ЦХХХЯ-наас үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Баян-Өлгий аймагт болж байна. “Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна. Өлгий хотод буй уг өдөрлөгийг аймгийн Засаг дарга А.Камелият нээж үг хэлсэн бол ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын хувьд орон нутагт болж буй өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байна.
“Цахимд хэвшье” өдөрлөгт программ хангамж үйлдвэрлэгчдийн болон хувийн хэвшлийн төлөөллөөс гадна “И монголиа”, “Дата” төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж байна. Өдөрлөгийн хүрээнд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Тухайлбал, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 23 гишүүн байгууллага олон талт үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэж байна. Энэ хүрээнд:
- Speed date: Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий компаниуд төрийн байгууллагын удирдлагуудтай нүүр тулсан, ганцаарчилсан уулзалтыг хийж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, борлуулалтын холбоо харилцаа үүсгэж байгаа юм.
- B2B workshop: Орон нутгийн бизнес эрхлэгчдийн дунд хамтын ажиллагаа зохион байгуулж, цахим шилжилтийг эхлүүлэх талаар сургалт болон тэдэнд тохирсон шийдлүүдийг газар дээр нь нэвтрүүлж, гэрээ байгуулан ажиллаж байна.
- Мэргэжил сонголт: Ахлах ангийн болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог сэдвээр илтгэл танилцуулж, ирээдүй болсон хүүхэд залуучууддаа хөрөнгө оруулалт хийж байна.
- ICT expo: Төрийн албан хаагч, иргэд, сурагчид оюутан залуусыг технологийн ертөнцөөр аялуулж, шинэ соргог мэдээ мэдээллийг өгч байна. Мөн “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир “Мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог” сэдвээр сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгч байна.
ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ийнхүү голлох үүрэгтэй оролцож байна. Тэдний хувьд салбар яамныхантайгаа хамтран цахимжилтыг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишиг болж байгаа юм.