Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ сурагчдын Монгол хэлний сурах бичигт Мүүний шашныг сурталчилсан, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар төдийгүй бусад улс төрчдийн нэрийг даалгаварт оруулсан зэрэг нь олны шүүмжлэл дагуулж байв. Энэ нь гэхдээ хувь хүний хэвлүүлсэн гарын авлага байсан бөгөөд үүнийг салбарын сайд нь хориглочихсон байсан гэх мэдээллийг тухайн үед өгч байсан юм. Ямартай ч дээрх тохиолдол нь боловсролын байгууллагууд сурагчдын сурах бичгийн агуулгад ямар ч хяналт тавьдаггүй гэдгийг харуулсан тод жишээ болсон.
- Буддын шашны агуулга анги ахих тусам өргөжин тэлжээ -
2023 онд Хүний эрхийн Үндэсний комисс "Бүх нийтийн боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний хөдөлгөөн хамтран ЕБС-ийн 6-12 дугаар ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичгийн агуулгад жендэр, хүний эрхийг юу гэж тусгасан талаар судалгаа хийжээ. Дээрх сурах бичиг нь 2020 онд БШУЯ-ны зөвшөөрлөөр хэвлэгдэн өнөөг хүртэл ЕБС-д хэрэглэгдэж байна.
Сурах бичиг нь суралцагчдад албан ёсны академик мэдлэг олгохын хамт хандлага, зан үйлийг нь төлөвшүүлэхэд нөлөөлөх учиртай. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр “шашин шүтэх, эс шүтэх,” “итгэл үнэмшилтэй байх” эрх чөлөөтэй гэж заасан.
Гэтэл тус сурах бичиг нь ёс суртахуун, шашны боловсрол гэх мэт олон салбарын агуулгыг багтаасан ч зөвхөн буддын шашны сургаал номлолыг заасан, туйлын үнэн зөв гэж ойлгуулахыг оролджээ.
Буддын шашны агуулга анги ахих тусам өргөжин, суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт нийцээгүй буддын философийн онолын нэр томьёог ашиглаж, сургаалыг номлосон байна. Тухайлбал,
- Долдугаар ангийн сурах бичигт “Үйлийн үр” гэх агуулгаар аливаа зүйлийн зөв, бурууг тайлбарлах оролдлого хийсэн нь оновчтой мэт боловч бүтэн нэг бүлгийг “үйлийн үр” гэдэг ухагдахуунаар тайлбарласан, буруу болон зөв үйлдлийг нүгэл ба буян гэх ойлголтоор дүйцүүлсэн нь хэт явцуу бөгөөд олон талт ойлголтыг харьцуулах, бие даан эргэцүүлэх боломжийг хязгаарласан.
- Арваннэгдүгээр ангийн сурах бичигт “Хөгжингүй орнуудад сэтгэл хямралыг химийн бодис бүхий эм тариагаар түр зуур дардаг бол Монголын болон Буддын уламжлалт анагаах ухаанд сэтгэлийн хямралыг сэтгэл заслын аргаар эмчлэхийг гол болгодог" гэж бичжээ.
Сурах бичгийн эх сурвалж болгон эшлэл авсан эх зохиолуудын дунд буддын шашин, буддын философийн ном зохиолууд дийлэнх, мөн Орос хэлээр эх зохиолууд багагүй хувь эзэлжээ. Мөн баталгаатай бус эх сурвалж буюу мэдээллийн болон энтертайнмент вэбсайт, үнэн баримттай эсэх нь үл мэдэгдэх онч үг их байгаа нь уг сурах бичгийн агуулгыг шинжлэх ухаанч бус гэж дүгнэхэд хүргэсэн байна.
-Зураг дүрслэлийг тоолж үзэхэд эрэгтэй дүр 70 хувь, эмэгтэй дүр 30 хувьтай байжээ-
“Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичгийн агуулгад жендэрийн эрх тэгш байдлын хувьд дараах зөрчлүүд илэрчээ.
-8-9 ангийн сурах бичгийн зураг дүрслэлийг тоолж үзэхэд эрэгтэй дүр 70 хувь, эмэгтэй дүр 30 хувьтай байсан. Одоо ашиглагдаж буй Иргэний ёс зүйн боловсрол сурах бичиг нь охин хүүхдийн өөртөө итгэх итгэл, ойлгох байдлыг бууруулж байна.
Зураг дүрслэлд чанарын судалгаа хийж үзэхэд эрэгтэй хүүхдийг баатар, хаан, компанийн захирал, философич, зохиолч гэсэн дүрээр гарсан. Гэтэл эмэгтэй хүүхдийг ээж, хадам ээж, эгч гэсэн дүрээр гаргасан байжээ.
Мөн эмэгтэй хүүхдийн дүрийг багш, эмч гэсэн хоёр л мэргэжилтэй холбож гаргасан байна. Цаашлаад нийгмийн цөөнх бүлэг, нийгмийн ялгаатай байдлыг огт дүрслээгүй бөгөөд хөгжлийн бэрхшээл, үндэс угсаа, жендэр, бэлгийн цөөнх бүлгийг дүрсэлсэн зураглал, текст, жишээ байхгүй. Гэтэл Иргэний ёс зүйн боловсрол хичээлийн сурах бичигт гурван удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар агуулга орсон ч тэднийг халамж хүртэгч идэвхгүй дүрээр дүрсэлж буй нь тэднийг нийгэмд хувь нэмрээ оруулах чадвартай иргэн гэдгийг үгүйсгэж, өрөөсгөл хандлагаар илэрхийлжээ.
- 10 дугаар ангийн даалгавар: Хадам ээжтэйгээ харьцах 15 дүрэм -
Эхнэр нөхрийн харилцаа, эр, эхнэр хүний эрхэмлэх зүйлс, гэр бүл салалтын талаарх статистик, гэрлэх нөхцөл журам, хүүхэд хүмүүжлийн уламжлалт агуулгууд багтсан байгаа нь аравдугаар ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нийцээгүй.
“Хадам ээжтэйгээ дараах 15 дүрмийн дагуу харьцвал та хоёрын дунд хэвийн сайхан харилцаа тогтоно. Улмаар дээрх 15 дүрмийг уншаад “Гэр бүл болсныхоо дараа эдгээрийг биелүүлж чадах эсэхээ тунгаан бичээрэй” гэсэн даалгавар өгчээ. Уг даалгаврын эх сурвалж нь энтертайнмент вэбсайт байна. Энэхүү агуулга нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хэрэглэгдэхүүн болсон сурах бичигт зайлшгүй орох ёстой агуулга биш бөгөөд хасах ёстой гэж үзжээ.
Дээрх жишээнүүд нь Иргэний ёс зүйн боловсрол хичээлийн хөтөлбөр, сурах бичгийг албан боловсролын тогтолцооноос нэн даруй татаж, тус хичээлийн агуулгыг шинэчлэн боловсруулах шаардлагатайг илтгэж байна.
Тиймээс сурах бичгийн талаар баримтлах бодлого боловсруулах, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг аливаа улс төр, шашин, үзэл номлолоос ангид байлгах холбогдох хуулийн заалтуудыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, Боловсролын багц хуулийг дагалдан гарах дүрэм журам боловсруулахад анхаарч тусгах шаардлагатай болжээ.