Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав 2023 оны наадмын түрүү бөхийн допингийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрбээр,
“2023 оны наадмын түрүү бөхөөс допингийн төрлийн бодис илэрч, тухайн бөх Спортын арбитр төрийн бус байгууллагад хандсан. Тэгвэл үүнтэй холбоотой хурлыг нээлттэй явуулах саналыг Баяр наадмын комиссоос тус төрийн бус байгууллагад тавьсан. Иймээс дөрөвдүгээр сард энэ хурал нээлттэй болно. Энэ хурлаар маргааныг Спортын арбитр төрийн бус байгууллага шийднэ. Өөрөөр хэлбэл, М.Бадарчийн цолыг хураах эсэхийг шийдвэрлэх юм.
Цаашид шинжилгээний хариуг үндэслэн түрүү бөхийн цолыг олгодог байхаар ярьж байгаа. Энэ жил заал, танхимын барилдаанаас Монголын үндэсний бөхийн холбоо шинжилгээ авах төлөвлөгөө гаргасан ч Допингийн үндэсний хорооны 2017 оны бүртгэлийн асуудал маргаан дагуулснаас үүдэн шинжилгээ авах боломж хомс байна” гэв.