарласан. Ер нь энэ өршөөлийг үзүүлснээр эдийн засагт ямар үр нөлөө авч ирэх вэ?

-Эдийн засагт сэргэлт авч ирэхээс илүү хэрэглээг тодорхой хэмжээнд дэмжинэ л дээ. Эдийн засгийн макро түвшин нь эрэлт нийлүүлэлтээр тогтдог. Эрэлт нь байгаа бол нийлүүлэлт нь тодорхой хугацааны дараа нэмэгддэг. Хамгийн гол нь санхүүгийн шударга өрсөлдөөний асуудал яригдаж байгаа юм. Харин ямар эерэг нөлөө үзүүлэх вэ гэвэл, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, илүү уян хатан байдалд шилжүүлж, олон улсын санхүүгийн байгууллагуудтай адил системд шилжих ёстой.

Бид 32 жилийн турш хувийн шатлалтай банк санхүүгийн системээр явж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд 1992 онд ямар байсан, яг тэр хэвээрээ л байна шүү дээ. Тэгэхээр санхүүгийн бусад бүтээгдэхүүнээ гаргаад, санхүүгийн сахилга батыг урамшуулдаг зүйл нь хэрэгтэй байна.

-Иргэдийн зүгээс "Хариуцлагатай байгаад, хугацаандаа зээлээ төлж байтал зээлээ төлдөггүй хүмүүсийн зээлийг нэг ой тохиолдуулаад эсвэл эдийн засгийг сэргээх нэрийн дор өршөөдөг" байдлыг шүүмжилж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм. Ямар нэг баяр, ойг тохиолдуулан өршөөлийг хавтгайруулаад байж болохгүй. Энэ нь нийгэмд буруу жишиг тогтоох гээд байгаа юм. Харин санхүүг үнэлдэг тогтолцоог нь өөрчлөх ёстой. Ингэснээр манай санхүүгийн байгууллагууд болон иргэд, ААН-үүд илүү уян хатан тогтолцоонд ороод, санхүүгийн сахилга бат нь сайжирна.

-Үе шаттайгаар зах зээлийн валютын зарчимд шилжих хэрэгтэй-

-Та өөрөө ажиллаж байсны хувьд 100 жилийн түүхтэй Монголбанкны үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хуулиараа төв банк нь хараат бус байгууллага. Гэхдээ тодорхой хэмжээний алдаа оноотой явж байгаа л даа. Би хааяа шүүмжилдэг, зөв бодлогыг нь дэмжиж буйгаа хэлдэг. Гэхдээ эцсийн дүнд бидний балансыг нь барьж буй том байгууллагуудын нэг л дээ. Гол асуудал нь төв банк бол өөрийн эдийн засгаа макро түвшинд тохируулдаг зэвсэг нь нэлээн хязгаарлагдмал. Тухайлбал, Бодлогын хүү, зайлшгүй байрлах нөөц, зохистой банкуудын харьцаа мөн зах зээлд интервенц хийж зах зээлийн үйл ажиллагаа явуулдаг хэрэгслүүд байгаа юм.

Төв банкыг үнийн өсөлт, инфляцаа барьж чадахгүй байна гэж олон нийт шүүмжилдэг. Инфляцаа барих үндсэн хэрэгсэл нь бодлогын хүү. Гэхдээ бодлогын хүүгээ хэт чангалчихвал эдийн засаг хатаад, энэ байдлаараа уналтад орж, инфляц буурах аюул байдаг. Харин хэт халвал инфляц өсөж, эдийн засгийн өсөлт нь инфляцдаа идэгдээд, эцэст нь иргэдийн худалдан авах чадвар буурдаг.

Нэг чухал зүйл нь хүнд нөхцөл байдалд буюу манай валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар байхад тодорхой хэмжээний бодлогын чанартай үйл ажиллагаа явуулсан. Тэр нь юу вэ гэхээр валютын орлоготой ААН-үүдийн орлогыг шууд өөртөө аваад, оронд нь төгрөг болгосон. Гэхдээ энэ нөхцөл байдал дууссан. Одоо бид юу руу шилжих ёстой вэ гэхээр тодорхой үе шаттайгаар зах зээлийн валютын зарчимд шилжих хэрэгтэй. Үүнийг өнөө маргаашгүй л хийх хэрэгтэй гэж боддог.

-Та төв банкыг хараат бус байгууллага гэлээ. Хараат бус байх үүргээ зарим талаар биелүүлж чадахгүй байгаа харагддаг. Энэ үүргээ бүрэн биелүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Үүргээ бүрэн биелүүлэхгүй байна гэдэг нь харьцангуй зүйл л дээ. Үүнийг ОУВС, Азийн хөгжлийн банк гэх мэт олон улсын байгууллагууд нь дүгнэх хэрэгтэй байх. Тодорхой хэмжээгээр хараат бус байдлаа хадгалж байгаа л даа.

Юунд харагдаж байна вэ гэхээр бодлогын хүүгээ бууруул эсвэл чангаруул гэж УИХ-ын гишүүд чуулганаар ярьдаг. Монголбанк эсрэгээр өөрсдийн макро эдийн засгийн прогноз болон бусад төсөөллөө хийж байгаад шийдвэрээ гаргадаг. Мөн валютын интервенцээ хэнээс ч асуухгүйгээр өөрсдөө долоо хоногт хоёр удаа хийдэг. Тиймээс хэн нэгнээс хараат гэдгийг би буруу гэж бодож байна.

