Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдынхаа бодлогын эсрэг Сангийн сайд, салбарын сайд хоёр нь зогсож байна. Кабинетын зарчим алга

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
12 минут 33 секунд

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Хаврын чуулган эхлээд хоёр долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Та хувь гишүүний хувьд ямар ажилд төвлөрч, хэр их ач холбогдолтой ажиллаж байна вэ?

-Бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн “отгон” чуулган гэдэг утгаараа онцлогтой, гишүүд орон нутагт ажиллах нь их. Манай бүлгийн гишүүд ч тэр, би ч тэр мөн орон нутгаар ажиллаад ирсэн. Дахин орон нутагт хийх ажлуудаа төлөвлөөд байна. Сүүлийн чуулган учраас ард иргэд эрх баригчдын үйл ажиллагаанд дүгнэлт тавьсан ийм чуулган байх болов уу. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн асуудал УИХ-д орж ирээд, нийгэмд мэдээллүүд очиж байгаа байх. Ирэх долоо хоногт мөн Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх байх гэж бодож байна. Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн мөн би зарим гишүүдтэй хамтарч өргөн барьсан ийм хууль. Тийм учраас хаврын чуулганаар энэ мэт чухал хуулиудад ахиц дэвшил гараасай гэж бодож байна.

-Гишүүд тойрогтоо ажиллахыг буруутгахгүй ч тэдгээрийн үндсэн үүрэг нь чуулгандаа сууж, хууль батлалцах шүү дээ. Хаврын чуулган нээгээд 14 хоног өнгөрлөө. Төрийн ордон нэг л хоосон. Чуулган дөнгөж 36-37 гишүүний ирцтэй, хуралдаанд сууж буй нь 10 гаруй байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?

-76 гишүүний 62-ыг бүрдүүлсэн олонх нь энэ ирцээ бүрдүүлэх ёстой. АН-ын бүлгийн тухайд би ч гэсэн орон нутагт ажиллаж ирчхээд, чуулганы хуралдаандаа суулаа. Мэдээж, “отгон” чуулган учраас гишүүдийг буруутгах нь юу юм. Олон гишүүн орон нутагт томилолтоор ажиллаж байна. Орон нутагт зудтай, нөхцөл байдал тийм ч амаргүй учраас ардаа санаа зовохоос ч өөр аргагүй байдалд байгаа.

-Дарга нарын амьдрал дээшилж буйд авлигын асуудал байна, энийгээ шийдээч ээ гэдгийг иргэд ихээр хэлсэн-

-Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүргүүлсэн. Увс аймагт нөхцөл байдал ямар байна. Иргэдтэй уулзаж байхад чинь ямар асуудлыг голлон ярьж байна вэ?

-Увс аймгийн болон бусад орон нутгийн иргэд үндсэн хоёр асуудлыг ярьж байна. Нэгдүгээрт, эдийн засаг, ахуй амьдрал буюу түүхий эд үнэ цэнгүй болсон асуудалд бухимдалтай байгаа. Хоёрдугаарт, Төр, засгийн хэмжээнд гарч буй авлигын асуудалд маш их бухимдалтай хандаж байна. Улс орон нь их нүүрс зараад, эдийн засаг сайжирч байна гэдэг ч иргэдийнх нь ахуй амьдрал сайжрахгүй байгааг тэд хэлж буй. Эдийн засаг сайжирсан ч иргэдийн амьдрал сайжрахгүй хэрнээ дарга нарын амьдрал дээшилж буйд авлигын асуудал байна, энийгээ шийдээч ээ гэдгийг ихээр хэлсэн.

-Гурилын импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Ер нь энэ татварыг тэглэх нь зөв юм уу?

-Монголын төрөөс аливаа хориг саад, квот гээд энэ бүгдийг багасгах нь зүйтэй гэж боддог. Аль болох чөлөөт худалдааг дэмжих ёстой. Гурил гэдэг чинь зүгээр л нэг бүтээгдэхүүн. Ард иргэд үнийн зөрүүг төлөх ёстой юу, ард иргэдэд өндөр үнээр очиж байх ёстой юу, тэдэнд сонголтгүй сонголтыг түлхэж байх ёстой юу. Өрсөлдөөнөөр л амьдрах ёстой шүү дээ. Би ч гэсэн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Бид чөлөөт өрсөлдөөнд дасах л хэрэгтэй. Жишээлбэл,

Гурил бол бэлэн бүтээгдэхүүн. Түүхий эд орж ирэхийг төрийн бодлого чинь илүү дэмжих ёстой. Улаанбуудай нь ороод ирэг л дээ. Тэгээд гурилын үйлдвэрүүд нь ашиг орлоготой байг л дээ. Ажлын байр бий болог.

