Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Ээж миний цээж нүцгэн бичлэгийг фейсбүүкт нийтэлчихсэн. Гэтэл найз маань тэр бичлэгийг хүүхдүүдэд үзүүлээд намайг ИЧИГ болгосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 5 секунд

"Ээж миний цээж нүцгэн бичлэгийг фейсбүүкт нийтэлчихсэн. Гэтэл ангийн найз маань тэр бичлэгийг хүүхдүүдэд үзүүлээд намайг ИЧИГ болгосон"

Та хүүхдээ өхөөрдөж, өөрийнх нь зураг бичлэгийг цахим орчинд зөвшөөрөлгүй нийтэлдэг үү. Эсвэл дагагчдынхаа тоог нэмж, хандалт авахын тулд хүүхдээ ашиглаад байна уу. Магадгүй та цахим орчинд хүүхдийнхээ зургийг нийтэлсэн бол эргээд хүүхдэд тань ямар сэтгэгдэл төрдөг талаар өмнө нь бодож байсан уу. Хэрэв энэ талаар огт бодож байгаагүй бол хүүхдүүдийн бяцхан зүрх үүнийг хэрхэн хүлээн авдгийг бас мэргэжилтнүүд үүнийг хэрхэн тайлбарладаг вэ гэдгийг дараах нийтлэлээс уншаарай.

Бид хэд хэдэн хүүхдээс ээж аав нь өөрийнх нь зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй нийтэлж байсан эсэх талаар тодруулав. Харин үүний хариуд бяцхан хүүхдүүд дараах хариултыг өглөө.

Хүүхдүүд намайг "Чи нүцгэн байна шүү дээ. Ичиг, ичиг" гээд шоолсон

7 настай Н "Ээж, аав маань миний зураг бичлэгийг фейсбүүкт нийтэлчихдэг. Ихэвчлэн дуулж бас онгирч байгаа бичлэг байдаг. Саяхан ээж маань миний цээж нүцгэн бичлэгийг постолчихсон. Гэтэл тэр бичлэгийг найз маань ангийн хүүхдүүдэд үзүүлээд намайг ИЧИГ болгосон.

Хүүхдүүд намайг "Чи нүцгэн байна шүү дээ. Ичиг, ичиг" гээд шоолсон. Надад үнэхээр муухай санагдсан. Бас миний бусад зургуудыг ч гэсэн хүүхдүүдэд үзүүлээд намайг шоолоод байсан. Тэр найздаа хандаж "Дахиж миний зургийг хүүхдүүдэд битгий үзүүлж, намайг шоолуулаарай" гэж хэлмээр байна. Бас аав, ээждээ "Миний шалдан байгаа зургуудыг фейсбүүк дээр битгий тавиарай" гэж хэлье" хэмээсэн юм.

Фейсбүүк дээр миний муухай зургийг хийвэл найзууд маань шоолно

13 настай А "Миний гэртээ байгаа зургийг нэг өдөр постолчихсон байсан. Тухайн үед надад их сонин мэдрэмж төрөөд муухай санагдаж байсан. Тэгээд муухай байна гэж хэлээд устгуулж байсан юм. Бас тэр зургийг үе тэнгийнхэн, найзууд маань харсан бол шоолуулах байхдаа л гэж бодож байсан. Тиймээс эцэг, эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдийнхээ зураг бичлэгийг цахим орчинд нийтлэх нь маш аюултай. Хэрвээ заавал хүүхдийнхээ зураг бичлэгийг тавих гэж байгаа бол өөрөөс нь асууж, зөвшөөрөл аваарай" гэв.

8 настай Х "Хэрвээ миний муухай зургийг фейсбүүкт хийвэл ичмээр бас муухай санагдана. Найзууд маань харчихвал шоолох байх" гэлээ.

