Монгол Улс 3.5 сая хүн амтай. Үүний 852,385 нь 5-17 насны хүүхэд. Тэгвэл эдгээр хүүхдүүдийн 16.2 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэдэгт та итгэх үү.
Хэрэв хүүхэд бага наснаасаа эхлэн урт цагаар эсхүл бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд, хөгжил, боловсорч сурахад нь нөлөөлөхүйц ажилд оролцдог бол энэ нь хүүхдийн хөдөлмөр юм. Түүнээс гадна хүүхэд хөдөлмөр эрхэлснээр сурч боловсрох эрх нь хаагддаг тул хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг багасгах шаардлага үүсээд буй.
Хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн ажил эрхлэлт гэсэн ойлголтоос илүү өөр, нарийвчилсан ойлголт.
Бид хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ХЭҮК-ын Референт О.Тодбулагтай ярилцсан юм.
-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн үндсэн шалтгаан нь гэр бүлийн амьжиргааны түвшин-
-Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд байгаа вэ. Бас хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн шалтгаан нөхцөл юу байна?
Харин ажил хөдөлмөрийн хувьд авч үзвэл хүүхдүүд олон цагаар ажиллах, цалин хөлсөө авахгүй байх, цалин хөлсөө үндэслэлгүйгээр суутгуулах, хөдөлмөр эрхлэх явцдаа бусдын дарамтад өртсөн гэсэн судалгааны үр дүн гарсан.
-Хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд гэмт хэрэг гэж үзнэ-
-Унаач хүүхдийн асуудал хүүхдийн хөдөлмөр гэсэн ойлголтын нэгдүгээрт бичигддэг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгвөл?
-ХЭҮК-оос унаач хүүхдийн асуудлыг тусад нь авч үзсэн. Унаач хүүхдийн хөдөлмөр эрхэлж байгаа байдал нь олон цагаар ажилладаг, унаж бэртдэг, ажлаа хийх явцдаа зодуулж, шийтгүүлж байгаа нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг агуулж байна гэж үзсэн. Үүний үр дүнг харахаар насанд хүрээгүй хүний ажиллаж болохгүй ажлын жагсаалтыг гаргасан байгаа. 13 нас хүрсэн хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэх байдлыг шинэчилж тогтоосон. Цаашлаад хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлсэн, албадан хөдөлмөрлүүлсэн тохиолдолд үүнийг гэмт хэрэг гэж үзнэ.
-Та сая биеэ үнэлэлт тэвчишгүй хөдөлмөрт орно гэсэн шүү дээ. Энэ төрлийн хөдөлмөр эрхлэлт хүүхдүүдийн дунд хэр их тохиолдож байна?
-Энэ нь эрүүгийн гэмт хэрэг. Хэдий судалгаанаас харахад хүүхдүүд биеэ үнэлсэн тохиолдол бүртгэгдээгүй ч ийм нөхцөл үүсэх магадлалтай байна гэж үзсэн.
-Өөр ямар ажил мэргэжлүүд хүүхдийн хүнд ажил хөдөлмөрт багтах вэ?
-Судалгаанаас харахад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрийн болон үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхэлж буй нь зонхилж байна гэж үзсэн.
-5-17 насны хүүхдийн 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг-
Улсын хэмжээнд 5-17 насны хүүхдийн 138.5 мянга буюу 16.3 хувь нь хүүхдийн хөдөлмөрт оролцож байна. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаанд оролцсон нийт хүүхдийн 66.6 хувийг эзэлж байгаа юм. Мөн түүнчлэн хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн 86.7 мянга нь хөвгүүд, 51.8 мянга нь охид байгаа юм.
Насны хувьд авч үзвэл 99.1 мянга /71.6 хувь/ 5-12 насныхан, 15.9 мянга /11.4 хувь/ 13-14 насныхан, 23.5 мянга /17 хувь/ 15-17 насныхан байна.
-5100 хүүхэд зөвхөн цалин хөлс олох зорилгоор хөдөлмөр эрхэлдэг-
Хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн 5100 нь зөвхөн цалин хөлс, орлого олох үйл ажиллагаанд оролцжээ. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх хувийг 15-17 насны хүүхдүүд эзэлж буй бөгөөд 10 хүүхэд тутмын 7 нь хөвгүүд байна.
Түүнчлэн цалин хөлс олох зорилгоор хөдөлмөр эрхэлсэн хүүхдүүдийн 4.7 мянга буюу /40.9 хувь/ нь мал аж ахуйн салбарт ажиллажээ.
-400 хүүхэд ажил хийх явцдаа ажлын байрны хүчирхийлэлд өртөж, биедээ гэмтэл авч байжээ-
Судалгаагаар хүүхдийн хөдөлмөрт оролцож буй хүүхдүүдийн 44.8 мянга буюу 32.4 хувь нь ажлын байрандаа айдас, аюултай байдлыг мэдэрч, 6.5 мянга буюу 4.7 хувь нь хүүхдийн хөдөлмөрт оролцох явцдаа осолд өртөж, гэмтэл авсан байна. Харин 5.4 мянга буюу 3.9 хувь нь хүүхдийн хөдөлмөрт оролцох явцдаа бусдад дээрэлхүүлж байсан бол 0.4 мянга буюу 0.3 хувь нь ажлын байрны хүчирхийллээс үүдэн гэмтэл авч байжээ.