Надад ямар нэг гурилын үйлдвэр, ашиг сонирхол байхгүй. Гэхдээ л гурил гэлтгүй аливаа салбарт түүхий эд орж ирээд, бэлэн бүтээгдэхүүн гарахыг дэмжих ёстой шүү дээ. Гэтэл одоо аливаа бүтээгдэхүүнийг түүхийгээр гаргаж, бэлэн бүтээгдэхүүн орж ирэхийг дэмждэг байж болохгүй. Энэ бол бодлогын онц, ноцтой алдаа гэж бодож байна.

-Дээрх хуулийн төсөл бол Засгийн газраас оруулж ирсэн төсөл. Ер нь та ЗГ-ын үйл ажиллагаа, ажлын үр дүнг хэрхэн дүгнэж байна?

-Өнгөрсөн чуулганаар шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. 75, 95 гээд гүйцэтгэлийн гайхалтай дүгнэлтүүд гарсан байна лээ. Энэ нь бүр дөрөв ч биш найман жилийн хөтөлбөрийнх шүү дээ. Дээрх хөтөлбөр нь хэрэгжиж дуусахад 80-хан хоног үлдлээ. Эд нар зүгээр хувь процент яриад байгаа юм. Би зүгээр амьдралын тоо ярья л даа.

Мал аж ахуйн бүтээгдэхүүн буюу 10 сая бог, 4 сая бодын арьс боловсруулна гэсэн. Тэр нь хаачсан бэ. Энэ нь байхгүй болохоор хөдөөгийн иргэд орлогогүй бухимдаж байна шүү дээ. Зээлийн хүүг бууруулна гэсэн нь хаана байна. Утааг 80 хувь бууруулна гэсэн, хаачсан юм.

Түгжрэл бууруулна, татвар нэмэхгүй гээд тодорхой заалтууд байна. Энэ бүгд биелээгүй байхад 75, 85, 90 хувь биелэсэн гэдэг нь зүгээр л “онигоо” биз дээ.

-Ерөнхий сайдынхаа бодлогын эсрэг Сангийн сайд, салбарын сайд хоёр нь зогсож байж болох уу-

-Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах ёстой байдаг. Энэ зарчмаараа ажиллаж чадаж байна уу?

-Ганцхан жишээ хэлье. Гурилын импортын татварыг тэглэх тухай хуулийн төсөл. Энэ бол Засгийн газраас Ерөнхий сайдын гарын үсэгтэйгээр өргөн барьсан хуулийн төсөл юм. Үүнийг ЗГХЭГ-ын дарга нь танилцуулсан. Гэтэл Сангийн сайд болон салбар хариуцсан ХХААХҮ-ийн сайд нь эсэргүүцсэн. Уг нь эд нар чинь нэг танхимынхан биз дээ. Тэгэхээр танхимын бодлого гэдэг зүйл ямар түвшинд байгаа нь харагдаж байгаа биз. Ерөнхий сайдынхаа бодлогын эсрэг Сангийн сайд, салбарын сайд хоёр нь зогсож байж болох уу.

-Салбарын сайдынх нь үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна. Х.Болорчулууныг ХХААХҮ-ийн сайдын ажлыг авч байхад ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн ярьцгааж байсан шүү дээ?

-Ашиг сонирхлын зөрчилтэй нь энд чухал уу, үгүй юу. Уг нь салбараа сайн мэддэг хүн сайдаар очих нь чухал л даа. Гэвч Монголын ХАА, мал аж ахуй, газар тариалангийн салбарт өнгөрсөн найман жилд ямар өөрчлөлт гарав. Малчдын орлого найдвартай болоход, бараа бүтээгдэхүүн нь үнэтэй болоход, тээвэр ложистик оновчтой болоход, Монголын мал халдварт өвчингүй болоход яг юу өөрчлөгдөв. Найман жил гэдэг бол бага хугацаа биш. Бүх зүйл дордсон байна. Тэгэхээр сайдад болон салбарт нь дүн тавихад хялбар байх л даа.

-ҮХЦ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар танай намын бүлэг завсарлага авсан. Энэ хугацааг хэр үр дүнтэй өнгөрүүлэв?