Хүүхдүүдийн сэтгэгдлээс харахад бүгд л цахим орчинд нийтлэгдсэн бичлэгээс болж үе тэнгийнхээ найзуудад шоглуулах, ялгаварлан гадуурхагдах, ичгүүртэй байдалд орохоос айж буйгаа илэрхийлж байлаа.

Арга ч үгүй биз. Хүүхдийн сэтгэлзүй маш эмзэг бас үе тэнгийн найзууд нь ч гэсэн юу зөв, юу буруу вэ гэдгийг ялгаж салгах чадварт суралцаагүй учраас бие биеийнхээ сэтгэлийг өвтгөж байгаа үгүйгээ ч мэдэхгүй байгаа хэрэг.

Тэгвэл мэргэжилтнүүд үүнийг хэрхэн дүгнэдэг вэ,

Сэтгэл зүйч Л.Нарангоо хүүхдүүдийн зан төлвийн байдлаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

Хүүхэд цахим орчны нөлөөнөөс болж үе тэнгийнхэндээ шоолуулсан бол өөртөө итгэх итгэлгүй болж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь ч буурдаг

"Хүүхэд бага насандаа яг ийм асуудалд төдийлөн анхаарч, ач холбогдол өгөх нь бага. Бас аав, ээжийгээ өөрсдийнхөө хамгаалагч гэж хардаг. Харин өсвөр насны хүүхдүүд аав, ээжийгээ өөрийнхөө найз, өөрийнхөө зөвлөгч гэж харж, ханддаг. Гэтэл маш их итгэж байсан хүн нь өөрт нь таалагдахгүй зургийг олон нийтэд дэлгэчихээр тэр хүүхдэд ямар мэдрэмж төрөх вэ. Жишээлбэл,

Миний зургийг хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтэлчихвэл би дургүйцнэ. Гэхдээ би үүнийгээ илэрхийлж чадах учраас тухайн зураг бичлэгийг устгуулж болно. Харин хүүхдүүдэд дургүйцэх мэдрэмж маш хүчтэй төрдөг ч үүнийгээ ээж, аавдаа төдийлөн хэлээд байдаггүй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд юу гэж боддог вэ гэхээр "Аав, ээж маань миний хэлснийг тоохгүй дээ, намайг жаахан гэж хардаг учраас намайг юу ч гэж хэлсэн хүлээж авахгүй" гэж боддог.

Нөгөө талаас найзууд нь шууд л шоглож эхэлдэг. "Чиний ийм зураг цахим орчинд явж байна шүү дээ, чи жаахан байхдаа ийм байсан байна шүү дээ" гэдэг. Гэтэл энэ нь тухайн хүүхдэд ичих мэдрэмжийг төрүүлээд аав, ээждээ болон өөртөө ч итгэх итгэлгүй болж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь ч гэсэн дагаад буурчихдаг. Тиймээс хүүхдийн сэтгэлзүйг сайтар бодолцож, хүүхдээсээ заавал зөвшөөрөл авч байж зургийг нь нийтлэх хэрэгтэй" гэлээ.

Мөн хүүхдийнхээ зураг бичлэгийг цахим орчинд нийтлэх нь дан ганц хүүхдийн сэтгэлзүйг гэмтээдэггүй. Үүнтэй зэрэгцээд аюулгүй байдалд нь ч гэсэн заналхийлж буйн хэрэг. Сошиал медиа эрчимтэй хөгжсөн энэ үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ хувийн мэдээллийг цаг тутамд мэдээлэх болсон. Тиймдээ ч энэ нь хүүхдийн аюулгүй байдалд маш том сөрөг нөлөө үзүүлж буй юм.

