Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: 15 гишүүн нь сэжигтэн, яллагдагч болж рекорд тогтоосон энэ парламент 70 мянган сонгогчийг төлөөлөлгүй болгов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 49 секунд

2020 оны сонгуулийн дүнгээр "нэг анги" болцгоосон энэ удаагийн парламент отгон чуулганаа хийж, дөрвөн жил ажилласан дүнгээ олон нийтээр тавиулахад гурав хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна. Сахилга хариуцлага "үнэртэж" байх ёстой парламентын танхимд бичигдээгүй хууль ёсоор хэл ам, хэрүүл маргаан, маргаан мэтгэлцээн өрнөсөөр мөн зарим гишүүд нь "аавын хаалга" ч татах шахлаа. Товчхондоо, түүхэндээ хамгийн олон сэжигтэн, яллагдагчтай парламент болов. Энэ байдал үргэлжилсээр иргэдийн итгэлд ч нөлөөлж эхэлсэн бөгөөд ард түмний зүгээс төрийн түшээдийн хариуцлага хүлээх байдал ч сул байгааг шүүмжлэх болсон юм. Нийтлэлийн эхэнд нэгэн сонирхолтой судалгааг танилцуулахад, 2023 онд УИХ-ын тамгын газраас хийсэн судалгаанд хамрагдсан 270 гаруй хүнээс Улсын Их Хурлын гишүүний хариуцлага хүлээх байдал хэр байгаа талаар асуухад дараах байдлаар хариулжээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар

-УИХ-ын 15 гишүүн ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮД ТАТЖЭЭ-

Тайлбар: Одоогийн парламентын 19 хувь буюу 15 гишүүн нь хуулийн байгууллагын хаалга татаад байна

"Мордохын хазгай" гэдэгчлэн УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцон цагдан хорьж, улмаар шүүхээс 6 жил хорих ял оногдуулсан юм. Ийнхүү 75 гишүүнтэйгээр эхэлсэн парламент тун удалгүй үлдсэн нэг гишүүн болох Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлснээр 76-уулаа болсон байдаг. Ийнхүү ар араасаа хуулийн байгууллагын үүд татах болсон гишүүдийн дийлэнх нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүдийн хэрэг хуулийн хүрээнд дараах процесст үргэлжилж байна.

62 суудлыг авч парламентын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлсэн МАН-ын 11 гишүүн нь хууль хяналтын байгууллагын хаалга татсанаас 5 нь яллагдагчаар татагдаж, 3 нь шүүхээс ял сонсоод байна. Тодруулбал,

-Шүүхээс ял сонссон гишүүд бүрэн эрх нэрийн дор төсөв баталж, ҮАБЗ-ийн мэдээллийг сонсож байгаа нь хэр зүйд нийцэх вэ-

Хууль тэднийг дуудсан ч бүрэн эрх "сэтэртэй" тул саарал ордонд хээв нэг алхалж явна. Тэд давж заалдах эрхтэй гэдгээ мэднэ. Үүнд хэр их хугацаа шаардагдахыг ч мэднэ. Энэ нөхцөлд тэдэнд хэзээ ч мартдаггүй УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгээс илүүтэйгээр мартаж орхисон улс төрийн үүрэг, хариуцлага, ёс зүй этик гэдэг зүйлийг нь нэхэн сануулах хэрэгтэй байна. Эл 15-аас өнөөдрийн байдлаар УИХ-ын хууль тогтоох процесст гурван хүн л албан ёсоор оролцохгүй яваа.

Тодруулбал, Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэн бөгөөд УИХ-аас Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй билээ. Харин үлдсэн 12-оос Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарын хэрэг хэрэгсэхгүй болж, шүүхээс "мултарсан". Ийнхүү хэрэг нь "ид" яваа нөхдүүд хүртэл хууль тогтоох процесст оролцож, санал өгч байна. Хамгийн наад зах нь улс орны хөгжлийг урагшлуулж буй жил жилийн төсвийг батлахад кноп дарж улмаар нууцын зэрэглэл бүхий ҮАБЗ-ийн мэдээллийг сонсож байна. Энэ байдал үргэлжилсээр байвал УИХ эрх ашгийн зөрчилтэй гишүүдээрээ хууль батлуулж буй хэрэг болно.

