Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАТА: 2012-2024 оны хооронд сонгууль бүрийн өмнө гурван УЦС, 270 сургууль, 751 км төмөр зам барих хэмжээний 3 ИХ НАЯД төгрөгийг ТАРААЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 22 секунд

Энэ долоо хоногийн иргэдийг "сатааруулах" сэдэв хувьцааны ногдол ашиг байх нь гарцаагүй. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК ашигтай ажилласан хэмээн ам гараад ард түмэнд ногдол ашгийг нь тараах гэж байна. Цагаан сарын дараахан 2022 оны компанийн ашиг хэмээн 104 мянган төгрөг иргэдийн дансанд шилжүүлсэн бол өнгөрөгч оны ашгийг энэ долоо хоногт багтаан шилжүүлэхээ мэдэгдээд байна. Хуулийн хүрээнд энэ мөнгө бол иргэдийн хүртэх ёстой л ашиг. Нөгөө талдаа сонгууль бүрийн өмнө ил, далдаар мөнгө тараадаг бичигдээгүй хуулиа МАН эвдэхийг хүссэнгүй.

Начир дээрээ, 2022, 2023 онуудад үнэхээр л ашигтай ажилласан юм бол ашгийг яагаад тухайн цаг үедээ өгч болоогүй хэрэг вэ. Ашиг өгөх нь бүү хэл энэ талаар дурсах ч үгүй байсан мөртлөө гэнэтхэн хэдэн зуун тэрбумыг цацахаар шийдсэн нь сонгуулийн өмнөх мөнгө тараалт уу гэлтэй. Өмнө энэ талаар дурсдаггүй байсны цаана ашиггүй ажилласан гэх үндэслэл л цохогддог. Үнэхээр ашиггүй ажилласандаа асуудал байгаа бол түүний буруутан нь төр л болж таарах нь. Төрд шургалсан авлигач, хулгайч нарын гар дүрээгүй газар үлдээгүй болохыг Хөгжлийн банк, нүүрс, ЖДҮ зэргээс бид нүдээрээ харлаа.

Эцэстээ тэдний тарьсан балагийг цэвэрлэх нөгөө талдаа уурлаж, бухимдсан ард иргэдээ сонгуулийн өмнө тайвшруулах арга нь мөнгө тараах болж орхисон хэрэг.

Цалин, тэтгэвэр нэмж байгаа нь ч үүнд хамаатна. Ийнхүү сонгуулийн өмнө мөнгө өгөлцөж, авалцдаг эл буруу жишиг яван явсаар 2012 оноос хойш гурван их наяд төгрөгийг төсвөөс гаргаж орхисон гэдэгт та итгэх үү. Хэдийгээр ногдол ашгийг "амилуулаад" ч болтугай иргэдийн гар дээр мөнгө очиж байгаа нь авууштай ч эргээд инфляц хөөрөгдөхөд хамгийн их хувь нэмрээ оруулдаг гэх асуудлыг энд дурдалгүй өнгөрөөж болохгүй. Ингэхдээ 1072 ширхэг хувьцаатай нэг иргэнд багадаа 96 мянга, ихдээ 500 мянган төгрөг хүртсэн байдаг.

Хамгийн гачлантай нь сонгууль бүрийн өмнө янз бүрийн арга сэдэж төсвийн мөнгийг иргэд рүү бэлэн болон бэлэн бусаар тараасан намууд бүгд ялагдаж дууссан жишиг байдаг. Ард түмэн хэзээ ч мөнгө өглөө, төр минь тэтгэлээ гэж боддоггүй. Санадаггүй. Бүгд л авах ёстой юм шиг авдаг. Харин сонголт хийх болохоороо эсрэгээр нь өгдөг жамтай. 2012 онд гэхэд л Сү.Батболд даргатай Ардын намаас эсрэг санал өгч, Н.Алтанхуяг даргатай АН-ыг олуулаа болгож байсан. 2016 оны сонгуулийн яг өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газраас иргэд байгаа хувьцааны тодорхой хувийг мөнгөжүүлсэн. Гэвч бас л хамраараа газар хатгасан түүхтэй. Харин 2020 оны сонгууль, 2021 оны сонгуулиудад Ардын намтай хүчтэй өрсөлдөх нам болон нэр дэвшигч үнэндээ байгаа учраас иргэд арга буюу өнөөдрийн сонголтуудыг хийсэн. Хэрвээ Ардчилсан нам УИХ-ын сонгуульд дорвитой даргатай, олигтой нэр дэвшигчтэй байсан бол мөнгө тараасан нөхдүүд бас л өвдөг шороодох байсан гэх таамгийг дэвшүүлж байна.

Тэгвэл 2012 оноос хойш сонгуулийн өмнө ил, далдаар мөнгө тараасан асуудлууд, түүнд зарцуулсан мөнгөн хөрөнгө болоод энэ хэмжээний зардлаар ямар бүтээн байгуулалт хийж болох байсан талаарх сонирхолтой баримтыг хүргэх гэж байна.

Үүнийг дэлгэрүүлбэл:

-2012-

2012 оны сонгуулийн өмнө ногдол ашгийг амилуулжээ. Ингэхдээ 800 мянга орчим оюутнуудад сургалтын төлбөр, 322 мянган ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод 315 мянган иргэдэд бэлнээр болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хувь хүртээжээ. Нийт давхардсан тоогоор 1 сая 218 мянга 477 хүнд 466 тэрбум төгрөгийг тараасан байна.

