Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүмд хоёр настай хүүхэд явж байна. Шашны хар ХАЙРЦАГ хаана байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 31 секунд

Монгол Улсад шашны олон урсгалын байгууллага сайн үйлс, хүмүүнлэгийн байгууллагын нэрэн дор үйл ажиллагаа явуулж буй. Өнөөдөр Монгол Улсад шашны 60 гаруй урсгал үйл ажиллагаа явуулж байгаа гэх бүртгэлтэй бөгөөд эдгээрээс зарим оронд хуулиар хорьсон, гаж, буруу урсгал ч бий. Мэдээж хүний шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх хэдий ч үндэсний соёл, уламжлал, зан заншил, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд сөргөөр нөлөөлж байвал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал мөнөөс мөн.

Тодруулбал, 1991 оны үед Монгол Улсад 130 гаруй шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтөй 800 орчим, зөвшөөрөлгүй 200 орчим шашны байгууллага ажиллаж байгаа судалгаа гарчээ.

Үүнээс харахад, шашны байгууллагын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үг.

Монгол Улс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг 1993 онд баталсан. Өдийг хүртэл 31 жилийн хугацаанд нийт таван удаа бага зэргийн нэмэлт, өөрчлөлт орсон байна. Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл явж байгаа ч удаашралтай байгаа.

Эх сурвалж "Эрх баригчид уг хуулийг сонгуулийн өмнө хэлэлцэж өөрсдөдөө гал дуудахгүй. Тиймээс ирэх намрын чуулганаар хэлэлцэх байх" гэх мэдээллийг өгөв. Учир нь шашин өөрөө эмзэг асуудал учраас сөрөг хүчнүүд үүн дээр тоглолт хийчих вий гэх айдас МАН-д байгаа бололтой.

Сүмд хоёр настай хүүхэд явж байна. Тэр шашнаа өөрөө сонгосон гэж үү

Нийслэлийн прокурорын газар бусад дөрвөн байгууллагуудтай хамтран 2022 оны тавдугаар сард 253 шашны байгууллагуудад нэгдсэн шалгалтыгхийсэн байдаг.

Шалгалтад буддын 83, бөө мөргөл 11, христ 155, бахай 1, ислам 1, бусад хоёр шашны урсгал хамрагдсан байна. Ингэхэд Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 93, араас нь Сонгинохайрхан дүүрэгт 59 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байжээ. Улмаар гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг сүмүүд нь ихэвчлэн айлын хашаанд байрладаг. Эмзэг бүлгийн хүмүүст хүнс хувцасны тусламж үзүүлдэг гэх боловч санхүүжилт нь хаанаас ямар эх үүсвэрээр орж ирдэг нь тодорхойгүй, эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдийг бүртгэсэн, буяны мөнгийг бэлнээр авдаг боловч бүртгэл тооцоо байхгүй зэрэг олон зөрчил илэрчээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн “Амар тайван” сүмд 2-9 насны 20 хүүхэд долоо хоногийн ням гарагт эцэг эхийн хамт цугларалтад очдог аж. Ингэхдээ сүмээс эцэг эхийн хамт хүүхдийн мэдээллийг бүртгэж авдаг гэнэ.

Мэдээж хоёр настай хүүхэд хэл сурч, шашны үйл ажиллагаанд оролцоно гэж байхгүй.

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оюуны орчин” ТББ гэх шашны байгууллагын дотуур байранд байрлаж байсан нэг хүүхэд Ховд аймаг руу явсан гэх боловч байрнаасаа хэзээ гарсан, ар гэрт нь хүлээлгэж өгсөн талаар ямар ч бүртгэл байхгүй.

Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг христийн “Ойн гэрэл” сүмд 20 орчим хүүхэд цуглаанд тогтмол хамрагддаг. Ингэхдээ эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдийг бүртгэсэн талаар цахим болон цаасан бүртгэл байхгүй. Мөн “Эхлэл” сүмд 10 гаруй хүүхдэд явдаг ба тус сүмд хүүхэд хамгааллын бодлого байхгүй, хүүхдүүдийн цахим болон цаасан бүртгэл судалгаа байхгүй, эцэг эхийн зөвшөөрөлтэй 32 хүүхэд байдаг гэх боловч энэ талаарх баримт байхгүй байх жишээний.

Үүнээс гадна шашны байгууллагууд буяны мөнгийг бэлнээр авдаг ч бүртгэл тооцоо байхгүй, татвар төлдөггүй, нийгмийн даатгалд хамрагддаггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Бөө нар өргөл барьц, шан харамж ихээр авдаг, христийнхэн цуглаан бүртээ итгэгч нараасаа орлогынх нь 10 хувийг татдаг, лам нар хийдийн тарифаас гадна мөнгө авдаг зэрэг нь ийм дүгнэлтэд хүргэсэн байна.

2024 онд Нийслэлийн прокурорын газраас шашны байгууллагуудад дахин шалгалт хийж байгаа бөгөөд шалгалтын дүн хараахан нэгтгэгдэж амжаагүй байна.

1990 оноос өмнө “Шашны хэрэг эрхлэх газар”-тай байсан

Энэ талаар МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант С.Дэмбэрэл "Монголчуудын оюун санаа, шашин шүтлэгийн өөрчлөлтийг харгалзан тус хуулийг таван удаа шинэчлэн найруулсан ч хуулийг хэрэгжүүлэх механизм нь сул. Төрөөс шашны байгууллагууд тухайн хуулийг дагаж байгаа эсэхэд тавих хяналт хангалтгүй.