Ядахдаа шүүхээс ял сонссон нөхдүүддээ гурван шатны шүүхийн хариу нь эцэслэгдтэл хууль тогтоох процесст оролцуулахгүй байх нь зөв. Ё.Баатарбилэгийн тухайд завгүйдээ ч тэр юм уу аль эсвэл шалгуулж дуустлаа төрийн ажилд оролцох нь ёс зүйгүй хэмээн үзэж байгаа болоод ч тэр үү өнгөрсөн намраас хойш чуулганы хуралдааны танхимд харагдаагүй. Санал ч өгөөгүй. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан байнгын хороогоо даргалж, УИХ-ын хуралдаанд идэвхтэй гэгч нь саналаа өгч, микрофоноо үе үе нээдэг болсон харагдана лээ. Үнэн хэрэгтээ анхан шатнаас ял авч, гэм буруутайд тооцогдсон хүнээр улс орны ил, далд аюулгүй байдлын хамгийн чухал бодлогын байнгын хороог даргалуулах нь өөрөө эрсдэлтэй зүйл.

-Өмнөх парламентуудаасаа хамгийн САХИЛГА СУЛ парламент-

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан сахилга хариуцлагын хувьд "тун тааруу" үнэлгээтэй буюу хамгийн олон сэжигтэн, яллагдагчтай парламент байлаа. Өмнөх 2016-2020 оны парламенттай харьцуулахад 6 гишүүнээр илүү.

Эргэн сануулбал, 2016-2020 оны парламентад нийт 9 гишүүн хууль хяналтын байгууллагын хаалга татсан байдгаас Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Д.Гантулга, Н.Номтойбаяр нарын гишүүд шүүхээс ял сонссон. Тэдний ихэнх нь улс төрд нөлөө бүхий байдлаа урвуулан ашигласан зүйл ангиар зүйлчлэгдсэн бол тэдний дундаас гэлтгүй парламентдаа хамгийн залуу гишүүн нь байсан Д.Гантулга хүчингийн хэргээр ял сонссон байдаг.

-"Жинхэнэ" хохирогч нь төлөөлөлгүй болсон 70 мянган ИРГЭН-

Төлөөлөл болгон сонгож, УИХ руу илгээсэн гишүүд нь хэрэгт холбогдож байгаагийн цаадах гол хохирогч бол тэдэнд саналаа өгсөн ард иргэд.

Хамгийн наад захын жишээ нь, нүүрсний хулгайн хэргээр "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар шалгагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-аар орж ирэхэд Өмнөговь аймаг төлөөлөлгүй болох шахсан. Азаар Н.Наранбаатар бүрэн эрхтэйгээ үлдсэн.

Одоогийн байдлаар Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нар бүрэн эрхгүй байгаа. Улмаар энэ гурван хүний "балаг"-аар нийт 70073 хүний эрх ашиг хохирч байна. 2020 оны сонгуулиар Ж.Мөнхбат 21478, Т.Аюурсайхан 33356, Д.Бат-Эрдэнэ 15239 хүний саналыг авч УИХ-д сонгогдсон байдаг.

-Хөшигний цаадах УЛС ТӨР-

Гэмт хэрэгт холбогдсон, холбогдоогүй гэх шуугианы ард бидний мэдэхгүй улс төр жинхэнэ утгаараа өрнөж байна. Түүнийг нь ял явсан гишүүд нь "Надад улс төрийн зорилготой хэрэг тохож байна" хэмээн ил, далдаар мэдэгддэг ч газар авахгүй өндөрлөдөг жишиг тогтоод удаж байна. Хуулийн байгууллагын хүрээнд ч тэр нэг гишүүн нь л хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гээд л оруулаад ирэх болж. Түүнийг нь "овжин"-оор ашиглаж улс төрийн мэдэгдэл хийж явдаг гишүүд ч олон болж.

Хоёрдугаарт, суурь нь бат бэх байж гэмээн сайн байшин барьж чадна. Гэтэл энэ парламент анхнаасаа гэмт хэрэгт ороолдсон гишүүдийнхээ "буянаар" нэр муутай явсаар сонгуультай тулав. Ийнхүү чадамж сул парламентаа гүйцэтгэх засаглал нь хөшигний ард базаж байгаа дүр зураг ч харагдах болов.

Үүнээс гадна энэ мэт асуудалтай гишүүдээ нэр дэвшүүлсэн улс төрийн намуудын хариуцлагагүй байдлын асуудал ч энд яригдах нь зүй. МАН 2016 оны парламентаас гэмт хэрэгт холбогдсон гишүүдээсээ дөрвөн ч хүнийг намаасаа хөөсөн байдаг. Харин энэ удаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүстээ нам дотооддоо ч хариуцлага хүлээлгэхгүй явсаар дараагийн сонгуультай тулж ирлээ. Иймээс улстөрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ ч ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦДАГ БОЛОХ хэрэгтэй байна.

“FIBA 3x3 Asian Cup 2024”-д Монголын эмэгтэй баг ШИЛДЭГ 4-т  шалгарлаа
“FIBA 3x3 Asian Cup 2024”-д Монголын эмэгтэй баг ШИЛДЭГ 4-т шалгарлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.