Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨМЖ: Хүүхэд тань худлаа ярьсаар байвал том болох тусам дээрэлхүү зан чанартай болох магадлалтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 50 секунд

Хүүхэд яагаад худлаа ярьдаг вэ. Үүний талаар эцэг, эхчүүд та бүхэн төдийлөн мэдэхгүй бол "Хөөрхөн шар шувуу" Хүүхэд-Эцэг эхийн сургалт, судалгааны төвөөс дараах зөвлөмжийг хүргэжээ.

Хүүхэд дөрвөн нас хүрээгүй байхдаа бодит байдал ба хийсвэр зүйлийг ялгах чадвар тааруу байдаг.

Хоёр настай охин сүүгээ асгачихаад “Хэн асгасан бэ” гэсэн ээжийнхээ асуултад “ширээ”, “бамбарууш“ “хүүхэлдэй” рүүгээ заан тэр хэмээн хариулдаг. Үүнийгээ худал ярьж байна гэж ойлгож чаддаггүй. Харин сайн, муу хандлагыг мэдэрдэг болсон байдаг. Иймд сүүгээ өөрөө асгасан гэвэл муу хүүхэд болох учир өөр зүйлд буруугаа өгдөг. Энэ үед ширээг нь хүүхэлдэйг нь зэмлэж ОГТ болохгүй. "Сүү асгаад хувцас ямар муухай болчихоо вэ, ээж нь угаагаад өгвөл цэвэрхэн болно оо" гэх мэт бодит тайлбарыг хэлж байгаарай.

Мөн дөрвөн нас хүрээгүй хүүхдийн хийсвэр сэтгэлгээ, төсөөлөх чадвар өндөр байдаг тул цэцэрлэг дээр болсон явдал, үлгэр, хүүхэлдэй зэргээс мэдэрсэн зүйлээ төсөөлөлдөө ургуулан бодож хийсвэрлэн сэтгэж бүр үнэн мэт бодож түүнийгээ яг л болсон зүйл мэт давтан давтан ярьдаг. Өөрийнх нь төсөөлөлд яг бодитоор болоод байгаа тул үүнийгээ ч худлаа гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Энэ үед нь та яриаг нь өдөөж хэт дэвэргэж хөөргөж болохгүй, "худлаа яриад байгаарай" хэмээн үгүйсгэж болохгүй. Зүгээр л идэвхтэй сонсогч нь байгаарай.

Харин зургаан настайгаас эхлэн худал ярианы бодит утгыг ойлгох чадвар сууж муу үр дагаврыг ойлгож чаддаг. Жишээлбэл, хийсэн буруу зүйлийг нь ээж аав мэдвэл зэмлэнэ, тэдний урмыг хугална, үүнээс болж тэд надад дахин боломж олгохгүй гэдгийг ойлгодог болсон байна. Иймээс зургаагаас дээш насны хүүхдийн хувьд худал яривал таны нэмэлт анхаарал зайлшгүй шаардлагатай байна аа гэж ойлгоорой.

Хамгийн эхлээд чухам юунаас болоод худлаа ярьж байгааг зөв оношлох хэрэгтэй. Түүнийг оношлох хүн хүүхэдтэйгээ үргэлж хамт байгаа та өөрөө.

Ер нь хүүхдүүд яагаад худал ярьдаг вэ,

  • Зэмлүүлэхгүйн тулд /Алдаа хийх бүрт нь өлгөж аваад шийтгээд байвал/
  • Хариуцлага хүлээхгүйн тулд
  • Ичих болон эвгүй байдалд орохгүйн тулд
  • Нууцаа хадгалахын тулд /Өмнө нь танд хандаж ярьсан зүйлийг нь та өөр хэн нэгэнд хэлсэн бол/
  • Дүүдээ, ах-эгчдээ атаархсандаа /Ах, эгч, дүүтэй нь үргэлж харьцуулдаг бол/
  • Бусдыг гомдоохгүй, дургүйг нь, уурыг нь хүргэхгүйн тулд
  • Магтуулж хүндлүүлэхийн тулд /Жижигхэн зүйл хийсэн ч сайн байна, мундаг гэх мэт улиг болсон хоосон магтаал хүүхдийг цаасан малгайд дуртай болгодог/

Үүнээс гадна биеийн багахан өө сэв, дутагдалтай байдлаасаа болж өөртөө итгэлгүй болж худал хэлэх нь ихэсдэг. Мөн дарамт болон байнгын бүтэлгүйтлээс болж худал яриад аргалах аргыг сонгох тохиолдол их.

Багаас нь л худлаа яриад байгааг нь анзаарч анхаарал тавихгүйгээр "томроод гайгүй болно биз" гэж орхивол өөртөө итгэлгүй, дээрэлхүү зан чанартай, хүнтэй нийцдэггүй, хэрүүл зодоон өдөөдөг, хүн хооронд үг зөөдөг, бүр даамжирвал хулгай хийдэг болох магадлал маш өндөр байдаг.

Худал ярихад нөлөөлж буй гэр бүлийн хүчин зүйлс,

Хүүхэд худлаа ярихыг эцэг эх, гэр бүлээсээ сурдаг. Учир нь та хүүхдэдээ худлаа хэлэх эсвэл түүний хажууд өөр хүнд худлаа яривал хүүхдэд худал ярих нь буруу зүйл биш юм байна гэсэн анхны ойлголт бий болдог. Утас дуугарахад “унтаж байна” хаалга цохиход “байхгүй байна” гэж хэлээрэй гэж хүүхдээрээ худал хэлүүлдэг шүү дээ. Үүнийгээ “гэмгүй худал” хэмээн нэрлэдэг, гэтэл тэр “гэмгүй худал” яриагаараа хүүхдээ өөрийн мэдэлгүй худал ярианд дасгачихдаг. Хүүхдийн ой ухаанд худал л бол худал байдаг гэдгийг мартаж болохгүй.

Мөн,

  • Эцэг эхийн түрэмгийлсэн харьцаа
  • Эцэг эхийн хайхрамжгүй, анхаарал халамж дутмаг байдал
  • Хоорондоо эв нэгдэлгүй, баяр хөөргүй гэр бүлийн уур амьсгал
  • Эцэг эхийн хүүхдэдээ үл итгэх байдал
  • Эцэг эхийн ажилгүйдэл, гэрийн орлого буурах
  • Эцэг эхийн өвчлөлт эрүүл мэндийн байдал гэх мэтчилэн томчууд биднээс шалтгаалсан хүчин зүйлсүүд их байдаг байна.

Магадгүй худлаа ярьсандаа гэмшиж хүүхэд танд үнэнээ хэлэхэд нь уурлаж хашгичиж биш тайвнаар хүлээн авч “Үнэнээ хэлсэн явдал чинь надад маш их таалагдлаа”, “Үнэнээ хэлдэг нь зөв” "Үнэнээ хэлнэ гэж итгэж байсаан" гэх мэтээр хүүхдэдээ итгэл алдаагүй байгаа гэдгийг ойлгуулаад ярилцаад үзээрэй.

Ээж аавууд хүүхэдтэйгээ аль болох илэн далангүй ойр дотно байх хэрэгтэй. Ингэхдээ хүүхдийнхээ хамгийн яриасаг байдаг үеийг олж анзаараарай.

Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөхийг ЗӨВЛӨЖ байна
Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөхийг ЗӨВЛӨЖ байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.