Үндсэн хуулийн цэц толгойгүй болоод таван сарын хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд ҮХЦ-ийн даргын үүргийг Цэцийн гишүүн Ш.Солонго түр хариуцаж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл Цэцийн дараагийн даргын нэр тодорсонгүй. Уг нь хуулиараа ҮХЦ-ийн нийт гишүүдийн орон тоо гүйцсэн даруй хурлаа хийж дотроосоо дэвшүүлсэн гишүүн дээрээ нууц санал хураалт явуулж шийддэг.
Уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Цэцийн гишүүн Г.Баясгаланг томилох талаар яриа саарал ордонд гарч байсан. Гэвч талууд ойлголцоогүй учраас энэ нэр эцэслэгдэж батлагдаагүй юм. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд Цэцийн дарга дээр томчууд нэг байр суурьтай байгаа гэгдэж буй ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Ер нь даргынх нь асуудлыг Цэцийн байранд биш төрийн ордонд ярьж тодорхой болгодог муу зуршил бий болоод удсан. Цэцийн дээр хөх тэнгэр биш төр барьж буй нам суудаг болоод багагүй хугацаанд завхарч байна. Өөрөөр хэлбэл, бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа хэдий ч дотроосоо даргаа сонгож чадахгүй байгаа нь Цэц ямар чадамжгүй бөгөөд улс төрөөс хэрхэн хамаатай болсныг илтгэж буй юм.
Учир нь ҮХЦ-д өгсөн гомдол, маргаан өнөөдрийг хүртэл урагшилж чадахгүй байгаа нь Цэц хэрхэн чанар, чансаагүй болсны жишээ билээ. Цэц даргагүй, шийдэлгүй гацаанд орсны хамгийн тод жишээ нь сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой гомдол юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр тойргийг бүсчилж томруулах тогтоолын төслийг баталсан нь Үндсэн хууль зөрчлөө гэсэн агуулгаар хэсэг иргэд Цэцэд гомдол, мэдээлэл гаргасан. Гэтэл "толгойгүй" Цэц өнөөдрийг хүртэл энэ гомдол дээр маргаан үүсгэх нь байтугай дөрвөн сарыг дуустал судалсан гэх нэрийдлээр өнгөрүүлэв. Өөрөөр хэлбэл, улс орны цаашдын хувь заяатай холбоотой хамгийн чухал асуудлуудын нэгийг ҮХЦ хэлэлцэж шийдэл гаргаж чадахгүй байна гэсэн үг. Уг нь бол Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгож, өөртөө ашигтай нөхцөл байдал үүсгэсэн Ховд, Увсын гишүүдийн лобби энэ удаагийн бүсчилсэн тойргийг тэр чигт нь ҮХЦ дээр татаж унагах ёстой. Хууль барьдаг, Үндсэн хуулиа дагадаг эрүүл ухаантай, ҮХЦ нь улс төрөөс хамааралгүй газарт энэ шийдэл тэр даруйдаа л гарчихсан байх шийдэл. Гэтэл эрх баригчид бүсчилсэн тойргоо хүчээр явуулах гэж зүтгэж буй учраас Цэц өнөөдрийг хүртэл хэлэлцэж ч чадсангүй. Ядаж хэлэлцээд зөв, бурууг нь тодорхой болгоод УИХ-ын сонгуульд оруулахгүй бол дараа нь сонгууль тэр чигтээ асуудалтай гэх нэрийг зүүх эрсдэл байгаа юм.
Одоогийн байдлаар Цэц Ш.Солонго, Г.Баясгалан, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа гэсэн есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Даргаа томилж чадахгүй байгаа нь одоогийн гишүүд дундаас дарга болох хүнийг нь эрх барьж буй нам дэмжихгүй байгаа гэсэн үг. Эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав Цэцийн дарга дээр санал нэгдэж чадахгүй байна гэж хэлж болохоор байна.
Өөрөөр хэлбэл, ҮХЦ бол 126 гишүүнтэй УИХ-д хамгийн их ач холбогдолтой газар болж хувирна. Сайд, УИХ-ын даргыг огцруулахаас эхлээд гаргасан олон бужигнаантай хууль дээр шийдэл гаргана. Олон ч удаа бусдын гар хөл болно гэсэн үг. Тиймээс л эрх баригчид дотроо ойлголцож чадахгүй байгаа хэрэг. Цэцийн даргыг өөрийн талаасаа томилно гэдэг бол улс төрийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой зүйл болж хувираад байна.
Үүнтэй зэрэгцэж Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Ш.Солонгын бүрэн эрхийн хугацаа нь энэ тавдугаар сард дуусаж байгаа. Тиймээс явахаасаа өмнө зарим тохироог эрх баригчидтай хийхийг хичээсэн хувийн тоглолт нь Цэц хуралдахгүй байгаатай холбоотой гэх мэдээлэл ч байна. Саяхан нэг хурал зарласан ч бусад гишүүд нь цугласан байхад өөрөө орж ирэхгүй байсаар өнгөрөөсөн гэх яриа Цэц дотор хөвөрч байна.
Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Цэцийн гишүүнээр томилогдож, улмаар дарга болгохоор эрх баригчид Цэцийн даргын асуудлыг хүлээлгэсэн гэх яриа ч саарал ордонд гарах боллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдын хувьд 2000 оноос хойш зургаа дараалан УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа билээ. Түүний энэ удаад "зодог" тайлах уу гэдэг хүлээлт улс төрд нэлээдгүй байгаа нь ойлгомжтой.
Ямартаа ч хэн Цэцийн дарга болох вэ гэхээсээ илүүтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ сууцгааж байгаа хэр нь даргаа томилж чадахгүй мунгинаж яваа нь чадамжгүй Цэцэд бүрэн шинэчлэл хийх цаг гарцаагүй болсныг илтгэж байна. Улстөрчдийн дохиураар хөдлөхдөө гарамгай тэд улс орны эх болсон Үндсэн хуулиа манах ажил нь нэгд биш хоёрт ордог болоод удлаа. Ядаж Цэцийн даргаа томилоод, сонгуулийн тойрог байгуулах асуудал дээр хортой, хоргүй шийдвэрээ гаргаад өгөөч.