Энэ талаар бид ЦЕГ-ын УСГ-ын Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ё.Шижиртуяагаас тодруулахад,

Зарим эцэг, эхчүүд хүүхдээрээ дамжуулж өөрийнхөө "эго"-г тодруулж, сэтгэл ханамж авдаг. Мөн хүүхдээ гэмт халдлагын хохирогч болгох эрсдэлтэй

"Цахим орчинд хүүхдийнхээ зураг бичлэг, гэр орны байдал, сургууль цэцэрлэгийг маш дэлгэрэнгүй байршуулах нь гэмт халдлагын хохирогч болгох эрсдэлтэй. Түүнээс гадна хүүхдийн сэтгэлзүйн хувьд аваад үзэхээр,

Нарцисист зан төлөвтэй эцэг, эхчүүд маань өөрийнхөө "эго"-г тодруулж, хүүхдийнхээ амжилтаар бахархаж, хөөрхөн царай төрхийг нь бусдад гайхуулж, түүнээсээ өөрөө сэтгэл ханамж аваад байдаг. Гэтэл энэ нь эцэг эхчүүдэд сэтгэл ханамжтай боловч хүүхэд бүхэл бүтэн нэг постны эзэн болж байгаа учраас өөрт нь тийм ч тааламжтай бус. Дээр нь бусад хүмүүс хүүхдийн тань зураг, бичлэгийг таны харж буй өнцгөөр харахгүй шүү дээ.

Дээр нь үе тэнгийн найзууд нь ч гэсэн ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхаж, дарамтлах асуудал гарч болзошгүй.

Магадгүй эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ сайн сайхныг хүсэж пост, нийтлэл хийж байж болох ч хүүхдийнхээ сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөхийг сайтар бодоод үзээрэй. Хүүхэд бүхэн хөөрхөн байх албагүй, хүүхэд бүхэн онц сурдаг байх албагүй шүү дээ. Харамсалтай нь эцэг, эхчүүд маань хүүхдээ заавал гоё сайхан болгох гээд байдаг нь хүүхдэд дарамт болдог" гэсэн юм.

Харин эцэг, эхчүүдийн төлөөлөл энэ асуудлыг хэрхэн хардаг вэ,

Иргэн "Хүүхдийнхээ зургийг байнга цахим орчинд хийгээд байдаггүй. Гэхдээ зарим олны танил эрхмүүд, инфлүүнсерүүд хүүхдүүдийнхээ зураг, бичлэг, хаана юу хийж байгааг цаг, минут бүр олон нийтэд мэдээлээд байгаа юм шиг санагддаг. Энэ нь бас буруу л байх. Бүр хүүхэд нь найзууддаа шоглуулсан гээд л дахин дахин хүүхдийнхээ эрхэнд халдаад байх шиг санагддаг" хэмээсэн бол өөр нэгэн ээж,

"Хүүхдийнхээ зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлдэг. Хөөрхөн санагддаг учраас хүмүүст ч бас харуулах гэж зураг бичлэгийг нь хийдэг. Гэхдээ хүүхдэдээ ямар санагддаг талаар урьд өмнө огт бодож байгаагүй юм байна" гэв.

Эцэг, эхчүүд бол цаг ямагт үр хүүхдийнхээ хамгаалагч байх ёстой. Энэ бол бичигдээгүй хууль. Харамсалтай нь өөрсдөө ч мэдэлгүй үр хүүхдийнхээ сэтгэлд сэв суулгаад байгаа тул өнөөдрөөс эхлэн анхаарах шаардлагатай болж байна.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн хэрвээ хүүхдийнхээ зураг бичлэгийг цахим орчинд нийтлэх гэж байвал заавал өөрөөс нь зөвшөөрөл аваарай. Магадгүй танд тийм ч чухал биш санагдаж байж болох ч хүүхдэд тань маш хүнд асуудал болж мэдэх юм. Бас хүүхдээ өхөөрдөж, олон нийтийн сүлжээнд зураг бичлэгийг нь нийтэлсэн ч хүн бүр түүнийг гоё, сайхнаар хүлээж авахгүй тул үүнээс аль болох зайлсхийх нь чухал юм шүү.

Орон сууцны дээврээс хүн унаж амиа алджээ
Орон сууцны дээврээс хүн унаж амиа алджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.