Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баян” Р.Базарын баривчилгаа бол АШИГТАЙ “ПУУЖИН”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 36 секунд

“Баян” Р.Базар болон зарим нэр бүхий иргэдийг өчигдөр баривчилсан. Уг баривчилгааны гол сэжүүр нь сонгууль хууль бусаар санхүүжүүлэх гэсэн өнцөг юм. Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон баривчилгаа зүгээр нэг үйл явдал биш гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд хэлж буй юм.

Одоогоор 20 сая ам.долларын нүүрсний гэх мөнгийг угааж ОХУ-аас буцаан оруулж ирж, энэ удаагийн сонгуульд хэрэглэх гэж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, үйл явдлын учиг үзүүр хэн рүү чиглэж байгаа вэ гэдгийг сайн анзаарах нь зүйтэй. Үүнд нэр холбогдогчид нь АН-ын Ц.Элбэгдорж, С.Баярцогт болон намын дарга Лу.Гантөмөр нарын нэрс дурдагдаж байна. Мөн “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан Н.Номтойбаярын нэр ч холбогдож, хэвлэлээр зарим мэдээллүүд гарав. Өөрөөр хэлбэл, энэ сонгуульд орох Ардын намын гол өрсөлдөгч болох хоёр улс төрийн хүчний нэрс Р.Базарын мөнгөтэй холбогдсон гэсэн үг.

АН-ынхан ч үүнд эмзэглэж өөрсдөдөө хамаагүй гэж мэдэгдэл гаргасан бөгөөд үйл явдал, цаг хугацааны хувьд тэд нэгэнт хоцорсон дүр зураг ажиглагдаж байгаа юм. Учир нь нэгдүгээрт, үнэхээр сонгуульд ашиглах гэж байсан нь үнэн бол тэд энэ сонгуулийн гол санхүүгээ өрсөлдөгчдөдөө алдчихлаа гэсэн үг юм. Товчхондоо, нэг аймаг болон дүүрэгт багадаа ашиглагдах байсан 2 тэрбум төгрөг нь замхарлаа. Энэ удаагийн сонгууль бүсчилсэн том тойргоор болно. Тойрог томрох хэрээр тойрогт зарцуулах мөнгөн дүн асар ихээр нэмэгдсэн. Үүнийг давж гарах улстөрч байтугай улс төрийн нам цөөхөн байна. Мөнгө гэдэг бол Монголын сонгуулийн гол амин сүнс.

Ийнхүү асуудал ноцтой байдал руу шилжсэнтэй холбоотойгоор Ардын намд ашигтай хэд хэдэн нөхцөл байдал үүсээд байна. Магадгүй олон тусгалт улс төрийн пуужин лугаа адил үйл явц гэж уншиж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, С.Баярцогт тэргүүтэй АН-ынхан сонгуульд орох санхүүжилтийн хувьд хүнд байдалд орох. Эвслийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Мөн С.Баярцогт нарын нэр холбогдох хэрээр хэргийн учиг зангилаа өнөөх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу чиглэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн барьц улам л нэмэгдэнэ гэсэн үг.

Хоёрт, нүүрсний жинхэнэ хулгайч нь хэн болох вэ. Ардын намынхан өнгөрсөн хугацаанд нүүрстэй холбогдож багагүй дуулиан дэгдээсэн. Тэгвэл яг бодитойгоор нүүрсний мөнгийг хил гаргаад нэг төрлийн мөнгө угаах механизмаар эргүүлэн оруулж ирсэн нь энэ баримтаас улбаалаад нүүрсний хулгай гэгчид МАН-аас өөр хүмүүсийн нэрс холбогдож эхлэх бололтой. Товчхондоо, МАН ганцаараа нүүрсний хулгайд хардагдаж, буруутгагдахгүй байх зам мөр нээгдлээ.

Гуравт, энэ үйл явцыг анзаарсан бусад сонгуулийн санхүүжилтүүд бүгд зогсох нь гарцаагүй. Ямар нэгэн байдлаар мөнгө, санхүүгийн асуудлаа зохицуулахаар төлөвлөж байсан бол бүгд хяналтад байгаагаа ойлгоно. Хэрвээ мөнгөн урсгалаа татаж чадахгүй бол сонгуулиар гаргүй, хөлгүй мэт суух нь гарцаагүй. Тиймээс л энэ удаагийн баривчилгаа олон хүнд хортой тусна. Сонгуулиар мөнгө гэдэг бол улс төрийн намын хувьд морь л гэсэн. Өөрөөр хэлбэл, морьтой хүнтэй уралдах явган хүнтэй уралдах хоёрын асар ялгаатай дүр зургийг харах бололтой.

Өөр нэг анзаарагдсан ноцтой зүйл нь Р.Базар нартай хамт баригдсан хүмүүс дунд бүлэг зохион байгуулалтад орж бусдыг айлган сүрдүүлсэн гэх “эрүүгийн” этгээдүүд баригдсан явдал юм. Өөрөөр хэлбэл, тэднийг юунд ашиглах гэж байсан. Хэнд аюул, занал учруулахаар бэлтгэж байсан бэ гэдэг нь одоогоор яригдаагүй хашааны хамгийн том сэдэв юм.

Д.Тогтохсүрэн: Гишүүд чуулганы хуралдаанд дуртай сэдвээрээ ярьдаг бус бүлгээрээ мэтгэлцдэг зарчим руу шилжих ёстой
Д.Тогтохсүрэн: Гишүүд чуулганы хуралдаанд дуртай сэдвээрээ ярьдаг бус бүлгээрээ мэтгэлцдэг зарчим руу шилжих ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.