Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуус Монголдоо мэргэжлээрээ ажиллаад хүний дайтай амьдрах итгэлгүй болчихож. Тэд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд “Монголд урт зам туулна гэдэг бараг л боломжгүй. Энд цаг наргүй ажиллаж зүтгээд амьдралаа босгоно гэдэг мөдгүй” гэдгийг хэлцгээж байна.Тэдний ингэж хэлэх нь ч аргагүй.
АНУ-д нэг сарын дундаж цалин бусад улсаас хамгийн өндөр буюу 14.1 сая төгрөг, Австралид 10.0 сая төгрөг, Швейцарт 8.4 сая төгрөг, Их Британид 7.8 сая төгрөг, ХБНГУ-д 7.8 сая төгрөг, Шведэд 6.6 сая төгрөг байгаа бол Япон, БНСУ-д 2.4-өөс 5.8 сая төгрөгийн хооронд байна.
-Диплом, магистр, докторын зэрэгтэй мөртлөө гадаадад "хар" ажил хийж байна-
Харин Монголчуудын сарын дундаж цалин 2.2 сая төгрөгт хүрсэн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэхдээ Монгол хүн бүр ийм хэмжээний цалин авдаг гэвэл үгүй. Тиймдээ ч 25-35 насны залуус Монголоос дайжих ганц шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж. Гадаадад өндөр цалинтай ажил хийж, байр машинтай болох зорилготой. Уг нь бусад улс оронд орон байр, машин нь анхдагч хэрэгцээ байтал Монголчуудын хувьд мөрөөдөл нь болоод хувирчихсан. Үе, үеийн эрх баригчид ийм нийгмийг иргэдэд бэлэглэж, эх орноосоо дүрвэх бодлыг суулгасан нь даанч харамсалтай.
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор Монгол Улсын 122.3 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна гэжээ. Энэ нь нь 2010 оны тооллогоос 14.2 хувиар өссөн үзүүлэлт. Уг тооллогоор БНСУ-д хамгийн их хүн буюу 39982, АНУ 19970, Япон 8772, Казахстан 7218, Чех 5997, Австрали 5538, БНХАУ 5146, ХБНГУ 372 байж. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрийн насны буюу Монгол Улсын хүмүүн капиталууд.
Тэд диплом, магистр, докторын зэрэгтэй мөртлөө гадаадад "хар" ажил хийх, цаашлаад Монголоос татгалзах сонголтыг хийж байна. Товчхондоо улс төр, эдийн засгийн хямрал удаан үргэлжилсээр байвал хамгийн сор болсон залуус нь ийн гадагш оддог аж.
-10 хүн тутмын 8 нь Монгол руу буцах хүсэлгүй-
Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авчээ. 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хийхээр ирцгээсэн бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй байжээ. Ихэнх нь тэндээ хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна. Хамгийн чухал нь Монгол руу буцах бодолгүй гэсэн иргэдийн 10 хүн тутмын 8 нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой.
БНСУ-д ажиллаж байгаа эрэгтэйчүүд сард дунджаар 7.6 сая төгрөг, эмэгтэйчүүд 5.8 сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Монгол руу буцахгүй шалтгааныг лавлахад цалин өндөр, одоо амьдарч байгаа орчин нөхцөл нь таатай, түгжрэл багатай, Монголд амьдралын баталгаа хомс, нийгмийн стресс ихтэй, өр, зээлийн асуудлаа шийдвэрлэж дуусаагүй байгаа гэсэн шалтгааныг дурджээ.
Үлдсэн 23.1 хувь нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодолцож оршин суугаа улсынхаа иргэн болно гэсэн байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 60 орчим мянган иргэн Монгол Улсынн иргэний харьяаллаас гарчээ. Тухайлбал, 2016-2020 оны хооронд гэхэд Монгол Улсын харьяатаас 634 хүн гарсан байна.
-Жилийн дотор 10 мянган төрийн албан хаагч гадагшаа гарчээ-
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "ХЭҮК-т 2021 онд иргэдээс нийт 1188 гомдол, мэдээлэл ирүүлснээс 246 нь буюу 20.7 хувь, 2022 онд нийт 925 гомдол, мэдээлэл ирүүлснээс 246 нь буюу 26.5 хувь нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой байна. Ирүүлсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл, төрийн захиргааны албан хаагчийн хувьд ажил олгогч, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь бууруулах буюу ажлаас халах тохиолдол илүүтэй бүртгэгдсэн.
