Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ муудалцсан үедээ гэрээсээ ДАЙЖИЖ байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
15 минут 48 секунд

-Би ээж, ааваасаа хол, эгчтэйгээ хамт амьдардаг. Эгч маань намайг загнадаг нь хэцүү байдаг. Харин ярилцдаг бол гоё-

-Би ээж, өвөө хоёртоо өөрийгөө жаахан хүүхэд шиг харагдахыг, мэдрүүлэхийг хүсэхгүй байна-

-Найзууд маань заримдаа ялгаж харьцаад байдаг юм. Хааяа ч болов намайг тоогоорой. Заримдаа гомддог шүү-

-Аав маань "Эр хүн юм чинь уйлдаггүй юм. Аавынхаа хойноос битгий уйлаарай" гээд хаяад явсан-

Энэ бол өсвөр насны хүүхдүүдийн өөрсдийнх нь сэтгэлийг хамгийн их эмзэглүүлдэг зүйлс. Зарим нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж үргэлж маргалддаг учраас бас байнга загнуулдаг болохоор тухгүй мэдрэмж авдаг. Харин зарим нь өөрийгөө бие хүн гэдгээ ухаарч, өөрийгөө таньж, мэдэж байгаа болохоор бусдад жаахан хүүхэд шиг харагдахыг хүсдэггүй. Бүр зарим нь үе тэнгийнхээ найз нөхдөд хаягдаж, гологдох мэдрэмж авдаг учраас ганц удаа ч болов найзууддаа үнэлэгдэхийг, хүлээн зөвшөөрөгдөхийг хүснэ. Харин тэдний дунд салалт хэмээх асуудлын томоохон хохирогч болж, сэтгэлдээ том хар чулуу тээсээр үлдсэн хүүхдүүд ч тодорхой хувийг эзэлж байна.

Энэ бүгд л өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд асар том сөрөг нөлөө үзүүлдэг асуудлууд. Хүүхэд л юм хойно аливаа зүйлийн сайн, мууг ялгаж чадахгүй ч бусдын л адил БИЕ ХҮН болохоор хичээж буй. Яг л энэ үед нь хүүхдийг сайтар ойлгож бас хайрлаж, ярилцаж, зөвлөлдөх нь томчууд бидний үүрэг. Тиймээс өсвөр насны хүүхдүүд сэтгэлдээ юу тээж, юу бодож эцэг, эх, асран хамгаалагчаасаа юу хүсдэг вэ гэдгийг энэ удаагийн сурвалжилгаараа бэлтгэн хүргэе.

Нийслэл Улаанбаатар хот,

18 хүртэлх насны бүх хүнийг ХҮҮХЭД гэнэ.

Хүүхэд дөнгөж төрсөн цагаасаа эхлэн нийгмийн харилцаанд оролцдог. Тэр дундаа өсвөр насандаа нийгмийн харилцааг ойлгож, бие хүн болохоор төлөвшдөг байна. Бид сурвалжилгынхаа явцад өсвөр насны 4 хүүхэдтэй уулзаж, ярилцлаа. Тэр дундаа хүүхдүүд өөрсдийнхөө сэтгэлзүйг хамгийн их эмзэглүүлдэг асуудлуудаа нуулгүй ярьсан юм. Ингэхдээ хүүхдүүдийн сурдаг сургууль, анги бүлэг, нэрийг нууцлав. Гэхдээ юун түрүүнд өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлогийг мэргэжлийн хүмүүс хэрхэн тайлбарладаг вэ гэдгийг сонирхъё.

ЦЕГ-ын УСГ-ын Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ё.Шижиртуяа,

Өсвөр нас гэдэг бол хүүхдийг өөрийгөө олох хамгийн чухал үе

"Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог нь "Би хэн бэ" гэдгээ таньж мэдэх байдаг. Тиймээс хүүхэд энэ асуултын хариуг өөрөө хайдаг ч насанд хүрээгүй учраас хариугаа олж чаддаггүй. Гэтэл яг энэ үед нь хүрээлэн буй орчин, гэр бүлийнх нь зүгээс өөрийг нь ойлгохгүй байх, таарамжгүй харилцах, хүндлэхгүй байх, дэмжихгүй байх зэрэг хандлага илэрдэг. Ийм харилцаанд өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй тогтворгүй болдог. Яагаад гэвэл өөрийгөө олох хамгийн чухал үе нь учраас тэр. Мэдээж өсвөр насны хүүхдүүдийн хувьд энэ үедээ эцэг, эхээс илүү найз нөхөдтэйгөө их харилцдаг. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ огт харилцах ёсгүй гэж ойлгож болохгүй. Харин ч хамгийн чухал нөлөөтэй хүмүүс бол аав ээж.

