УИХ-ын гишүүн П.Анужин төрийн түшээдийн хүндэтгэлийн хувцасны хээ хуарыг хуульчлах саналыг гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд буй. Тэрбээр хэлэхдээ,
“Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний онцлогийг шингээсэн агуулгаар баяжуулсан байна. Энэ их чухал зүйлийг тусгажээ. Гэхдээ хэрэгжүүлэхдээ дараах зүйлүүдийг анхаараарай. Жишээ нь төрийн дээл хувцасны тухай тодорхой заамаар санагддаг юм. Ийм судалгаа байхгүйгээс болоод төрийн түшээд дур дурын хувцас өмсөн олон улсын айлчлал хийдэг нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Үүнийг дагаад төрийн хүний дээл хувцас хунар эдлэл дээр байх хээ бэлгэдлүүдийг тодорхой заамаар санагддаг” хэмээжээ.
Дээл гэсэн үгний учрыг тайлбарлавал, үгийн язгуур “дэв, дэб” нь ”дэвших, дээгүүр, дээр” гэсэн утга ойролцоо “дээгүүр нөмөрдөг юм” гэсэн утгатай. Гоёл чимэглэл дотроос хамгийн хөнгөн нь болох хээ угалз нь тус тусын утга бэлгэдлийг агуулдаг. Тэгвэл бид энэ удаа УИХ-ын гишүүн П.Анужин ямар бэлгэдэл утгатай хээ хуар бүхий дээл өмсдөг болохыг гэрэл зургиийн хамт тайлбартайгаар хүргэж байна.
1. 2017 оны 10-р сарын 15-нд “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочин Кёкшүзан Батбаяртай хийсэн ярилцлагын үеэр тэрбээр шулуун зураас бүхий геометрийн дүрсэн хээнээс бүрдсэн тод ягаан өнгийн эмжээртэй дээл өмссөн байна. Энэхүү торгон дээлний хээ нь усны долгион мэт харагдах бөгөөд гал, цахилгаан, уул, үүл, солонго зэргийг бишрэн гайхаж байсан хамгийн эрт цаг үед үүссэн байгалийн үзэгдлийн хээг агуулжээ.
2. 2019 оны 12-р сарын 10-нд “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн үеэр Никитон хамтлагийн гитарчин Өлзий-Оршихтой хамт авахуулсан зураг. Тэрбээр орчин үетэй хослуулсан тасралтгүй үргэлжлэхийг бэлгэдэх гинжин хээ бүхий хүч чадал, хүсэл зориг, эрч хүчийг бэлгэддэг хар өнгийн дээлийг сонгон өмссөн байна.
3. 2020 оны 02-р сарын 24-нд өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн зураг. Тэрбээр энэхүү зурганд газар шороо, таван махбодийг илэрхийлэх бөгөөд төр тогтвортой, хариуцлагатай байхын бэлгэдэл болдог бор өнгийн дотортой дээл өмссөн байна. Дээлний хээний хувьд төрөл бүрийн цэцгэн болон зоосон хээг урлажээ. Цэцэг навчин хээ нь элдэв төрлийн өвс түрүү, навч нахиаг эх дүрс болгон авсан хээ угалзыг хэлэх бөгөөд гоёмсог, дур булаам өнгө үзэмж, урин дулаан уур амьсгал, ариун тунгалаг байдал, өсөж үржихийн бэлгэдэл болдог байна.
4. 2020 оны 6-р сарын 13-нд сонгуулийн үеэр иргэдтэй уулзахдаа мөнх тэнгэр мэт өнө мөнхөд оршин тогтнохын бэлгэдэл болсон гүн хөх өнгийн дээлээр гоёжээ. Хөр өнгө нь төгсөшгүй, дуусашгүй санааг илэрхийлж, алдар хүндийг дагуулдаг байна. Харин дээлэн дээрх үүлэн хээ нь хязгааргүй эрх чөлөө, баялаг, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэднэ.
5. 2020 оны 6-р сарын 18-нд сонгуулийн үеэр “Тархи цэнэгнэгч” номын клубын гишүүний хамт. Хас юндэн хэмээх арга барилаас үүсэлтэй тасралтгүй үргэлжилсэн урт нас, үүрдийн аз жаргал, мөнхийн бэлгэдэл болсон түмэн наст хээтэй хөх дээл болон бүс зүүжээ.
6. 2020 оны 6-р сарын 22-нд иргэдтэй уулзах хаалтын уулзалтын үеэр өмссөн дээлний ногоон өнгө бол газар дэлхийг бэлгэддэг бөгөөд санаа сэтгэлийн амар амгалан байдал, хүнд итгэл төрүүлдэг байна. Мөн бүрэн бүтэн байхын бэлгэдэл болох дугуй хээтэй.
7. 2020 оны 6-р сарын 29-нд УИХ-д сонгогдон тангараг өргөх үеэрээ цайвар өнгийн улс гүрнийг бат орших, тусгаар тогтнолыг бэлгэдсэн саран хээнүүд бүхий том дугуй хэлбэрийн хээтэй дээл өмсжээ.
8. Дээр дурдсан дээлээ 2020 оны 8-р сарын 22-нд ерөнхийлөгчөөс алдарт эхийн одон гардаж авах үеэрээ өмссөн байна.
9. Тэрбээр саяхан өөрийн урласан ногоон дээлээ өмссөн зургаа “Twitter” хуудаснаа оруулсан байна. Мөн тайлбар хэсэгтээ,
“Ноднин шинэ оны шинэхэн цаснаар урласан ногоон дээлний минь загвар ихэд дэлгэрсэн. Энэ жил өдий төдий хүүхнүүд тэр загвараар гоёсон байхыг харлаа. Монгол загварын урт дэрэвгэр юбкийг энгийн монгол цамцтай хослуулан өмсч байсан маань ч дэлгэрч хонхны баяр, хурим найр энгийн хэрэглээнд хүртэл маш өргөн орсоныг харж байна. Сайхан уран бүтээлээрээ дамжуулан монгол хувцсаа өөрийн ур ухаанаар хөгжүүлж, сурталчилж байгаадаа туйлын баяртай явдаг. Монгол юм бүхэн өнгөтэй сайхан байг ээ” хэмээжээ.
10. Сонирхуулахад П.Анужин саяхан “Anu Couture” нэртэй шинэ загварын хувцас гаргаж буйгаа мэдэгдсэн байна.
С.Хонгорзул