Төрийн тусгай албан хаагчдын хувьд ажлын ачааллаас үүдэн эрүүл мэнд хохирсон, ажлын байрны дарамт хүчирхийлэлд өртсөн, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, халдашгүй байх эрх нь зөрчигдсөн. Харин боловсролын салбарын хувьд хүний нөөцийн дутагдал, орон тоо нөхөгдөхгүй байгаа, ажлын ачаалал байнга хэтэрсэн, нийгмийн баталгаа хангагддаггүй зэрэг асуудал тулгамдаж байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын тухайд 5 албан хаагч тутмын нэгд илүү цаг болон амралтын өдөр, шөнийн цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгогддоггүй.
Төрд ажиллаж байгаа иргэдийн хувьд амьжиргаа дэмжихэд хамгийн чухал гэж үздэг орон сууцны дэмжлэгийн асуудал хангалтгүй байна. Тиймээс өнгөрсөн нэг жилийн дотор 10 мянган төрийн албан хаагч гадагшаа гэрээгээр явсан байна.
Сүүлийн жилүүдэд өөрийн хүсэлтээр албанаасаа гарсан алба хаагчийн тоо эрс өссөн, орон тоо дутагдалтай, ялангуяа алслагдсан газар, орон нутагт ажиллах, эсхүл нарийн мэргэжлийн хүний нөөц бүрэн нөхөгдөж чадахгүй байгаа.
Нөгөөтэйгүүр өндөр татвар , нийгмийн даатгалын шимтгэл төлөөд хариуд нь юу авч байгаа юм бэ гэх асуултыг бизнес эрхлэгчид тавьж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас "Татварын орлого бүрдүүлэх том хэсгийг дэмжье гэвэл нийгмийн даатгалын шимтгэл, татварын шаталсан тогтолцоог сайжруулахгүй бол бүгдэд оноож байгаа нь албан журмын татвар болчихоод байна. Энэ нь жижиг, дунд ААН-үүдэд дарамт болж байна" гэх шаардлагыг хүргүүлсэн байна лээ" гэлээ.
-Гадагш чиглэсэн залуусын урсгалыг хаах хамгийн ухаалаг бодлого бол МОРГЕЙЖИЙН ЗЭЭЛ-
"Отгонтэнгэр" их сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулийн захирал доктор /Ph.D/ Н.Отгонбаяр ажиллах хүчний гадагшаа чиглэсэн урсгалыг сааруулж, дотооддоо барьж үлдэх ганц гарц нь моргейжийн зээл гэдгийг онцлов. Тэрбээр "2022 оны байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 1280, орон нутагт 29 мэргэжлийн 732 багш, өрхийн эмнэлэгт 2000 гаруй эмч дутагдалтай байна. Ихэнх нь гадагш гарсан. 2024 онд 1.3 сая жуулчин хүлээн авна гээд байгаа. Гэтэл аялал жуулчлалын салбарт томилолтоор ажиллах хүн ч олдохгүй байна. Банкинд гэхэд манай оюутнуудыг төгсөөгүй байхад нь үндсэн ажилтны статустайгаар ажиллуулж эхэлж байна. Энэ нь ажиллах хүчгүй болоод аргаа барсны шинж. Эрэлт, нийлүүлэлт дээр үнэ тогтдог. Тэгэхээр цалин бол хөдөлмөрийн зах зээлийн үнэ. Гэтэл залуус хангалттай өндөр цалин авч чадахгүй байгаа учраас гадагш явцгааж байна.
Нэг талдаа байгууллагууд цалингаа нэмэх гэхээр нийгмийн даатгалын шимтгэл дарамт болж байна.