-2016-

2016 оны УИХ-ын сонгууль болохоос 8 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 16-нд Засгийн газар ЭТТ ХК-ийн иргэдэд өмчлүүлсэн 1072 хувьцааны 30 хувийг мөнгөжүүлэх шийдвэр гаргасан. Үүний хүрээнд 108 ширхэг хувьцаагаа 48 мянга, 215 ширхэг хувьцаагаа 187 мянга, 322 ширхэг хувьцаагаа 1 сая 58 мянган иргэн төрд буцаан зарсан байдаг. Ийнхүү иргэдийн дансанд 360.4 тэрбум төгрөгийг шилжүүлсэн

-2020-

2020 оны УИХ-ын сонгууь болохоос дөрвөн сарын өмнө буюу хоёрдугаар сарын 17-нд 1072 хувьцаатай иргэн бүрт 96480 төгрөгийг тараах шийдвэр гарсан. Ингэхдээ хувьцаа эзэмшиж буй иргэдэд нийт 179 тэрбум төгрөг тараахаас 155 тэрбум төгрөгийг тараасан байдаг.

-2021-

УИХ-ын сонгуульд 62уулаа сонгогдсон МАН-ын дараагийн зорилго нь төрийн тэргүүнээ сонгох сонгуульд ялалт байгуулах явдал байлаа. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж:

-2021.04.10-25-ны 14 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед иргэн бүрт 300 мянган төгрөгийг тараасан. Үүнд 1 их наяд 20 сая төгрөг орчим төгрөгийг зарцуулсан.

-2021.01.01-2021.07.01-ны хооронд У.Хүрэлсүхийн Засгийн газраас айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр даах шийдвэрийг гаргасан бөгөөд эл шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байдаг.

-2024-

Он гарсаар "Эрдэнэс Тавантолгой" ХК 2022, 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд хүртээх ногдол ашгийг тараахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ өнгөрөгч нэгдүгээр сард 2022 оны ногдол ашиг болгож иргэн нэг бүрд 104 мянган төгрөгийг тараасан бөгөөд үүнд 293 тэрбум төгрөгийн гүйлгээ амжилттай хийгдээд байна. Харин энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжих 2023 оны ногдол ашгаар нийт 762.2 тэрбум төгрөгийг зарцуулах аж.

Тэгвэл аваад халааслачихсан гурван их наяд төгрөгөөрөө бид нүдэнд харагдахуйц ямар бүтээн байгуулалт хийж болох байсан бэ гэдэгт өнөөгийн ханшаар тооцоолол хийж харцгаая

Тодруулбал,

-Даяар алдарт Дарханы замын нийт урт нь 204 км. Энэ замыг барих гэж, ашиглалтад оруулах гэж бараг л үлгэр зохионгоо алдсан. Тэгвэл гурван их наяд төгрөгөөрөө бид үүнтэй ижил замаас тавыг бариулж болох байжээ. Улаанбаатар хотод нэг километр замыг барих дундаж өртөг 1.4 тэрбум. Өөрөөр хэлбэл, энэ мөнгөөр 2631 километр автозамыг бариулах боломжтой байсан гэсэн үг юм.

-"Төмөр зам танк орж ирнэ" гэдэг үлгэрээсээ арайхийн салж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа ашиглалтад хүлээн авсан. Тус төмөр замын нийт урт 233 километр бөгөөд замыг барьсан гэх "Бодь Интернейшнл Групп" ХХК-ийн захирал Д.Баясгалан гарч ирээд нэгдүгээр зэрэглэлийн эл төмөр замын 1 км-ийн өртөг 1 сая 460 мянган ам.доллар хэмээн зарлаж байсан удаатай. Тэгвэл түүний хэлсэн дүнгээр тооцож үзвэл сонгуулийн өмнө тараасан мөнгөөр нь бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийнх шиг төмөр замаас гурвыг ч /751 км/ бариулчих боломж байж.

-Энэ оны төсөвт сууж орж ирсэн нэг ажил бол Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг байсан. Цаг үеийн шаардлагаа дагаж олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал дэмжлэг болох эл эмнэлгийн нийт өртөг 140 тэрбум төгрөг. Харин ийм 26 ширхэг эмнэлэг бариулах боломж бидэнд байв.

-Нийслэл хотод оршин сууж буй иргэдийн тулгамдсан асуудал утаа, түгжрэлээс гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Жил бүр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг ярьдаг ч дорвитой ажил хийгдэж байгаа юу гэвэл үгүй. Тэгвэл "алдагдсан" гурван их наяд төгрөгөөр 640 хүүхдийн суудалтай сургуулиас л гэхэд 270-г бариулж болох байж. Энэ нь 172 мянган хүүхдийн сурах орчин гэсэн үг юм.

-Монгол Улсыг эрчим хүчний "гацаанаас" гаргах чухал бүтээн байгуулалт бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. 3 их наяд төгрөгийн хөрөнгөөр бид энэ баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангаад зогсохгүй төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх хэмжээний хүчин чадалтай станц гурвыг ч бариулах боломжтой байжээ. Тус цахилгаан станцын төсөвт өртгийг 288.5 сая ам.доллар хэмээн тооцоолж буй билээ.

Үүнээс харахад бидэнд ер нь мөнгөгүйн зовлон гэж алга. Харин мөнгөө зөв зарцуулах "зовлон" л байна.

Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар үе шатыг зарлалаа
Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар үе шатыг зарлалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.