Мөн сүүлийн үед цагдаагийн байгууллагад оршин суух хаягаасаа алга болсон хүүхдүүдийн дуудлага, мэдээлэл их бүртгэгдэж байна. Хүүхдүүд гэрээсээ зугтаж байгаа нь гэр бүлийн ойлгомжгүй харилцаа, эцэг эхийн тогтворгүй хандлага, өөрийн оршихуй буюу "БИ"-гээ олж авах гэж байхад нь гэр бүлийн зүгээс ямар нэг харилцаа, тусламж үзүүлэхгүйгээс болж тийм сонголт хийж байна.

Дээр нь манай нийгэмд нийтлэг тохиолдож буй зүйл нь хамгийн үнэт зүйл болох гэр бүл, үр хүүхдээ мартаад бүгд л амжилтын төлөө, мөнгөний төлөө, ажиллаж амьдарч байна. Иймээс хүүхдэд гэр бүлээс нь үзүүлж буй ямар нэг тогтвортой дэмжлэг байхгүй учраас хүүхэд өөрийгөө мэдрүүлэхийн тулд ямар нэг байдлаар гэр бүлийн тогтсон харилцаанаас гажиж эхэлдэг. Энэ нь хамгийн түрүүнд оршин суугаа хаягаасаа алга болох, гэрээсээ дайжих зэргээр илэрч байгаа юм" гэх мэдээллийг өглөө.

Тэгвэл өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйг эмзэглүүлж буй гол шалтгааныг тэд ийн тайлбарлав.

13 настай А,

Гэр бүлийнхэн миний үгийг тоодоггүй. Заримдаа маргалдсан үедээ гэрээсээ явахыг хүсдэг

"Гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй байхад их сэтгэл өвддөг. Миний үгийг тоохгүй, санал ч сонсохгүй, ойлгодоггүй. Гэтэл сургууль дээр хичээлээ давтаж байхад аль эсвэл урлагийн үзлэгт бэлдэж байхад саад болно. Заавал өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг нь таалагддаггүй. Заримдаа гэрээ цэвэрлэх /хоол хийх/ мартчихдаг. Үгүй бол гэрээ цэвэрлэнэ гэж бодож байхад ээж, эгч нар гэрийн ажилд туслахыг тушааж уурладаг. Үүнээс болж маргалдана. Би түргэн ааштай болохоор амархан уурладаг. Заримдаа гэрээсээ зугтахыг хүсдэг. Тэр бүү хэл үхлийн тухай ч өмнө нь боддог байсан. Харин одоо ийм бодол төрдөггүй.

Одоохондоо аав ээжээсээ хол байгаа болохоор эгчтэйгээ хамт байгаа юм. Эгч намайг үргэлж загнадаг нь таалагддаггүй. Харин ярилцдаг бол сайхан" гэв.

14 настай М,

Надтай ТОМ ХҮН шиг ярилцаасай гэж хүсдэг

"Өсвөр насны хүүхдүүд сэтгэлзүй нь тогтворгүй байдаг учраас жижигхэн зүйлд ч стрессдэж, уурладаг. Би ч бас бүх зүйлд муухай мэдрэмж авдаг болсон. Аав ээж найзуудыг маань буруу замаар орлоо гэж хардаж шүүмжилж загнадаг. Найзуудыг маань муу хүүхдүүд гэж бодлоо тулгадаг нь таалагддаггүй. Үүнээс л болж маргалддаг. Уг нь ээж, өвөө хоёр намайг ойлгож ТОМ ХҮН шиг ярилцахыг л хүсдэг. Хүнд үед ярилцах хүн байхгүй болохоор гэрээсээ зугтахыг л боддог" гэлээ.

Өсвөр насны хүүхдүүд бусдад өөрийгөө ойлгуулахыг хүсдэг. Энэ утгаараа мэдрэмж нь өөрийг нь том хүн шиг хүлээж аваасай гэх ойлголттой адил байдаг аж. Үүнийг ... сургуулийн сэтгэлзүйч бидэнд ийнхүү тайлбарлав. Тэрбээр,

Хүүхдийн шилжилтийн насны үед "Өөрийгөө насанд хүрсэн, биеэ даасан хүн шиг мэдрэмжийг мэдрэх хэрэгцээ" үүсдэг

"Өсвөр насны хүүхдүүд шилжилтийн үе дээрээ байдаг. Энэ нь хүүхдээс бие хүн рүү шилжиж байгаа үе гэсэн үг. Өөрийнх нь бие физиологид гарч буй гармонийн өөрчлөлт нь сэтгэл санаанд нь нөлөөлдөг. Яаж нөлөөлөх вэ гэхээр, хамгийн түрүүнд мэдрэг болно. Өөрөөр хэлбэл бүх асуудалд эмзэглэдэг болно, сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ тулна гэсэн үг.

