“Парис-2024” Олимп, Паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгттэй ярилцлаа.
“ПАРИС-2024” ОЛИМП, ПАРАЛИМПЫН НААДАМД СПОРТЫН 6 ТӨРӨЛД ӨРСӨЛДӨХ 10 ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА
-“Парис-2024” Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?
-Манай Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл өмнөх олимп дуусмагц үргэлжлүүлээд хангагдаж эхэлсэн. Яг одоогоор эрх авах шатандаа явж байна. Ингэхдээ 6 спортын төрөлд 10 эрх баталгаажсан. Паралимпын тухайд 2 төрөлд 4 эрх баталгаажсан байдалтай байна. Эрх авахын төлөөх тэмцээнүүд маань зургаадугаар сарын 26-ныг хүртэл үргэлжлээд түүнээс хойш эцсийн байдлаар баталгаажуулалтын дүн гарах юм.
-Энэ удаагийн Олимпын наадамд хэдэн төрөлд хэчнээн тамирчин эрх авахаар зорьж байна вэ?
-Энэ удаагийн бидний зорилт бол спортын нийт 12 төрөлд 45 эрх авахаар зорьж байгаа. Харин паралимпын наадамд 7 төрөлд 10-12 эрх авна гэсэн зорилго тавиад явж байна. Нийт дүнгээр 55-60 эрх авна гэж бодож байна.
"ХАНБОГД КАШИМЕР" ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦСЫГ ИВЭЭН ТЭТГЭХ БАЙСАН Ч ТАТГАЛЗАЖ, MICHEL AMAZONKA КОМПАНИАР ХИЙЛГЭХЭЭР БОЛСОН
-Биеийн тамир, спортын Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар Парис хотноо зохион байгуулагдах Олимпын их наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын өмсөх ёслолын хувцас хэрэгслийг хангах ажил яригдсан. Өнгөрсөн хоёр ч удаагийн олимпод тамирчдын хувцсыг хийсэн MICHEL AMAZONKA компаниар энэ удаад дахин хийлгэхээр болж байх шиг байна?
-Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцасны тухайд, олимпын хороо болон паралимпын хороонд онцгой эрх гэж байдаг юм. Үүний дагуу бид олимпын хороон дээрээ ёслолын хувцас болон спортын багц хувцасны асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Ажлын хэсэг өнгөрсөн 3 сарын хугацаанд хуралдаж ажиллалаа. Олон ч загварын хувцсыг үзэж, судаллаа. Спортын багц хувцасны тухайд бид 10 мянга гаруй иргэнээс санал асуулга авсан. Үүнийгээ хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний 10 дугаар байрт орсон брэндүүдийг жагсааж урилга илгээсэн. Тэдгээрээс Adidas, Mizuno, Kelme гэсэн ердөө гурван брэнд бидэнд хариу ирүүлсэн. Энэ гурван брэндэд Үндэсний шигшээ багийнхаа 300 тамирчдын дунд санал асуулга зохион байгуулж Mizuno брэнд шалгараад тамирчдын спортын багц хувцсыг хийхээр болсон байгаа.
Ёслолын хувцсыг “Ханбогд кашимер” ХХК ивээн тэтгэхээр болсон гэдэг мэдээлэл үндэсний олимпын хорооноос бидэнд өгч байсан боловч тус компани хугацаа тулсан үед ивээн тэтгэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тиймээс манай ажлын хэсэг маш хурдтай ажиллаж өнгөрсөн хоёр удаагийн олимпын туршлагатай гэдэг утгаар нь MICHEL AMAZONKA компанийг сонгохоор ажлын хэсэг санал нэгдсэн байгаа.
-Ханбогд кашимер ямар шалтгааны улмаас ивээн тэтгэх саналаасаа татгалзсан юм бэ. Ер нь баг тамирчдын хувцас хэрэгслийн зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бол?
-Яах вэ, энэ удаад бид спортын багц хувцас дээр өмнө нь байгаагүй өндөр дүнгээр санхүүжилт өгч байгаа. Ёслолын хувцсыг Ханбогд кашимер ивээн тэтгэж оролцоно гэсэн байсан учраас улсын төсөвт зардал суугаагүй байсан. Гэхдээ үндэсний хорооны хурал болж байна. Бид байгууллагуудын нөөц бололцооноос шалтгаалж ёслолын хувцас хэрэгсэл дээр дэмжлэг үзүүлэх эсэх, тухайн олимпын хороод өөрсдөө хариуцаж ажиллахаар байна уу гэдгийг ойрын хугацаанд тодруулах болно.
БОКСЫН ХОЛБОО УДИРДЛАГЫН ШИНЭ БҮТЦЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
-Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасанг Парис-2024 зуны олимпод хүч үзэх боксчдыг шалгаруулж эрх олгох тэмцээний мэдүүлгийг хоцроосон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбыг өнгөрсөн гуравдугаар сард томиллоо шүү дээ. Холбооны ажил хэрхэн явж байгаа вэ?
-Ерөнхий нарийн бичгийн даргатай холбоотой асуудал бол үндсэндээ холбооны дотоод асуудал гэж хэлэх нь зүйтэй болов уу. Ер нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.3.7, 18.3 дахь хэсэгт зааснаар тамирчныг тэмцээнд бэлтгэн оролцуулах, мэдүүлэг өгөх зэрэг арын албаны ажлыг спортын холбоо хариуцдаг учиртай. Түүний дагуу Боксын холбоо олимпод оролцох бэлтгэл ажлаа хангаж мэдүүлгээ өгсөн байх ёстой.
Бид 3 удаагийн албан бичгээс Монголын Олимпын хороо, Боксын холбоо руу энд ямар асуудал үүсээд байна гэж тухайн үед тодруулга авч байсан. Харамсалтай нь тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга мэдүүлгээ хоцроосон шалтгаанаар Итали улсад зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй.
Иймд буруутай ажилтанд хариуцлага тооцож, Боксын холбооны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөөд одоо шинэчилсэн удирдлагатай ажиллаж байгаа.
Нэмж мэдээлэл өгөхөд ирэх тавдугаар сарын 12-ноос хойш Боксынхон маань хоёр дахь эрхийн тэмцээндээ орохоор ажиллаж байна. Одоогоор Хандгайтын Их тамир цогцолборт бэлтгэлээ хангаад явж байгаа. Түүнчлэн олон нийт сая үзсэн байх. Саяхан сорилго тэмцээн маань амжилттай зохион байгуулагдаад эрхийн тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүн тодорсон байгаа.
-Паралимпод оролцох хэчнээн тамирчдын нэрс тодроод байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар Пара байтын тамирчид маань Австрали улсад зохиогдсон тэмцээнд оролцоод нэг алтан медаль авсан гэдэг мэдээлэл ирсэн. Тиймээс бидний гол зорилго нь олимп, паралимпын наадамд Бээжингийн олимпын наадмаас хойш авч чадаагүй хос алтан медалийг авахын төлөө зорьж ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа