Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭДЭВ: Түгжрэлээс болж хүмүүс өөр өөрсдийн орон зайд ГАНЦААРДАЛ РУУ шилжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 19 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Зам дээр машинд ч тэр, автобусанд ялгаагүй нэгэндээ “ялархаж” уур бухимдлаа гаргацгаана. Гацаатай зам дээрээ урд хойноо орж, сигналь дарж, нэгнээсээ өрсөх гэж харааж зүхнэ, хажуу хавиргынхаа машины замыг нь таглана, мөргөлдөнө, стресстэнэ. Нийтээрээ ийм л дүр зурагтай өдөр хоногийг өнгөрүүлж буй.

Бидний ярьдаг сэдэв нь ердөө л түгжрэл, автобус болоод удаж байна. Өглөө нь ажил, сургуульдаа, орой нь гэр лүүгээ өөр хоорондоо уралдаж, талцаж бас түгжрэлд туйлдаж байна. Нэг л мэдэхэд ууртай догшин, стресс бухимдалтай болж байгаа цаад шалтгаан нь юуных вэ?

СЭМҮТ-ийн /төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эмч/ Ж.Гантулгын хэлснээр сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйлийн нэг нь түгжрэл гэдгийг онцолсон. Мөн сэтгэлзүйч Ц.Билгүүн “Монголд хүмүүс маш их стресс бухимдалтай байна. Ялангуяа замын түгжрэлд илүү тод харагддаг. Осол гарсан, нэг нь буруу үйлдэл гаргасан бол жолооч нар машинаасаа буугаад л хэрүүл хийж, хараалын үг урсгадаг. Асуудал хурцадвал зодолдох дээрээ ч хүрдгийг хүмүүс мэдэх байх. Ихэнх хүн стресс бухимдлаа зөв тайлахад сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаггүй. Энэ тал дээр хойрго хандаж байна” гэж байв.

Өдгөө 1.7 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын иргэдийг хамгийн их стресстүүлж байгаа нь түгжрэл болжээ. Цаашилбал түгжрэлд хүмүүс ганцаардмал болсон байна.

ТҮГЖРЭЛЭЭС БОЛЖ ХҮМҮҮС ӨӨР ӨӨРСДИЙН ОРОН ЗАЙД ГАНЦААРДАЛ РУУ ШИЛЖСЭН

Сэтгэлзүйч Б.Жавзан: Хотжилт, түгжрэл биднийг улам ганцаардал руу түлхэж байна. Түгжрэл бидний ихэнх цагийг үрж байгаа учраас хүмүүс илүү өөртэйгээ харилцах болсон.

Спортоор хичээллэх, хэн нэгэнтэй ярилцах, гэр бүлээрээ хамтдаа хоол идэх, гадуур хамтдаа алхах боломжуудаа алдаж байна. Тиймээс өөр, өөрсдийн орон зайд ганцаардал руу шилжиж байгаа нь эцэг эх үр хүүхдийн харилцаа холдохоос эхлээд найз нөхөд, өндөр настнуудын хувьд ялгаагүй бүгд ижилхэн.

Зарим хүн түгжрэх цагийг ашиглаж өөрийгөө хөгжүүлж байхад зарим нь илүү их өөрийгөө хямрааж байгааг үгүйсгэхгүй. Ерөөсөө л хүмүүс нэгэндээ зориулах цагаа багасгаж байгаа нь бидний идэвхтэй ажиллах өдрийн тал зам дээр өнгөрч байгаатай шууд холбоотой. Жишээ нь хүмүүсээс найз нөхөдтэйгээ хэр ойрхон уулзаж байна вэ? гэвэл "барагтай уулзахгүй байгаа" гэж бүгд хариулна. Мөн хөрөнгө оруулагч нарт хүртэл нөлөөлж байна. Монголд ирсэн нэгэн томоохон бизнесмен "Ажил хийх идэвхтэй насны залуус нь зам дээр түгжирч байхад та нараас бид ямар бүтээмж хүсэх вэ. Иймээс бид хөрөнгө оруулалтаа оруулахаас татгалзаа" гэж хэлээд буцсан жишээ ч бий.

Бидний цаг хугацааг үрж байгаа учраас л хүмүүс хоорондын идэвхтэй харилцаа холдож байна гэв.

Түгжрэл бидний цаг, мөнгө, боломжийг хулгайлаад зогсохгүй эрүүл мэнд, аз жаргал, сайхан сэтгэлийг бас гэр бүл, найз нөхөд хамгийн үнэтэй бүхнийг минь хулгайлж авч одсон нь өдөр тутмын амьдралаас бэлхэнээ харагдаж буй. “Завгүй”, “Амжихгүй” гэх хоёрхон үгээр өөрөөсөө өөрийг бодох завгүй, уурлаж бухимдсан хүмүүс хотын нийтлэг төрх. Арга ч үгүй биз, Улаанбаатарт амьдарч байгаа бол аз жаргалтай байх эрх байхгүй.

ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ ШИЙДВЭР ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛГОЖ БАЙНА

Нийслэлийнхэн өдөрт дунджаар 2.5 цагийг замд түгжирдэг бол жилд 35 хоног, 717 цагийг замд өнгөрүүлж байгаа нь дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт. Хэрэв Монгол хүний дундаж наслалтыг 65 гэж тооцвол амьдралынхаа 4.4 жилийг түгжрэлд алдаж байна.

Мөнгөөр тооцвол дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдсан боломжийн өртөг 10 хувьтай тэнцэхээр гарч, 3 их наяд төгрөгт хүржээ. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч, хотын дарга Х.Нямбаатар онцолсон удаатай. Түүний хувьд түгжрэлийн эсрэг “давс мэт шорвог” шийдвэр гаргадаг ч адлагдсан нь нийтлэг.

Түүнтэй адил үе үеийн хотын дарга нар, эрх баригчид түгжрэлийн эсрэг олон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэл олоогүй. Улиг болтол “түгжрэлийг бууруулна” гэсэн амлалт уриа лоозонгийн шинжтэй болж хүмүүс ч дүжирчээ Асуудал нь, амьдрал дээр иргэдээ туршилтын туулай болгодог нийтлэг жишиг гэнэтийн шийдвэрүүдээр нотлогдоно. Мэдээж энэ нь оновчтой биш болохыг судлаачид сануулах боллоо. Тухайлбал, идэр есийн хүйтнээр /2024.01.20/автобусыг богино эргэлтийн чиглэлд шилжүүлсэн туршилт, замын хөдөлгөөнд 3:1 харьцаатай зорчих зэрэг гэнэтийн шийдвэр иргэдэд тус биш ус болж түгжрэлийг сааруулах биш улам "тэг зогсолт" болгож байгаа нь асуудал боллоо.

Угтаа бол түгжрэлийн эсрэг дээрх шийдвэрүүд бүгд буруу биш. Хотын захирагчийн шийдвэрээс хэрэгжүүлэх шат хүртэл урьдчилсан судалгаа, танилцуулга, туршилт байхгүй нь иргэдийг бухимдуулж, эргээд шийдвэрээсээ ухардаг байдал нь өөрөө түгжрэл шиг тэг зогсжээ. Гэтэл автомашины тоо нэмэгдэхийн хэрээр хотын зам богиносч, иргэдийн зам дээр өнгөрүүлэх хугацаа улам бүр нэмэгдэж байгааг судлаачид хэлэх боллоо.

- ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ГАРЦ НЬ УРЬДЧИЛАН ТООЦОХ ЁСТОЙ -

Математикч, судлаач, Ч.Алтан-Өлзий: Улаанбаатар хот 1.6 сая хүн амтай, машины тоо нэмэгдэж байгаа нь замын ачаалал ихэснэ. Улам "тэг зогсолт" болох давтамж нэмэгдэхээр байна. Замын ачаалал нэмэгдэхийн хэрээр автомашины зорчих хугацаа саарч, түгжрэлд өнгөрүүлэх хугацаа нэмэгднэ.

Жишээ нь, 200 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцоход автомашины хурд 28.1 хувиар буюу хурд гурав дахин буурна. Гэтэл машины тоо 400 мянгад хүрвэл 19.0 хувиар буурч байна. Тэгэхээр автомашины хурд гурав дахин буурна гэсэн үг. Магадгүй түгжрэлийг бууруулна гэх ойлгомжтой шийдлүүд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахгүй байж болно.

Манай хот бүтцийн хувьд өөрийн онцлогтой учраас гаднын туршилтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм. Олон санал шийдэл байж болох ч иргэдийнхээ амьдралд туршихаас илүү бидний судалсан загварт туршиж үзэж, хамгийн үр нөлөө өндөртэй, зардал багатай аргыг нэвтрүүлэх нь оновчтой. Хэдийгээр түгжрэлийг бууруулах маш олон судалгааг хийж, их хэмжээний төсөв мөнгө зарцуулсан ч гаргасан санал шийдэл нь амьдралд үзүүлэх үр нөлөө, оновчтой эсэхийг хэмжиж чадахгүй байна.

Бидний амьдрал дээр туршсан олон шийдвэрээс нэрлэвэл автобусны чиглэлийг өөрчлөх, 3:1-ээр зорчих зэрэг олон туршилт хийсэн. Гэхдээ бодит амьдрал дээр нэг өдөр л хэрэгжиж байгаа нь сайн судалж, төлөвлөөгүйтэй холбоотой. Энэ нь бидний гол алдаа.

Иймээс Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв Монгол Улсын их сургуулийн дэргэдэх "Математик хэрэглээ" төвтэй хамтран Улаанбаатар хотын авто болон явган замын сүлжээ, дэд бүтэц зэрэг өгөгдөл, мэдээллүүд дээр суурилсан зорчигч хөдөлгөөний урсгалын математиз загварыг гаргах, симуляци тооцооны кодыг бичиж үндсэн тооцооллын дэд бүтэц, платформыг байгуулахаар зорьсон. Үүгээр бид бид судалгааны ажлыг эхлүүлэхдээ дахин шинэ санал болгохоос илүү тухайн санал болгож буй шийдэл нь бидний амьдралд, хотын замын сүлжээнд хэр нөлөө үзүүлэх вэ гэдгийг хэмжихэд суурилсан. Мөн түгжрэлийн эсрэг шийдвэрүүд иргэдийг туршилтын туулай болгохоос илүү бидний гаргасан загвар дээр урьдчилан тооцож судлах боломжтой гэсэн юм.

Ч.Хүрэлбаатар: Би генийн шинжилгээгээ хийлгэчихсэн. Хариугаа удахгүй тавина
Ч.Хүрэлбаатар: Би генийн шинжилгээгээ хийлгэчихсэн. Хариугаа удахгүй тавина
 
“Ямарч хууч өвчингүй хүүхдийг элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай учир ЗҮРХ НЬ ХААГДСАН гэх дүгнэлт гарсан“
“Ямарч хууч өвчингүй хүүхдийг элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай учир ЗҮРХ НЬ ХААГДСАН гэх дүгнэлт гарсан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.