Мөн бага насны хүүхдүүд эцэг, эхтэйгээ харилцаа үүсгэх нь их байдаг бол өсвөр насандаа үе тэнгийнхэнтэйгээ илүү харилцдаг болно. Яагаад гэвэл өөрийгөө олох гэж байгаа учраас үе тэнгийнхэнтэйгээ эсхүл олны танил эрхмүүдтэй өөрийгөө харьцуулж, үлгэр дуурайлал авах гэж хичээдэг. Энэ үед эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа нь,

Найзуудтайгаа уулзах, сошиал их ашиглах үед нь хориглоод байдаг. Энэ нь эргээд нийгэмшихүйн асуудал үүсгэж, насанд хүрэхэд нь сөргөөр ч нөлөөлж болдог. Тэгэхээр эцэг, эхчүүд найз нөхөдтэйгөө харилцахыг нь дэмжих хэрэгтэй. Харин эрүүл харилцаа юу хортой харилцаа юу гэдгийг нь хянах хэрэгтэй.

Өсвөр насны хүүхэд их уур, бухимдалтай болоод байдаг шүү дээ. Аав, ээжтэйгээ маргалддаг. Яагаад тэгдэг вэ гэхээр,

Нэг бол хүүхэд, нэг бол том хүн гэсэн зөрчилдөөнийг бий болгодог. Угтаа бол хүүхэдтэйгээ харилцахдаа том хүнтэй харьцаж байгаа юм шиг ярилцах хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдэд шилжилтийн нас нь явагдаж байгаа учраас насанд хүрсэн, биеэ даасан хүн шиг мэдрэмжийг мэдрэх хэрэгцээ байгаад байдаг. Түүнийг нь ойлгохгүй "Чи хүүхэд байж том хүний ярианд битгий оролцоод бай" гэх зэргээр хүүхдээ үгүйсгээд байдаг. Энэ нь дахиад л зөрчил үүсгэж эхэлдэг" гэсэн юм.

Үүнээс үзэхэд хүүхдийн бас нэгэн хүсэл бол өөрийг нь том хүн шиг ойлгож, ярилцахыг хүсэх явдал байна. Үргэлжлүүлэн бусад хүүхдүүд бидэнд юу ярив,

13 настай Б,

Аав, ээж хоёр маань салсан нь их хэцүү санагддаг

"Найзууд маань гэр рүүгээ явахдаа ч юм уу өөр тийшээ явахдаа хаяад явчихдаг. Бас ээж, аав анхаарахгүй, хүүхдээ юу хийж байгааг ч мэдэхгүй байх үед сэтгэл эмзэглэдэг. Би өмнө нь ээж, аавтайгаа ярилцах гэж оролдож байсан. Гэхдээ ярилцаж байгаагүй.

Би одоо эмээтэйгээ амьдардаг. Аав, ээж хоёр маань тусдаа байдаг болохоор уулзаж чаддаггүй юм. Аав маань салахдаа "Эр хүн юм чинь уйлдаггүй юм. Аавынхаа хойноос битгий уйлаарай" гэж хэлээд явсан. Энэ л их хэцүү санагддаг" гэлээ.

13 настай Х,

Найзууд маань намайг голж байгаа юм шиг санагддаг. Дахиж битгий ялгаварлаасай

"Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйг хамгийн их гэмтээдэг зүйл нь аав, ээж, гэр бүлийн харилцаа гэж боддог. Бас найз нөхдийн харилцаа. Ангийн найзууд маань заримдаа намайг тоодоггүй. Намайг голоод байгаа юм шиг санагддаг. Тэр нь муухай байдаг болохоор дахиж битгий тэгээсэй гэж хүсэж байна. Бас заримдаа би ахтайгаа муудалцсан үедээ гэрээсээ явчихмаар санагддаг. Гэхдээ явж чадахгүй шүү дээ" гэлээ.

Мөн сүүлийн үед цахим орчинд "Хүүхдийг эрхлүүлж өсгөж байна. Бидний үед алганы амт үзүүлдэг байсан юм" гэх зэргээр хүчирхийллийг уриалсан шинж бүхий нийтлэл, сэтгэгдлийг ихээхэн үлдээх болсон. Тэгвэл энэ нь зөв алхам мөн эсэх талаар ЦЕГ-ын УСГ-ын Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ё.Шижиртуяа дараах мэдээллийг өглөө.

