УИХ-ын 2024.04.18-ны өдрийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Яасан ч урт нэртэй хуулийг ямар ч хурдан оруулаад ирдэг юм. Энэ хууль сүүлийн найман жил яригдсан. Хуульд малчдад хэрэгтэй зүйл алга. Улам дарамт үүсгэж байна. Болохгүй зүйлээ хүн рүү, нам руу чихдэг. Бүр сүүлдээ байгалийн уур амьсгал руу чихдэг болж. Сая бид орон нутгаар яваад ирсэн. Зудад өртсөн малын тоо худлаа байна. Эрх баригчид зудын эрсдэлийг тооцоолж чадаагүйгээс малчдад өнөөдөр ийм асуудал тулгарч байна. Энэ хуулиа татаад авчхаж болдоггүй юм уу. Малчид хоёрхон зүйлийг хүсэж байгаа. Зээлийг тэглэх, нөгөө нь мах, малын түүхий эдийн үнийг төрөөс хатуу барихгүй байх саналыг ирүүлж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын уламжлалт мал аж ахуйг сэргээх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилготойгоор ЗГ энэ хуулийг төслийг өргөн барьсан. Малчдыг жаахан чинээлэг болгоё гээд асуудал шийдээд, хуулийн төсөл боловсруулаад ороод ирэхээр уурлаад байх юм. Малчид яагаад чинээлэг, дундаж давхаргыг төлөөлдөг байж болохгүй гэж. Зөвхөн зээлэндээ баригдсан, тэр өрөө тэглүүлсэн "ядуу" гэдэг статустай байх ёстой юм уу. МУ-ын ЗГ малчид руу чиглэсэн гурван бодлогыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь хэрэглээний зээлийн төлөлт өнгөрсөн өвөл орсон цас зудын эрсдэлээс болж хүндрэл үүссэнтэй холбогдуулж үндсэн зээлийг нэг жилээр хойшлуулсан. Зээлийн хуримтлагдсан хүүгийн 75 хувийг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулах ажлыг хийж байгаа.