Энэ оноос эхлэн Нийгмийн даатгалын шинэчилсэн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар бүх орлогоос нь НДШ авдаг болсон, мөн гэрээт ажилтны НДШ-ийг хүртэл байгууллагууд төлдөг болсон. Манай сургууль ажил эрхлэлтийн судалгааг тогтмол хийдэг. Судалгаанаас харахад ерөнхийдөө нийт төгсөгчийн 30 орчим хувь нь гадаадад сурах, ажиллах хүсэлтэй болсон. Энэ тоо улам өсөх хандлагатай байгаа. Монголын бизнесийн байгууллагууд алдаж онож явсаар хөгжлийн шатандаа орж буй яг энэ үед ажиллах хүчний цонх үе буюу хүний нөөцийн хомстолтой нүүр тулчихлаа. Ажиллах хүчин олдохгүй байна. Байгаа нь чанаргүй. Гүйцэтгэл маш муу. Чадварлаг ажиллах хүчин нь гадаадад амьдарч, тэндээ шингэж байна.
Хөгжлийг хөдөлгөх гол хүч нь хүн. Хөгжлийг хэзээ ч мөнгө, технологи шийдэхгүй. Тиймээс хүн төвтэй бодлого барихгүй бол уул уурхай гэсээр, хүнээ хаячихсан.
Бид гадны улстай адилхан өндөр цалин өгч ажиллах хүчнийг татаж чадахгүй. Тиймээс хүний нөөцөө тогтоон барих, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчнээ татах, оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гадагш чиглэсэн залуусын урсгалыг хаах хамгийн ухаалаг бодлого бол моргейжийн зээл. Залуу гэр бүлд орон сууцыг хүү багатайгаар, хүртээмжтэйгээр олгох. Сургуулиа төгсөөд удаагүй залууст үл хөдлөх хөрөнгө, автомашины зээлийг ажлын байраар нь барьцаалж өгдөг болох хэрэгтэй. Тэгж байж залуучууд тогтож ажиллана. Моргейжийн зээл бол Америкийн хөгжлийн нууц.
Хүнээ тогтоож барихын тулд төрийн цогц бодлого чухал. Дээрээс нь төр хувийн хэвшил их дээд сургуулиуд бодлого тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж оролцох хэрэгтэй. Эрдэмтдийн санаа бодлыг бодлогодоо тусгахгүй болохоор учраа мэдэхгүй төрийн албан хаагчид бодлого тодорхойлно ч гэж юу байх вэ дээ. Судлаачдын судалгааны үр дүнг бодлогодоо тусгах хэрэгтэй. Тэгж байж оновчтой шийдэл гарна" хэмээн ярилаа.
-Одогсодын төрдөө захьсан захиас-
2023 оны Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг тэдгээрийн үр нөлөө судалгаанд “Гадаадад шилжих хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагаврууд үүсдэг учраас үндэсний түвшний бодлого, хөтөлбөрт гадаад шилжих хөдөлгөөний өөрчлөлтөд хариу үзүүлэх, өөрийн орны онцлогт тохирсон бодлогыг тодорхойлох, боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна” гэдгийг онцолжээ.
Тоон мэдээллээс дурдвал, хөдөлмөрийн гэрээ нь дууссан залуучуудын 70 орчим хувь нь эх орондоо эргэж ирдэг бол үлдсэн 30 орчим хувь нь харлаад үлддэг байна. Эргэж ирж байгаа 70 орчим хувь нь дахиад буцаад явдаг гэнэ.
Тэгвэл тэдний төрөөс хүсэх хүсэлт:
Монгол Улсад эргэн очиход гадаадад их дээд сургуульд суралцаж төгссөн иргэдээ төр болон хувийн байгууллагуудад ажилд зуучлах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, амьдрах орчин, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулах, буцаж ирэхэд шаардлагатай зуучлал, хөнгөлөлт, зээлийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хувь нь бизнес эрхлэх боломжуудыг нэмэгдүүлэх болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татварын хөнгөлөлттэй болгож, гаалийн татвар, хураамжийг багасгахыг хүсжээ.
Үүнээс харахад залуучуудад эх орондоо ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэхгүй байгааг харж болохоор. Хэн ч эх орноосоо явах тухай бодохгүй, хэн ч гадны улсад очиж, хөдөлмөр эрхлэх тухай санадаггүй болсон тэр цагт л Монголын нийгэм сайхан болжээ гэж хэн бүхэн бодно.
Тиймээс гадагшаа одогсдыг торгоох бодлого баримтлахгүй бол энэ янзаараа бол Монгол Улс дараагийн Латви, дараагийн Венесуэл болоход гайхах зүйл алга.