Эцэг, эхчүүд гэр бүлийнхээ тогтсон соёлоо анзаарах хэрэгтэй. Ямар ч үед хүүхдийг хүчирхийллийн аргаар хүмүүжүүлж болохгүй

"Нийгэм тэр аяараа хүчирхийллийн эсрэг зогсож байгаа шүү дээ. Тиймээс хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүнийг ч хүчирхийллийн аргаар шийтгэж болохгүй. Сэтгэлзүйч нар зөвлөхдөө, "Хүүхэдтэйгээ ярилц, ойлголц" гэж зөвлөөд байдаг. Гэтэл амьдрал дээр эцэг эхчүүд яаж ойлголцохоо мэддэггүй. Ямар нэг маргаан боллоо гэхэд хүүхэд нь дуугаа хураачихдаг.

"Чи зүгээр үү" гээд асуухаар "Би зүгээр ээ" гэж хэлээд өөр хариу хэлдэггүй. Гэтэл эцэг, эхчүүд маань гэр бүлийнхээ харилцааны тогтсон хандлага юу вэ гэдгээ маш сайн бодох ёстой. Тийм ч сайн ярилцдаггүй гэр бүл байж байснаа гэнэт өсвөр насанд нь "ярилцъя" гэдэг байж болохгүй.

Хүүхэд ямар үед ярилцдаг, ямар үед дуугаа хураадаг, юуны тухай ярих дуртай, юун тухай ярихыг хүсдэггүй зэргийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр эцэг, эхчүүд маань гэр бүлийнхээ тогтсон соёл, хандлагыг сайтар мэдрэх ёстой. Тэгж байж хүүхэдтэйгээ ярилцах оролдлого хийнэ. Ямар ч нөхцөлд хүүхдийг хүчирхийллийн аргаар хүмүүжүүлж болохгүй" хэмээв.

ЗӨВЛӨМЖ: Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ,

  • Хүүхэдтэйгээ багаас нь ярилцаж байгаагүй бол өсвөр насанд нь өдөр тутамдаа ярилцах хэрэгтэй.
  • Аливаа асуудал тулгарвал өөрийнх нь бодол санааг заавал асуух хэрэгтэй. "Ээж нь, аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна" гээд дандаа том хүнтэй ярилцаж байгаа юм шиг үзэл бодлыг нь асуух хэрэгтэй.
  • Өсвөр насны хүүхэд хүний яриаг сонсож, оюун дүгнэлт хийх чадамжтай болсон байдаг учраас хүүхдийнхээ яриаг илүү сайн сонсох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл "Чи үүнийг хий, ингэ, тэг" гэж захиран тушаахын оронд яагаад хийгээгүйг нь, яагаад мартсаныг нь асууж, хариултыг нь сонсох нь зүйтэй. Эцэг, эхчүүд эхлээд өөрөө сонсогч байж байж хүүхдэдээ заах хэрэгтэй. Хүүхдээ сонсдоггүй байж заах нь буруу.
  • Мөн хүүхэдтэй харилцахдаа "Сэндвич"-ний аргыг ашиглавал тун сайн. Энэ нь хүүхдийн болохгүй байгаа асуудлыг шууд хэлбэл та хоёрын дунд хаалт үүснэ. Харин үүний оронд эхлээд сайн талыг нь хэлээд дараа нь засах ёстой талыг нь хэлж өгвөл харилцаа илүү сайжирна.

Энэ удаагийн сурвалжилгаараа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийн талаар мэргэжилтнүүд хийгээд хүүхдүүд өөрсдөө хэрхэн тайлбарлаж буйг хүргэлээ. Хүүхэд бол цав цагаахан цаас. Тэд бие хүн болж төлөвшиж амжаагүй тул буруу зөвийг ялгаж чадахгүй. Магадгүй түүнээсээ болж аав, ээжтэйгээ маргалдаж байхыг үгүйсгэхгүй учраас өсвөр насны хүүхдээ ойлгож ярилцах нь эцэг эхчүүд та бүхний нэн түрүүнд хийх ёстой алхам юм шүү.

“Улаанбаатар смарт карт“ ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй дур мэдэн гэрээ байгуулсныг АТГ-т шалгуулна
“Улаанбаатар смарт карт“ ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй дур мэдэн гэрээ байгуулсныг АТГ-т шалгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.