-Нийт хүүхдийн 6.8 хувь нь аюултай ажилд оролцжээ-
Мөн уг судалгаагаар хүүхдийн хөдөлмөрт оролцож буй 5 хүүхэд тутмын 2 нь эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахууны хөгжилд шууд нөлөө үзүүлэх аюултай ажилд оролцсон байна. Тэгвэл аюултай ажилд ямар ажлууд багтах вэ.
Монгол Улс 2001 онд нэгдэн орсон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУБХ-ын 182 дугаар конвенцын 3 дугаар зүйлд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг тодорхойлсон байдаг. Үүнд,
- Боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдаалах, дамжуулан худалдаалах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг боолчлолтой төстэй үйл ажиллагаа,
- Хүүхдийн биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт өртүүлэх, садар самуун сурталчилгаа, үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох,
- Хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх үйл ажиллагаанд оролцуулах, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах санал болгох
- Ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажлууд орно.
Нийт хүүхдийн 6,8 хувь нь аюултай ажилд оролцож байсан гэх судалгаа бий.
Хүүхдийн хөдөлмөрийн талаар ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундрал ярихдаа:
-Гэр орон цэвэрлэх, аяга таваг угаах зэрэг нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд ордоггүй-
-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг хэд дэх удаагаа хийж байна?
-Манай улс хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Судалгааны үр дүнгээс харахад 5-17 настай хүүхдийн 16.3 хувь нь буюу 138.5 мянган хүүхэд хүүхдийн хөдөлмөр эрхэлсэн гэсэн судалгаа гарсан байна.
-Тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт гэж байдаг шүү дээ. Үүн дээр ямар үр дүн гарсан бэ?
-Дээрх 138.5 мянган хүүхдээс 58.2 мянган хүүхэд нь аюултай ажил үйлчилгээ эрхэлж байна гэдэг үр дүн гарсан. Үүнд аюултай салбар мэргэжилд ажиллах, аюултай нөхцөлд ажиллах эсхүл хэт удаан хугацаагаар ажиллах зэрэг тодорхойлолтуудыг авч үздэг.
Хэрэв 5-17 настай хүүхдүүд аюултай мэргэжлээр ажиллаж байгаа бол үүнийг аюултай хөдөлмөр эрхэлж байна гэж үздэг. Харин 15-17 насны хүүхэд 7 хоногийн хугацаанд 30-аас дээш цаг ажиллавал мөн л аюултай хөдөлмөр эрхэлж байна гэж үзэж болно.
-Аюултай хөдөлмөр эрхлэлтэд ямар ямар ажил багтдаг юм бэ?
-Монгол Улсад насанд хүрээгүй хүүхдүүдийн ажиллахыг хориглосон жагсаалт гэж бий. Жишээлбэл, Хөдөө аж ахуйн салбарт хүүхэд мал нядлах үйл ажиллагааг эрхэлсэн мөн хурдан морь сургах үйл ажиллагаанд оролцсон бол аюултай хөдөлмөрт орж байна. Мөн аюултай нөхцөл гэдэг ойлголт байгаа. Үүнд хүүхэд хүнд ачаа, бараа өргөх, машин механизм ашиглах, хэт халуун эсхүл хэт хүйтэнд хөдөлмөр эрхэлбэл аюултай хөдөлмөрт багтдаг.
Хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй 138.5 мянган хүүхдийг ямар хөдөлмөр эрхэлж байна вэ гэдгийг харахаар өрхийн үйлдвэрлэл илүү зонхилж байна. Энд мал маллах, түлээ бэлтгэх, ус зөөх үйл ажиллагаа багтана. Мөн хөдөлмөр эрхэлж буй 2 хүүхэд тутмын 1 нь ус зөөх, түлээ бэлтгэх үйл ажиллагаанд оролцож байна гэх судалгаа гарсан.
-Гэрийн ажил хийх нь хүүхдийн хөдөлмөрт орох уу?
-Хүүхдийн хөдөлмөрийг үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн 2 ойлголтод хувааж үзэж болно. Тэр дундаа үйлчилгээ гэдэгт нь таны асуусан өрхийн үйлчилгээний ажлууд багтана л даа. Өөрөөр хэлбэл гэр цэвэрлэх, хувцас угаах, хоол хийх зэрэг ажлууд. Энэ нь хүүхдийн хөдөлмөрт орохгүй. Харин өрхийн үйлдвэрлэл буюу эдийн засгийн үйлчилгээнд оролцож, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол үүнийг хөдөлмөр эрхлэлтэд авч үзэж байгаа. Харин өмнө хэлсэнчлэн мод түлээ бэлдэх, ус зөөх зэрэг нь хүүхдийн хөдөлмөрт багтана.
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дээрх тоон мэдээллүүдээс харахад,
Хүүхэд сурах, хөгжих үйл явцад оролцох ёстой. Гэтэл хөдөлмөр эрхэлж байгаа нь хүүхдийн сурч боловсрох цагаас авч байна гэсэн үг. Тиймээс хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь зөв зүйл биш. Харин бид хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарал хандуулж, ажил хийх бус сурч боловсрох эрхийг нь хангах хэрэгтэй болж буй юм.