1990 оноос өмнө буюу ганцхан сүм хийд байхад төрийн маш хүчирхэг чадварлаг боловсон хүчинтэй “Шашны хэрэг эрхлэх газар”-тай байсан. Өөрөөр хэлбэл, төрөөс шашны асуудлыг зохицуулдаг байлаа. Одоо бол байхгүй.

Хамгийн хачирхалтай нь өнөөдөр Монгол Улсад 800 гаруй шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байхад төрөөс шашныг хянаж, зохицуулдаг байгууллага алга. Тиймээс төрөөс шашны талаар баримтлах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шашны асуудлыг хариуцсан оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлдэг, цомхон бүтэцтэй институцийг бий болгох шаардлагатай.

Шашны сүм хийдүүд үйл ажиллагаагаа орчин үеийн иргэний нийгмийн оролцоон дээр тулгуурлан ил тод явуулж, үйл ажиллагаа, хандив, санхүү, төсвийн тооцоогоо итгэгчид, сүсэгтнүүд, олон нийтэд тайлагнадаг байх ёстой. Шашны байгууллагуудын номлол сургаал, зан үйл, сургалт, үйл ажиллагаа, урсгал чиглэл, гадаад харилцаа, хөрөнгө хандивын эх үүсвэр, санхүүгийн тайлан тооцоо, мэдээлэл нь тодорхой бус байдаг" гэв.

Орхимж, нөмрөг өмссөн л бол лам гэж үзэх үү

МУИС-ийн докторант Т.Алтангэрэл:

-Шашин бүр нэгдсэн удирдлага, бүтэцтэй, өөрөө удирдах тогтолцоотой байх, үүн дотроо нийтийн эрх зүйн субьектын статус бүхий олон нийтийн шашны байгууллага болон сүм хийдийн ялгаа заагийг тодорхойлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт, татварын асуудлыг нарийвчлан зохицуулах нь зүйтэй. Нийтийн эрх зүйн статустай шашны төв байгууллага нь нийт салбаруудаа нэгтгэдэг, өөрөө дотоод дүрэм, журмаа баталж, мөрдүүлдэг, шинээр байгуулагдах салбар, сүм хийдийг бүртгэж, баталгаажуулдаг, тэр бүү хэл лам, санваартнуудаа бүртгэх, эрх олгох, ёс зүйн кодыг мөрдүүлэх зэрэг нийтлэг үүрэгтэй байх ёстой юм. Орхимж, нөмрөг өмссөн л бол лам гэж үзэх үү, үгүй юү, тэднийг лам, санваартан гэдгийг хэн, хэрхэн батлах вэ гэдэг асуудал тодорхойгүй байдгийг энэхүү тогтолцооны шинэчлэлээр шийдвэрлэх боломжтой.

Хуулийн төсөл: Шашны байгууллагуудыг улсын бүртгэлд бүртгэнэ

Тэгвэл төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Төрөөс шашны байгууллагыг үйл ажиллагаагаа эрхлэн явуулах зөвшөөрөл олгох, хугацааг нарийвчлан тогтоох, улсын бүртгэлд бүртгэх асуудлыг хуульчилж өгвөл гадаадын шашны байгууллагын бүртгэлийн асуудал жигдэрч төрөөс тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэнэ" гэж үзжээ.

Энэ нь эдийн засгийн хувьд улсын төсөвт ямар нэг хүндрэл, нэмэлт санхүүжилт шаардагдахгүй.

Ингэхдээ Шашны байгууллагыг шинээр байгуулах, зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд тавих нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох аж. Гадаадын шашны байгууллага гэдэгт ямар байгууллагыг хамааруулах талаар зохицуулалт оруулж, шашны байгууллагын төлөөлөгчийн газар нээж ажиллуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Түүнчлэн тэдгээрийн хамба лам, пастор зэрэг тухайн байгууллагыг тэргүүлж буй этгээдэд тавих шаардлагыг хуульчилж өгчээ.


Ногтгүй шашны байгууллагуудад хуулийн ХАЗААР хэрэгтэй

Өнөөдөр таван монгол хүн тутмын гурав нь ямар нэгэн шашин шүтэж байна. Олон улсын судалгааны байгууллага Монгол Улсын шашны өнөөгийн нөхцөл, эрх чөлөөний байдал харьцангуй чөлөөтэй, нийгмийн хүрээнд шашинд хандах хандлага нь сайн, төрөөс шашныг хянах байдал нь бусад оронтой харьцуулахад харьцангуй сул, шашны эрх чөлөөг эдлэх боломжтой гэж дүгнэжээ.

Төр сүм хийдийн харилцааны тухай хуулиар төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга тус, тус эрхлэн гүйцэтгэхээр зохицуулсан боловч ХЗДХЯ-ны нэгж татан буугдаж, уг асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь тогтвортой ажиллахгүй байгаатай албаныхан холбон тайлбарлаж байна. Тиймээс уг хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага ийн тулгарсан гэдгийг онцлох нь илүүц биз ээ.

Ж.Чинбүрэн: Гуя дагаж хүзүү гэгчээр уналт, таталтын эмийг далимдуулж нэмж хоёр эмийг оруулж ирсэн үү гэдгийг ярих ёстой
Ж.Чинбүрэн: Гуя дагаж хүзүү гэгчээр уналт, таталтын эмийг далимдуулж нэмж хоёр эмийг оруулж ирсэн үү гэдгийг ярих ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.