-Монгол Улсын иргэн бүр баялгийн өгөөжийг нь тэгш, шударга, жигд хүртэх ёстой-

-Төгсгөлд нь яг энэ үед идэвхтэй яригдаж, УИХ-аар хэлэлцэж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар таны байр суурийг сонирхоё. Дээрх хуулийн төслийг та дэмжиж байгаа юу?

-Би маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл би УИХ-ын гишүүн болсноос хойш маш олон жил "Баялгийн сангийн хуулиа оруулж ирээч ээ" гэж чуулганы индэр дээрээс хэлж байсан. Монгол Улс маш их баялагтай. Харин энэ их баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Байгаль, дэлхий монголчуудад заяасан. Тийм учраас Монгол Улсын иргэн бүр баялгийн өгөөжийг нь тэгш, шударга, жигд хүртэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Хамгийн зөв механизм нь Үндэсний баялгийн сан. Засгийн газар болон энэ хуулийг боловсруулсан хүмүүс маш их судалгаа хийж, их зүйлийг уншсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл дэлхийн хамгийн зөв жишээний баялгийн сангуудыг нэгтгээд, гурван төрөлжсөн сан байгуулж буй юм. Жишээлбэл,

Ирээдүйн өв сан бол Норвегийн тэтгэврийн сантай адилхан ирээдүйн монголчууд буюу бидний ач нарт зориулсан байгаа. Энэ бол цэвэр АМНАТ-ын орлогоор бүрдэх бөгөөд энэ санг хэн ч оролдохгүй. Харин зөв менежмент хийгээд өгөөжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хуримтлалын сан нь Кувейт болон Саудын Арабын баялгийн сантай адилхан байгуулагдаж байгаа. Тэр нь орж ирж буй баялгийг бүгдийг нь хадгалахгүйгээр эдийн засгаа солонгоруулж мөн өнөөдөр амьдарч буй иргэдийн орон сууц, боловсролыг нь дээшлүүлэх зэргээр амьдралынх нь чанарыг сайжруулах буюу хөгжлийг хурдасгах байдлаар явах юм.

Харин Хөгжлийн сан бол бүсчилсэн хөгжил, эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөх сан. Катарын болон Сингапурын Темасек сан нь үүнтэй адилхан. Тэгэхээр өнөө үед, ирээдүй үед хамгийн тулгамдсан том мега төслүүдийг шийдэх бололцоог нэг дор шийдсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, Нэг сумаар гурван туулай буудаж байгаа юм шиг маш сайн хууль.

Хамгийн гол нь бид хэрэгжүүлэхдээ анхаарал тавих ёстой. Маш сайн менежменттэй боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Одоогийн байдлаар энэ боловсон хүчин Монголд алга байна.

Хамгийн ойрын жишээ бол Монголбанкны валютын нөөц. Монголбанк валютын нөөцөө зүгээр хадгалдаггүй, тодорхой хэмжээг нь өгч аваад "3 А" зээлжих зэрэглэлтэй бонд, Америкийн төв банк, Европын бондуудыг худалдаж авдаг. Үүнээс хальж үзээгүй. Тиймээс боловсон хүчнээ өнөөдрөөс эхлэн бэлдэх шаардлагатай. Тодорхой хугацаанд гадаадын менежментийг ажиллуулаад, энэ хооронд дотоодын боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл маш их хэмжээний мөнгө эргэлдэх учраас тун хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт, эрсдэлгүй өндөр өгөөжтэй байх нь чухал зүйл л дээ.

Би Кувейт, Катар, Хятад, Казахстан, Сингапурын бүх сангуудын сүүлийн 10 жилийн өгөөжийг нь харсан. Жил бүр дунджаар 13-15 хувийн өсөлттэй байна лээ. Тэгэхээр энэ хэмжээний өсөлт үзүүлэхийн тулд тэдэнтэй адилхан дэлхийн хэмжээний бөловсон хүчин хэрэгтэй гэж хэлмээр байгаа юм.

-Баялгийн сангийн тухай хуулийг иргэд олон нийт их үр өгөөжтэй хууль гэж хүлээж байгаа. Иргэдэд очих үр өгөөжийнх нь талаар онцолбол?

-Ирээдүй хойч үедээ бид юу үлдээх вэ гэхээр ирээдүйн өв сангаа үлдээнэ. Харин яг одоо амьдарч буй монголчуудынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх тогтолцоо руу орж байгаа юм. Тухайлбал, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол гэх мэт. Яаж орон сууцтай, боловсролтой, эрүүл иргэнийг бий болгох вэ гэдэгт анхаарна. Бүсчилсэн хөгжил болон эдийн засгийн том тулгуур болон Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах мега төслүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн сан бий болж байгаа юм. Тэгэхээр бүх л асуудлыг хамаарсан дэлхийн зөв жишгүүдийг Монгол Улсад нутагшуулсан хууль орж ирж байгаа гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.