Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2020 онд  эрхзүйн орчинг сайжруулах,  гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөж, гүйцэтгэлийг ханган ажиллаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам”-ыг шинэчлэх талаар мэдээлэл хийсэн юм. Журмын төсөлд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн чиг үүргийг тодорхой болгох, өмчлөгч болон эзэмшигч нь паспортжуулах ажлыг хэрэгжүүлэхэд төрөөс хэрхэн урамшуулах, дэмжлэг олгох талаарх заалтыг нэмэх, Засгийн газрын 2018 оны 319 дугаар тогтоолоор батлагдсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахыг саналыг танилцуулсан юм.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудад онцгой анхаарч ажиллахыг уриалаад, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэллээ. Цаашид хуулийн хэрэгжилтийг сайжруулахад ажлын уялдаа холбоогоо нэгтгэж, хамтарч ажиллахыг уриалсан юм.

Хуралдааны төгсгөлд Шадар сайд Я.Содбаатар  “Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчныг бий болгох үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллийг олон нийтэд үр дүнтэй хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгааг бүх түвшинд эрчимжүүлэх үүрэг өглөө. Мөн 21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотод байгуулсан Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд орон нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг анхааралдаа авч, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг үүрэг болголоо.

Орон нутгийн замд осол гарч, 5 настай хүүхдийн амь нас хохирчээ
Орон нутгийн замд осол гарч, 5 настай хүүхдийн амь нас хохирчээ
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.