-Хууль санаачлагч гишүүд танилцуулга хийсэн. Дахин ярилцсан. Гэхдээ энэ хуульд авууштай зүйлс байна. Бүгдийг үгүйсгэж болохгүй. Иргэний үндсэн эрхийн болон шүүхээр шийдэгдсэн маргааныг ҮХЦ дээр шийддэг болъё гэж байгаа. Энэ бол АН-ын мөнхийн хүсэл байсан. Гэтэл энийг “Гуя дагаж хүзүү” гэдэг байдлаар ҮХЦ-ийн гишүүдийн бүрэн эрхт байдал руу халдах болох гэх мэт зарчмын олон асуудал байна гэж үзээд, энэ удаад АН-ын бүлэг дэмжихгүй байх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ асуудлыг шинээр бүрдэх 126 гишүүнтэй парламент шийдэг. Яагаад гэвэл сонгуулийн хуулийн гажгаас болж, эрх баригчид УИХ-ын 80 хувийг авчхаад байгаа. 60 хувь нь эрх баригчдыг дэмжээгүй шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн болон бусад олон асуудал руу гар дүрж буй нь зохисгүй байна. Шинэ парламентад энэ асуудлыг үлдээгээч ээ гэдэг байр суурьтай байгаа.

-Энэ парламентын сүүлийн чуулган гэдэг утгаар зарим хуулийн төслийг яаравчлуулж буй. Харин иргэдээс гаргасан саналуудыг хэлэлцэхгүй байх шиг байна. Тухайлбал, “D-Parliament” дээр 100 мянган хүний санал авсан НӨАТ-ын 2 хувийг 5 болгох, “Цалинтай ээж”-ийн 50 мянгыг нэмэгдүүлэх гээд байгаа шүү дээ?

-Ер нь тэнцвэргүй парламент гэдэг чинь энэ. Аль хуулийг хэлэлцэх эсэхэд үзэмжээр ханддаг. УИХ-д бид цөөнх бүлэгтэй. Бид асуудал ярих гэхээр Түр хороо байгуулах гишүүний тоо нь 19-өөс дээш байх ёстой гэдэг. Энэ мэт төвөгтэй асуудлууд олон. “D-Parliament” эд нар бол үзэмжийн л асуудал.

Энэ бол АН-ын бүлгийн санаачилгаар зохион байгуулж буй сонсгол

-Хаврын чуулганы хугацаанд багтаж, хэд хэдэн сонсгол хийхээр яригдаж буй. Гэвч гишүүдийн идэвх суларч, сонгуульд ач холбогдол өгөөд эхэлсэн энэ үед хийж амжих эсэх нь эргэлзээтэй байна. Танд ямар дүр зураг харагдаж байгаа бол?

-Ногоон автобус гээд нэлээн л асуудал болсон. Түр хороо байгуулах гишүүдийн тоо нь хүрчхээд байхад, байгуулж өгөхгүй байсан. Сүүлдээ Үндсэн хууль зөрчих гээд байна гэж байж Түр хороо байгуулагдсан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байгаа. Дөрөвдүгээр сард багтаж зохион байгуулна гэсэн. Үндсэндээ, дөрөвдүгээр сар нь гарчихлаа. Сонсгол хийсэн дүр үзүүлж, аргалаад өнгөрүүлэх нь үү. Харж байя, ажиглаж байя.

Энэ бол АН-ын бүлгийн санаачилгаар зохион байгуулж буй сонсгол. Сонсголыг эрх баригчид ахалж хийнэ гэдэг бол утга агуулгын асар их зөрчилтэй явдал. Эрх баригчдыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх гээд байдаг. Гэтэл эрх баригчид сонсголыг удирддаг. Өөрөө өөрийнхөө асуудлыг гаргаж тавих уу. Түр хорооны 10 гишүүний хоёр нь л АН-ынх байна. Асуудлыг олонхоороо л шийднэ.

-Ирэх сонгуульд та нэр дэвших хүсэлтээ өгсөн үү?

-Энэ асуудал ид яригдаж байна. Миний хувьд тойрогт өрсөлдөнө гэсэн бодолтойгоор баруун бүсийн тойрогт ажиллаж байгаа. Эцсийн шийдвэрийг нам гаргана.

-Ярилцсанд баярлалаа.

ИНФОГРАФИК: 15 гишүүн нь сэжигтэн, яллагдагч болж рекорд тогтоосон энэ парламент 70 мянган сонгогчийг төлөөлөлгүй болгов
ИНФОГРАФИК: 15 гишүүн нь сэжигтэн, яллагдагч болж рекорд тогтоосон энэ парламент 70 мянган сонгогчийг төлөөлөлгүй болгов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.